Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1386

 


 

 

 

 

 

 

  2019        09          06                                   2019/ШЦТ/1386  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жад холбогдох эрүүгийн 1906 03649 1731 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамтаар Баян-Өлгий аймгийн 9 дүгээр баг Хөх хад 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан 200 цаг албадан ажил хийлгэх ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ял тэнсэн суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил 10 сар 13 хоногийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар захирамжаар 1 жил 3 сар 13 хоног хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг өршөөн суллагдсан, С.Ж 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-н 5-20 тоотод иргэн Т.Цэцэгмаад ахтай чинь уулзая энд хүлээж байя гэж хэлээд гэрийн үүдэнд байх угаалгын машин дээр тавьсан байсан Самсунг Глакси А-50 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                              

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч С.Ж нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... урьд нь 8-9 хоногийн өмнө манай ахыг асууж ирж байсан. Орой 18 цагийн орчимд би танай ахтай 19 цаг гээд уулзахаар болсон гээд ороод ирсэн. Ах байхгүй байна гэхэд за би доор хүлээж байя гээд гадаа үүдэнд сууж байгаад ахынх нь ам цангаад ундаа уух гэсэн юм аяга өгөөч гэж орж ирэхдээ үүдэнд угаалгын машин дээр тавьсан байсан гар утас аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх 5-6 тал/,

 

Гэрч Т.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

Өглөө танил найз С.Жтай хамт ирж дүүгийн хашааг янзалж өгөөд 12 цагийн үед бид хоёр хамт гарсан. Тэгээд орой 19 цагт дүүгийн хашаанд дахиад хүрээд ир юм ачъя гэж тохироод салж явцгаасан. Би дүүгийн утас авсаныг орой 18 цаг 58 минутын үед дүүг утасдаж хэлэхээр нь мэдсэн. Малын хулгайн хэргээр шоронд орж байсныг нь мэднэ гэх мэдүүлэг /хх 9 тал/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 тал/,

-мөрдөгчийн магадлагаа /хх 11 тал/,

-гар утасны баталгаат засварын хуудас, гар утас хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх 14-15 тал/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ний 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн № 271 дугаартай:

 2017 оны загвар, 2018 онд худалдан авсан гэх Самсунг Галакси А50 маркийн гар утас нийт 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 17 тал/,

 

Шүүгдэгч С.Жын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаас хороо АОС 5-20 тоотод танил Баянмөнхтэй хамт хашааг нь янзлаж өгсөн юм. Тэгээд Баянмөнх бид хоёр хашааг нь засаж дуусчихаад хамт “Барс” зах руу явсан юм. Тэгээд Баянмөнх намайг орой хүрээд ирээрэй гэсэн ба би зах дээр үлдээд Баянмөнх цаашаа хүргэн ахынхаа гэрт очно гээд явсан. Тэгээд би “Барс” зах дээр ногоо зөөх ажил хийж байгаад орой 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС 5-20 тоотод байрлах Баянмөнхийн хашаанд очсон чинь байшинд нь Баянмөнх байхгүй, эмэгтэй дүү нь байсан юм. Тэгэхээр нь би байшинд нь ороод байж байтал угаалгын машины хажуу талын тавцан дээр цэнхэр өнгөтэй гар утас байхаар нь аваад гараад явчихсан юм. Тэгээд Баянмөнхийн гэрээс гараад Сүхбаатарын талбай дээр очсон ба дээрх гар утсыг зураг авдаг эрэгтэй хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан юм гэх мэдүүлэг /хх 10 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс С.Жын -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжууд /хх 49-74 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-н 5-20 тоотод иргэн Т.Цэцэгмаад ахтай чинь уулзая энд хүлээж байя гэж хэлээд гэрийн үүдэнд байх угаалгын машин дээр тавьсан байсан Самсунг Глакси А-50 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч С.Ж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч С.Жын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон С.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч С.Жад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч С.Жын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Дээрх нөхцөлүүдийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Жын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал цагдан хоригдсон нийт 22 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жын цагдан хоригдсон хорин хоёр хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч нийт эдлэх ялыг жаран дөрвөн цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жад оногдуулсан 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ