| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/06820/И |
| Дугаар | 210/МА2025/01303 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01303
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02790 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
207,110,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-ийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* IV хотхоны 301 загварын амины орон сууцны барилгаас 221 тоотын 80 м.кв талбайтай байрыг захиалан бариулахаар 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдөр гэрээ байгуулсан.
Амины орон сууцны нийт төлбөр нь 308,200,000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 60 хувь буюу 184,920,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн.
Гэрээний 5.1-д зааснаар ******* нь амины орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган надад хүлээлгэн өгөх байсан ч барилгын ажлыг дээрх хугацаанд бүрэн барьж дуусгах нь боломжгүй болсон учраас гэрээний хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Гэвч нэмэлт хугацаанд ажлын үр дүн гараагүй, гэрээний үүргээ хариуцагч ноцтой зөрчсөн.
Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 184,920,000 төгрөг, үндсэн гэрээний 7.4.1-д зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс хойших 120 хоногийн алданги 22,190,400 төгрөг, нийт 207,110,400 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******-иас 184,920,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,190,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,193,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 1,082,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмжид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана гэж тайлбарласан.
Уг зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол гэрээнээс татгалзах, цуцлах хүртэлх хугацааны үүргийг шаардах эрхтэй.
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээнээс татгалзсан өдрийг хүртэлх 120 хоногийн үүргийн гүйцэтгэл 22,190,400 төгрөгийн алдангийг гаргуулах шаардлага гаргасан.
Тиймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар гэрээний дагуу үүссэн бүхий л харилцааг буцааж, гэрээг цаашид гэрээний талууд хэн аль нь гэрээний дагуу үүрэг хүлээхгүй тул гэрээний аль нэг тал нь нөгөө талаасаа гэрээнд заасан алданги гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******-д холбогдуулан амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж төлбөрт шилжүүлсэн 184,920,000 төгрөг, алданги 22,190,400 төгрөг, нийт 207,110,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их цуурайтын аманд баригдах ******* IV хотхоны 221 тоотын 80 м.кв амины орон сууцыг барьж 2023 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, ****** нь 308,200,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний нийт үнийн 60 хувь болох 184,920,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.
Талууд амины орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгож өөрчилсөн боловч энэ хугацаанд хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй.
Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэжээ.
Ажлын үр дүнг хүлээлцэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна.
Иймд хариуцагчийн гаргасан үүргийн зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул анхан шатны шүүх 184,920,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
3.2. Гэрээний 7.4.1-д гүйцэтгэгч тал амины орон сууц барьж дуусгах үндсэн хугацааг зөрчсөн, захиалагчийн зүгээс ямар нэгэн үндсэн үүргийн зөрчилгүй байхад хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үлдсэн үүргээс хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж талууд харилцан тохиролцсон байна.
Хэдийгээр хариуцагчийн үүргийн зөрчлөөс шалтгаалж гэрээнээс татгалзах нөхцөл үүссэн боловч гэрээнээс татгалзах үеийн байдлаар нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний 4.1.1-д зааснаар 246,560,000 төгрөг төлсөн байх ёстой байжээ. Гэрээний 7.4.1-д заасан дээрх урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй.
Иймд алданги 22,190,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй. Энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02790 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ