| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/00066/И |
| Дугаар | 210/МА2025/01302 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01302
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******
Хариуцагч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******
2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын ******* гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******-ийн санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр, бичиг цаас үйл ажиллагааг нь хариуцаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 03 дугаар cap хүртэл ажилласан.
Гэтэл 2024 оны зун Япон улсад амьдардаг охиныхоо урилгаар очихоор хил гарах гэтэл хилийн хориг тавигдсан талаар мэдсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж уулзтал тухайн үед ажиллаж байсан ****** нь 2015 оноос 2016 оны хооронд шүүхээр орж бусдад төлөх өр төлбөртэй байгааг мэдсэн.
Энэ талаар тухайн үед шүүхээс болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад огт мэдэгдэж байгаагүй. Хэрвээ хилийн хориг тавьсан мэдээллийг надад өгсөн бол би Япон улс руу явахаар виз мэдүүлж, онгоцны тасалбар захиалахгүй байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрээ хуульд заасны дагуу мэдэгдээгүй, шалгах ажиллагаа огт хийгээгүй байж шууд хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байгаа ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5717 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ******* гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Төлбөр төлөгч*******-нд холбогдох 5 гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газраас явуулж байна.
Дээрх гүйцэтгэх баримт бичгүүдийн шаардлагыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш биелүүлээгүй байгаа тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******, гүйцэтгэх захирал ****** нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, албадлагын арга хэмжээ тогтоосон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн компанийн өр төлбөртэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар надад мэдэгдэж байгаагүй. Мөн гадаад зорчих эрх хязгаарлах талаар надад хариуцагчийн зүгээс мэдэгдээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд хүрэлцэн ирээгүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******т холбогдуулан төлбөр төлөгч хуулийн этгээдэд ажиллахаа больсон үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын ******* гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ****** нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №102/ШШ2015/06187 дугаар шийдвэрээр 26,154,724 төгрөг,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №102/ШЗ2016/27935 дугаар захирамжаар 8,167,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №102/ШЗ2016/27344 дугаар захирамжаар 8,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №102/ШЗ2017/00785 дугаар захирамжаар 8,000,000 төгрөг,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №184/ШШ2020/01737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1663 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00810 дугаар тогтоолоор 106,172,000 төгрөг тус тус төлбөр төлөгч ******-иас гаргуулж холбогдох төлбөр авагч нарт олгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй.
3.1. Ийнхүү 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч ******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******, гүйцэтгэх захирал ****** нарт оршин суугаа хаягаар нь хүргүүлж, холбогдох тэмдэглэлийг үйлдсэн.
Энэ мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй болохоо нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.
3.2. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн саналыг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5717 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******, гүйцэтгэх захирал ****** нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан.
4.1. Төлбөр төлөгч ****** нь 5 гүйцэтгэх хуудасны 156,493,724 төгрөгийн төлбөрийг 5 жилийн хугацаанд сайн дураар биелүүлэлгүй төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасан байна.
Мөн гадаад зорчих эрх түдгэлзүүлсний дараа төлбөр төлөгч тал төлбөр төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гадаад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг авсан, харин гадаад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсныг хожим мэдэж зохих журмын дагуу гомдлыг гаргасан байна.
Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсан даруй төлбөр төлөгч талд мэдэгдээгүй нь уг арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
4.3. Иймд хариуцагч нь хуульд заасан үндэслэлийн хүрээнд төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ****** гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4.4. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээдэд ажиллахаа больсон, хэсэг хугацаанд ажилласан гэж байгаа боловч улсын бүртгэлд зохих өөрчлөлт ороогүй, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэх талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын ******* гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ