Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1384

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019        09         06                                  2019/ШЦТ/1384

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1906 00372 1448 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 1346 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Оюунгэрэлтэй маргалдан улмаар түүний хэвлий болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00372 1448 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 134б тоотод өөрийн гэртээ нөхөр Б.Бтай хүүхдийн витамины асуудлаас болж маргалдсан. Улмаар нөхөр Б.Б муу муухай үгээр хэлж намайг доромжилсон. Миний биеийн хэвлийн тус газар болон зүүн шилбэ орчим 2 удаа өшиглөж, толгойн тус газар болон баруун шанаанд 2, 3 удаа гараараа цохиж, нуруун тус газар сандлаар цохиж намайг зодсон. Намайг зөндөө зодож цохиж зодож байсан. 2018 оны 08 сард гэрээсээ дайжиж яваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирсэн. Ирээд удаагүй байтал намайг зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 8-ны 1023 дугаартай:

Н.Оюунгэрэлийн биед зүүн гуя, шилбэ, хэвлийнд цус хуралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өглөө босоод байж байхад эхнэр Н.Оюунгэрэл ирсэн байхаар нь хаагуур дэмий тэнэж байгаад ирсэн бэ гэж асуусан. Эхнэр Н.Оюунгэрэлийн өмнө нь өөр хүнтэй Хөвсгөлд болсон явдлыг охиноос сонссон байснаа хэлсэн. Тэгтэл уурлаад над руу эд хогшил шидсэн. 30-40 өөд минут хэрэлдсэн. Сүүлдээ эхнэр дайрч давшлаад байхаар нь ажил руугаа явсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг яаж учруулснаа санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75/, хувийн байдлыг тогоосон бусад баримтууд /хх-ийн 55-58, 60-62, 71-74/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Оюунгэрэлийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Н.Оюунгэрэл нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ