Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 122

 

 

Г.Б, Н.О, Ж.Ж

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, Ц.Мөнгөндавалгаа, Д.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, 201405000396 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Л.Золжаргал, шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, В овогт Г-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад заасан “Хүнийг бүлэглэж санаатай алах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад заасан “Хүнийг бүлэглэж санаатай алах” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 09 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Ж-ын Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад заасан “Хүнийг бүлэглэж санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Жийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Г.Б-, Ж.Ж, Н.О- нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар Г.Б-ыг 16 жил, Ж.Жийг 16 жил, Н.О-ыг 15 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Б-, Ж.Ж, Н.О- нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Б- 468, Н.О-, Ж.Ж нар тус бүр 465 хоног цагдан хоригдсоныг тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-аас 950,566 төгрөг, Ж.Жоос 990,566 төгрөг, Н.О-аас 910,566 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.О-т олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Б-, Н.О-, Ж.Ж нарын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... ял эдэлсэн хугацаанд нь ...” гэсэн нэмэлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Г.Б-, Ж.Ж, Н.О-, ялтан Ж.Жийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Р.Уранцэцэг, Д.Дашдорж нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.О- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 15 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байгаад гомдолтой байна. Хэргийн газар дээр хохирогчийг Ж, Б- бид гурав бүлэглэж зодсон асуудал байхгүй. Амарболд, Ж хоёрыг хэргийн газрын үзлэгт авч явахдаа ямар хэрэгт сэжиглэгдэж байгааг хэлээгүй. Би үйлдээгүй хэргийнхээ төлөө ял шийтгүүлж байгаад гомдолтой байна. Иймд энэ хэрэг хэний санаа зорилго, үйлдлээс үүдэлтэйг тогтоож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... хэрэг гарсны маргааш өглөө намайг эрүүлжүүлэхэд байхад цагдаа надад Н нас барсан гэдгийг хэлсэн. Орой нь надаас байцаалт авахаар нь би өөрийнхөө хийсэн хэрэгт шоронд явахаас айгаад хэргийн газар дээр болоогүй зүйлийг болсон мэтээр тайлбар өгч Ж, О- нар руу өөрийнхөө хийсэн хэргийг чихсэн. Ж, О- хоёр намайг талийгаачийг зодоход салгаж байсан болохоос талийгаачийг нас барсан үйлдэлд ямар ч хамаагүй. Миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа, би өөрийгөө энэ хэргээс салгахын төлөө Ж, О- хоёр руу хэргээ чихсэн. Иймд О-, Ж хоёрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... би талийгаачийг алгадахад хойшоо хад мөргөж унасан зүйл болоогүй, бөгсөөрөө хойшоо суусан. Талийгаачийг бүлэглэж зодсон зүйл болоогүй, харин ч би зодуулахгүй гэж салгаж байсан. Талийгаач хэний үйлдэл, оролцооноос болж үхсэн болохыг тогтоож, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Л.Золжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, нотлох баримтыг бүрэн судлаагүй, амь хохирогч Н-ийн амь нас хэний үйлдлийн улмаас хохирсон болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. Хэрэв гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл, Г.Б-ын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсныг харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжийг эдлүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... гэмт хэрэг гарсан байдал, уг хэргийг хэн үйлдсэн зэрэг нь нотлогдоогүй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Г.Б-ын мэдүүлэг анхан шатны шүүх хурлаас хойш эрс өөрчлөгдөж байхад шүүх Б-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж миний үйлчлүүлэгчийг шийтгэсэн. Мөн гэрч А шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй мэдүүлэг өгч, О- талийгаачийг түлхсэн талаар огт яриагүй асуултаар мэдүүлэг зөрж байгаа талаар тодруулахад түлхэх шиг болсон, түлхээгүй ч билүү зэргээр мэдүүлж байхад шүүх бүрэлдэхүүн тодруулж асуулгүй, жил тойрсон хэргийг мартсан байж болно гэх зэргээр асуултын хариуг авалгүй үлдээсэн. Энэ үед миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад мөн л хэргийг шийдсэн. Гэрч Э, Жийн мэдүүлгээр Б- талийгаачтай өс хонзонгийн асуудалтай байсан нь нотлогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүн тус бүрийн оролцоо, хэнийх нь үйлдлээс болж амь насанд аюултай гэмтэл учирсан зэргийг тогтоогоогүй, мөн хэргийн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад эрх зүйн үнэлэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Н.О-ын үйлдлээс талийгаачийн амь нас алдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээтэй, хэргийн оролцогч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Н.О-д холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.Жийн өмгөөлөгч Р.Уранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... шүүх Жийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаант холбоог нарийвчлан тогтоогдоогүй байхад эцэслэн шийдвэрлэсэн. Ж Н-г зодох биш харин ч салгах гэсэн үйлдэл хийж байсан, Ж Н-г цохисон гэх тэр цаг хугацаанаас хойш эдгээр хүмүүс дахин архи уусан, цаашид үйл ажиллагаа хэвийн болж Ж, хохирогч нарын үйлдэл төгссөний дараа Г.Б-, О.Н нар архи уух, дахин маргалдах, зодоон хийх зэргээр үйл хөдлөл хийж байсан. Энэ үед талийгаачийн биед ямар нэгэн зовиур болон цохиулснаас болж ухаан алдах зэрэг амь насанд аюултай шинж байдал гараагүй байна. Нөгөө талаар Н нас барсан үйлдэлд Б-, Ж нар нь санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн шинж байхгүй, энэ талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх тухайн хэрэгт хүн тус бүрийн үйлдэл, оролцоо, хэний үйлдлээс болж талийгаачийн амь нас хохирох шалтгаан нөхцөл болсон гэдэгт эрх зүйн үнэлэлт өгөөгүй. Жийн үйлдлээс талийгаач амь насаа алдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Иймд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар Жид ял оногдуулсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Б- нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо өөрийнхөө хэргийг бүрэн хүлээж, Ж бусдыг цохиж зодоогүй болохыг тайлбарлаж бичсэн. Тиймээс Жид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Дашдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон тус бүрийн оролцоо, гэмт үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолдоо дурдсан эргэлзээтэй, зөрүүтэй байдал байхгүй. Шүүхээс шүүгдэгч нарын оролцоонд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Г.Б-, Н.О-, Ж.Ж нар нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Н-тай нийлж архи ууж согтуурсан үедээ О.Н-г ээлжлэн зодож, хэн алиных нь цохилтын улмаас хохирогч толгойн ар хэсгээр газарт савж унасан, Г.Б-, Ж.Ж нарын цохилтын дараа хохирогчийн хамарнаас, Н.О-ын цохилтын дараа хохирогчийн толгойноос цус гарч, хохирогч ийнхүү цохиулж, унасны улмаас “... тархины битүү гэмтэл, тархины баруун дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун тал бөмбөлгийн эд дэх цус хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт” бүхий гавал тархины битүү гэмтэл авч, амь хохирсон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

 

Хүнийг санаатай алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

 

Хохирогчийг үхэлд хүргэсэн их тархины битүү гэмтэл нь шүүгдэгч Г.Б-ын нүүр, толгой руу нь цохиж, толгойн ар хэсгээр нь хад мөргүүлсэн, Ж.Жийн нүүр рүү нь цохиж, хад руу толгойн ар хэсгээр нь унагаасан, Н.О-ын хойш нь түлхэж толгойгоор нь чулуу мөргүүлсэн үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд эхлээд Г.Б-, түүний дараа Ж.Ж, дараа нь Н.О- гэсэн дарааллаар хохирогчид үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан үйл баримт гэрч Д.Амарболд, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн 70, 862 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн амь хохирогчийн тархинд учирсан битүү гэмтэл гадна талаасаа хэдэн удаагийн хүчний үйлчлэлтэй байгаа талаар шинжээчид тодорхой мэдүүлээгүй боловч “цогцост хийсэн гадна үзлэг”-ээр “толгойн баруун дагз хэсэгт 1х1 см босоо ирмэг тэгш бус шархтай, тэмтрэхэд бамбалзана, толгойн зүүн ар хэсэгт мөн ирмэг тэгш бус шархтай, тэмтрэхэд бамбалзана" гэснээс үзэхэд тархины битүү гэмтэл нэг бус хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн, иймээс ч амь хохирогч гэмтэл авсан даруйдаа шууд нас бараагүй, тодорхой хэмжээгээр үйл хөдлөл хийж байжээ.

 

Г.Б-, Ж.Ж, Н.О- нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч хохирогчийг зодож, амь насанд аюултай гэмтэл учруулахад үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсний улмаас хохирогч амь насаа алдсан хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ. 

 

Шүүх Г.Б-, Н.О-, Ж.Ж нарыг бүлэглэж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад зааснаар Г.Б-д 16 жил, Ж.Жид 16 жил, Н.О-д 15 жил 1 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруу болон хэрэгт оролцсон оролцоо, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

 

Г.Б-, Н.О-, Ж.Ж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын болон өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Л.Золжаргал, Р.Уранцэцэг нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын болон өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Л.Золжаргал, Р.Уранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ