Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2025/0075      

 

Т.Х-ын гомдолтой, Монголын

Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Ц.Цогт

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь

                                        Х.Батсүрэн        

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШШ2025/0018 дугаар магадлалтай хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Т.Х нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж “... нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчил тус бүрийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлээгүй, гол буруутгаж буй зөрчилтэй холбогдуулан холбогдох баримтуудыг цуглуулаагүй, Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1, 35.1.2, 35.1.3-т заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал ... гомдол гаргагч Ч.А-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ анх байгуулсан хугацаа буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд А.Т-ын хэрэгт сар бүр ямар төлөвлөгөө гарган ажиллаж байсан талаарх баримт, тус хууль зүйн товчоо нь хэдэн өмгөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг болох, дээрх хугацаанд “Ө х п к” ХХК нь нийт хэдэн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байсан талаарх холбогдох баримтуудыг тодруулж, эдгээрт хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй. Гомдол гаргагч Ч.А-ийн “ ... Б.Б өмгөөлөгч цөөхөн хэдэн удаа очихдоо хууль зүйн туслалцаа үзүүлээгүй” гэсэн гомдлын энэ талаарх үндэслэлийг тодруулах ..., мөн ... хавтаст хэргээс өмгөөлөгч Т.Х-ын хэргийн материалтай хэдэн удаа танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлт, гомдол гаргаж байсан эсэхийг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай, ... маргаан бүхий тогтоолын Үндэслэх хэсэгт тусгагдсан зөрчлүүд нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль зөрчилд хамаарч байгаа болох, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдоно ...” гэх зэргээр дүгнэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцааж” шийдвэрлэсэн байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн  үндэслэлээр гомдол  гаргаж  байна.

3.1.Магадлалд: Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/2024/37 дугаар тогтоолын Үндэслэх хэсгийн 2-т “... өмгөөлөгч Т.Х нь “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн өмгөөлөгч Т.Х-оос хүсэлт, гомдол гаргасан эсэхийг тодруулаагүй” гэжээ. Иргэн Ч.А нь өөрийн хүү А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ авахаар өмгөөлөгч Т.Х-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөллийн хөлс 15 сая төгрөг байхаар тохиролцож үйлчилгээний төлбөрийг өмгөөлөгчид шилжүүлсэн байдаг. Гэтэл өмгөөлөгч нь дээрх гэрээний 1.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

3.2.Үйлчлүүлэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12-25 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэгт холбогдсон. Ийм өндөр хорих шийтгэл оногдуулахаар заасан гэмт хэрэгт заавал өмгөөлөгч оролцуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  боловч Т.Х нь үйлчлүүлэгч А.Т-т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд өмгөөллийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй, Маргаан хянан шийдвэрлэх журмын 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан эрх нь нээлттэй байхад үйлчлүүлэгчтэй холбоотой хүсэлт, гомдол  гаргасан бол маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлэх боломжтой байсан, хүсэлт, гомдол нэг ч гаргаагүй талаар маргаан хянан шийдвэрлэх хуралдааны явцад тайлбар өгөхдөө дурдсан.

3.4.Өмгөөлөгч Т.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдож байгаа үйлчлүүлэгч А.Т-тай нэг ч удаа очиж уулзаж хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөөгүй, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд орсноос өөр шүүх хуралдаанд оролцоогүй. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.5, 4.1.6-д заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан ёс зүйн зөрчил гаргасан тул өмгөөлөгч Т.Х-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзсэн.

3.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын алба нь хууль болон журамд заасан эрхээ хэрэгжүүлж хүлээсэн үүргийнхээ дагуу өмгөөлөгчид холбогдуулан гаргасан гомдлын хүрээнд шалгах ажиллагааг явуулж, үндэслэл бүхий тогтоол гаргасан. Нотлох баримтаар тогтоогдсон байхад магадлалаар тогтоогдоогүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4.Гомдол гаргагч Т.Х-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд “хариуцагчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Хэргийн үйл баримтын тухайд:

6.1.Иргэн Ч.А-аас “Өмгөөлөгч Т.Х нь надтай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, миний хүү А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох байсан, гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, А.Т-тай цагдан хорих 461-р ангид очиж нэг ч удаа уулзаагүй, санал хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаагүй, ар гэрт нь болон А.Т-т тайлбар мэдээлэл өгөөгүй, хэл амаар доромжилсон, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан.

6.2.Уг гомдлын дагуу эрх бүхий хянан шалгагчаас өмгөөлөгч Т.Х-т холбогдуулан маргаан үүсгэн хянан шалгаж, улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолоор түүнийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэн, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-т зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

7.Дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн Т.Х-ын гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол гаргагчийн гаргасан гомдол тус бүрд холбогдуулан үндэслэл болгож буй нотлох баримтыг ялгаж салгаж заагаагүй, тэдгээрт өгөх хууль зүйн дүгнэлт, тайлбарыг ялгамжтай байдлаар тайлбарлан тусгаагүй байх тул Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчил тус бүрийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлээгүй, гол буруутгаж буй зөрчилтэй холбогдуулан холбогдох баримтуудыг цуглуулаагүй, Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх журамд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий тогтоолын Үндэслэх хэсэгт тусгагдсан зөрчлүүд нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль зөрчилд хамаарч байгаа болох, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдоно ...” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцаасан.

8.Ийнхүү хэргийг дахин шалгуулахаар буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч зарим нэг дүгнэлтийг тодруулах нь зүйтэй байна. Тухайлбал, өмгөөлөгч Т.Х нь хорих ангид хоригдож байсан өөрийн үйлчлүүлэгч болох яллагдагч А.Т-тай нэг ч удаа очиж уулзаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд холбогдох 3–4 удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй, өмгөөллийн үйл ажиллагааныхаа талаар үйлчлүүлэгчдээ тухай бүр мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнийг дахин нотлох шаардлагагүй. Эл байдлаас үзвэл өмгөөлөгч Т.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”; 14.1.2-т заасан “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах” үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байна.

9.Гэвч, нөгөө талаар өмгөөлөгч Т.Х нь А.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцсон, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан зэргээр үйлчлүүлэгчид тодорхой хэмжээгээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

10.Гэтэл хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч Т.Х-ыг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ огт биелүүлээгүй мэтээр дүгнэж, түүнд хариуцлагын хамгийн хүнд төрөл болох Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-т заасан “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” хариуцлага хүлээлгэсэн нь учир дутагдалтай, зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11.Түүнчлэн тус шүүхийн дүгнэсэнчлэн, Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол гаргагчийн гаргасан гомдол тус бүрд холбогдуулан нотлох баримтыг үнэлэх, цуглуулах, гаргасан гэх зөрчлүүд нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль зөрчилд хамаарч байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

12.Мөн өмгөөлөгч Т.Х-ын хамтран өмгөөлөгч Б.Б-тэй ажил үүргээ хувааж авч, хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэх тайлбартай холбоотой шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, дүгнэх, тухайлбал өмгөөлөгч Б.Б нь нэр бүхий иргэдэд ямар хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн, энэ нь өмгөөлөгч Т.Х болон иргэн Ч.А нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хамаарах эсэх, хэрэв хамаарах бол энэ талаар баримт цуглуулж дүгнэх шаардлагатай.  

13.Иймд “... Өмгөөлөгч Т.Х нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан ёс зүйн зөрчил гаргасан тул түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий, гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх тогтоогдоогүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй тул Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

14.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШШ2025/0018 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ  

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                     М.БАТСУУРЬ

                                                                         Х.БАТСҮРЭН

                                                                           Г.БАНЗРАГЧ