Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1790

 

 МАГАДЛАЛ

 

2016.10.26                                               № -  1790                                       Улаанбаатар хот

 

ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/00457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ нар,

Хариуцагч ХХХХХХХХ-т холбогдох,

 

Ажлаас халагдсаны тэтгэмж 9 466 152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “ХХХХХХХХ-ын төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХХХХХХХ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн мэргэжилтэн ХХХд 3 сарын буюу /539 549х3/ 1 618 641 төгрөг, ХХХд 5 сарын буюу /535 286х5/ 2 676 439 төгрөг, ХХХд 3 сарын буюу /623 286х3/ 1 868 858 төгрөг, ХХХ-т цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохоор тушаал гарсан байсан тул 5 сарын /550 369х5/ 2 751 845 төгрөг, 20 хувийн нэмэгдлийн хамт 3 302 214 төгрөг, нийт 9 466 152 төгрөгийн тэтгэмжийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХХХХХ-т 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 2012 оноос мал аж ахуйн шинжлэх ухаан технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сард ажилдаа орох хүсэлтийг байгууллагын тухайн үеийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн ХХХХ-т өгсөн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ор гэсэн хариу өгсөн. Энэ мэтээр би байгууллагын удирдлага болоод хүний нөөцийн ажилтантай холбогдож байсан.

Ажилдаа орох гээд очтол төвийн зохион байгуулалтад өөрчлөлт орох гэж байгаа тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. Би түр хүлээж байтал сургуульд явах хугацаа болж 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сургуульдаа бүртгүүлэх гээд явсан хойгуур 13-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан тул “өргөдөл бичээд өг гээд нөхөртэй маань холбоо барьж и-мэйл явуул гэж хэлсэн байсан. Үүнийг би хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тэгээд тухайн үеийн дэд дарга ХХХнь байгууллага татан буугдаж байгаа, ажлаас гарсан нь зөв, байгууллагын тамга тэмдэг байх үед нь тэтгэмжээ олж ав гэж шахалт үзүүлсэн.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ТҮ-7-3 шатлалаар цалинжиж байсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмжээ авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд нэг сарын үндсэн цалин 478 582 төгрөгийг 5 сараар үржүүлж, нийт 2 392 910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ХХХХХХХХ-т мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон.

ТҮ-7-2 шатлалаар цалинжиж байсан. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авснаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох эрх маань үүсэх байсан. Гэтэл үүнээс өмнө намайг ажлаас халах тухай тушаал гарчихсан байсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын үндсэн цалин 469 171 төгрөгийг 3 сараар үржүүлж нийт 1 407 513 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ХХХХХХХХ-т ажилд орсон.

Ингээд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын үндсэн цалин 535 286 төгрөгийг 5 сараар үржүүлж нийт 2 676 439 төгрөгийг хариуцагч ХХХХХХХХ-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч ХХХХХХХХ-т 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 535 286 төгрөгийг 3 сараар үржүүлж 1 605 858 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ХХХХХХХХ шүүхэд болон түүний төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХ нь туршилтын хугацаанд ажиллаж байсан учраас тэтгэмж олгох боломжгүй. Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нарын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн учраас мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч ХХХгийн үндсэн цалин буюу ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 407 513 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар ХХХХХХХХ-аас нийт 8 082 711 төгрөгийг гаргуулж, ХХХт 2 392 910 төгрөгийг, ХХХд 2 676 439 төгрөгийг, ХХХд 1 605 858 төгрөгийг тус тус олгож 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХгийн ажлаас халагдсаны тэтгэмж 1 407 513 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч “ХХХХХХХХ-ын зөвшөөрлийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХ мал аж ахуйн шинжлэн ухаан, технологи хариуцсан мэргэжилтэний, ХХХ туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэний, ХХХ газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтэний, ХХХ мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хамтран хариуцагчаас ХХХХХ-ыг чөлөөлсөн болохыг тус тус дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 271 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ХХХХХХХХ-аас 189 121 төгрөгийг гаргуулж, 40 643 төгрөгийг ХХХд, 37 470 төгрөгийг ХХХд, 57 772 төгрөгийг ХХХд, 53 236 төгрөгийг ХХХ нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ХХХХХХХХ-ын төлөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай байгууллагын хувьд  2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс  эхлэн  төсвийн байгууллагаас аж ахуйн тооцоонд шилжиж төсвөөс санхүүжихээ больсон. Өмнөх жилийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар -65.0 саятай гарсан.

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргасан ч тухайн тэтгэмж олгох байгууллагынхаа хөрөнгийн чадварыг харгалзан шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Эдгээр ажилчид төсвийн байгууллагын төрийн албан хаагчид байхдаа ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэтгэмжийг төр хариуцах ёстой. Манай байгууллага эрх залгамжилж авсан байгууллагын хувьд хуулиар нэг cap түүнээс дээш cap тэтгэмж олгоно гэсний дагуу тэтгэмжийг төсвөөс олгосон тохиолдолд бид тэтгэмж олгоход татгалзах зүйлгүй.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор тэтгэмжийг улсын төсвөөс олгоно гэж шийдвэр гаргасан боловч өнөөдрийг хүртэл цалин ашиглалтын зардлаас өөр зардлыг олгоогүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ нар нь ХХХХХХХХ-т холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж 8 082 711 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ТӨААТҮГазар гэх/ болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор орон тоо хасагдаж, ажилтны тоог цөөрүүлсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бүрдсэн тул Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэмж олгох тухай Б/02 дугаар тушаалаар ХХХыг мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи хариуцсан мэргэжилтний, ХХХг туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний, ХХХг газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтний, ХХХг мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэг ажил олгогчид үүснэ. 

 Иймд хуульд заасны дагуу ХХХ, ХХХ нарт 3 сарын, ХХХ, ХХХ нарт 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг  /хх-5/ эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчлөн байгуулагдаж, эрх үүргийг залгамжлан хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар биелүүлэх үүрэгтэй, эрх бүхий этгээдээс хуульд заасан хэмжээгээр тогтоосон тэтгэмжийг ажилтнууд шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ, ХХХ нар нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн  захирлын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэмж олгох тухай Б/02 дугаар тушаалыг хүлээн авснаас хойш тэтгэмж авахыг ТӨААТҮГазраас удаа дараа хүсч, холбогдох ажилтнуудтай уулзаж, улмаар эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Төрийн өмчийн хороо, Сангийн яаманд хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Мөн хуулийн дагуу эрх нь үүссэн ажилтнуудад эрх бүхий этгээдээс хуульд заасан хэмжээнд нийцүүлэн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, хариуцагчийн санхүүгийн эх үүсвэр байхгүй гэх тайлбар нь тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ