Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1385

 

 

 

 

 

 

 

 

   2019       09          06                                   2019/ШЦТ/1385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1806 08130 1579 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман Хуур хотхоны 14-06 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2017 оны 12 сарын 21-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18/335 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, Ж.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Цэнгэлээс Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 1.990.000 төгрөг дансаар шилжүүлсн авч залилсан,

2018 онь 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нарантуяад Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөг авч залилсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Отгонбатаас хүү О.Төгөлдөрийг Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08130 1579 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр нийт 3 хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Жаргалсайхан Ж.Б гэх хүн фейсбүүкээр холбогдоод надад үзэж судлаагүй ямар ямар хичээл дутуу байгааг асууж би дутуу хичээлүүдээ хэлж ярилцсан юм. Тэр хүн миний үзэж судлаагүй хичээлүүдийг хаагаад өгч болно. 2018 оны 06 сарын 15-ны өдөр гэхэд бүх хичээл чинь хаагдаж дуусна гэсэн. Хэд хоногийн дараа уулзахад тэрээр миний таньдаг хүмүүс Боловсролын яаманд ажиллаж байгаа тэр хүмүүс асуудалгүй гаргаад өгчихнө гэж хэлсэн. Ингэхийн тулд 3.800.000 төгрөг хэрэгтэй гэсэн. 2018 оны 01 сарын 04-ний өдөр Сансарын тунелийн тэнд уулзсан. Тэгээд бид 2 хамт сууж байгаад би мобайл банкны үйлчилгээг ашиглан Ж.Б гэх хүний хэлсэн Худалдаа хөгжлийн банкны дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд үлдсэн 2.800.000 төгрөгийг өгч дуусгаад нотариатаар орж гэрээ хийхээр ярьж тохиролцсон. Энэ залуугийн өгсөн дансруу 2.800.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш надтай огт уулзахгүй, утсаар яриад болно бүтнэ гээд яваад байсан. Бүтэхгүй болохоор нь мөнгөө авая гэхэд одоо удахгүй, хичээл тархаас өмнө дипломыг чинь гаргаж өгнө, өнөөдөр, маргааш гээд зугтааж байсан.

Тэгээд Ж.Бд залилуулсан гэдэгээ мэдээд цагдаад өргөдөл өгчихөөд 2019 оны 03 сарын 31-ний өдрөөс 06 сарын 29-ний өдрийн хооронд нийт 1.725.000 төгрөгийг буцаан авсан юм. Одоо үлдэгдэл 2.075.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Нарантуяагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 11-12/,

-Батнасан Мөнхбатын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 21-25/,

-Жаргалсайхан овогтой Ж.Бы "Худалдаа хөгжлийн банк"-ны дансны хуулга /хх-ийн 55-62/,

 

Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

Бат-Эрдэнэ гэдэг хүнээр өөртөө диплом гаргуулах гэтэл тэр хүн надад 4.600.000 төгрөгөөр диплом гаргаж өгнө гэхээр нь би урдчилгаа болгож Бат-Эрдэнэ гэх хүнд бэлэн 1.900.000 орчим төгрөгийг өгсөн юм. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байж байтал Бат-Эрдэнэ нь намайг чи өөр диплом гаргуулах хүмүүс олж өгөөд байвал би чиний дипломыг үнэгүй гаргуулаад өгье гэсэн юм. Тэгээд би Бат-Эрдэний хэлснээр хүн олж өгөхөөр болсон ба Бат-Эрдэнэ өөрөө надад Нарантуяа гэх эмэгтэйгийн утасны дугаарыг өгөөд чи энэ хүнтэй уулзаад аль сургуульд сурч байсан, хичээл завсардсан эсэх, голч оноо хэд хүрч байгааг нь асуугаад ир гэсэн юм. Тэгээд би өөрийн 99178164 дугаарын утаснаас Нарантуяа руу утсаар ярихад Нарантуяа нь уг нь голч оноо нь гайгүй байгаа, 1 жилийн хичээл дутуу байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд 2 хоногийн дараа Нарантуяа намайг уулзаж байгаад ярилцъя гэхээр нь нэг орой Олимп хотхон дээр очиж уулзахад Нарантуяа нь сүүлийн 1 жил хичээлдээ яваагүй гэхээр нь би түүнийг материалаа бэлдчих, диплом гаргуулахад 4 сая төгрөг хэрэг болно шүү гэж хэлсэн. ...  Тэгээд Нарантуяа нь миний 463008494 дугаарын данс руу нийт 3.800.000 төгрөг шилжүүлээд мөнгө өгч авалцсан тухай гараар бичиг хийж авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

2. Хохирогч Т.Цэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

... би эхнэрийнхээ сургуулийн дипломыг авч өгөх санаатай фейсбүүкээс зар хайж байгаад диплом гаргаж өгнө гэсэн зарын дагуу Puje Dima гэсэн хаягтай хүн рүү чатаар холбогдож эхнэрийнхээ диплом авч чадаагүй шалтгааныг хэлээд МУИС-н диплом гаргаж өгөх боломж байгаа эсэхийг асуухад 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд диплом гарсны дараа 1,000,000 төгрөг өгөөд дипломоо аваарай гэсэн юм.

Би өөрөө Дундговь аймагт байдаг учир энэ хүнтэй огт уулзаж чадаагүй ба чатаар 99178164 дугаарын утсыг авч уг утсаар ярьж байгаад дансны дугаарыг нь авч 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотод ирээд 13-р хорооллын тэнд явж байхдаа Голомт банкаар орж Жаргалсайхан овогтой Ж.Б гэх хүний нэр дээр байх Худалдаа хөгжлийн банкны 463008494 тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед би бэлэн мөнгөөр банк хоорондын гүйлгээ хийсэн учир 1,000,000 төгрөгнөөс дээш хэмжээгээр мөнгө шилжүүлж болохгүй гээд байсан юм. Ингээд 995.000 төгрөгөөр 2 удаа нийт 1,990,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд тэр залуу утсаар ярихдаа 2 сарын дараа гэхэд диплом гаргаж өгнө гэж хэлсэн ба дандаа чатаар харилцаж байсан. Холбоо барих болгондоо одоо диплом гарах арай болоогүй байна гарахаар нь хэлнэ энэ тэр гээд л яваад байсан юм. Тэгээд би сүүлдээ 2018 оны 01 сараас эхлээд уг залууд өгсөн мөнгөө буцаан нэхэхэд диплом чинь удахгүй гарах гэж байна гээд л худлаа яриад мөнгө өгөхгүй зугатаагаад байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.Цэнгэлийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 86-87/,

 

Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

... Тэгээд Бат-Эрдэнэ нь надад Цэнгэл гэх залуугийн утасны дугаарыг өгөөд чи өөрөө энэ хүнтэй уулзаад аль сургуульд сурч байсан, хичээл завсардсан эсхийг нь асуугаад ир гэсэн. Тэгээд би өөрийн 99178164 дугаарын утаснаас Цэнгэл рүү утсаар ярихад Цэнгэл нь өөрийн эхнэртээ диплом гаргуулж авна гэж ярьж байсан юм. Тэгээд байж байтал нэг орой Цэнгэл өөрөө над руу утсаар яриад диплом гаргуулах мөнгө өгье гэсэн юм. Тэгэхээр нь би гэрээ хийх ёстой гэж хэлэхэд Цэнгэл нь хөдөө явах гэж байна, гэрээ хийх боломж алга, би 24 цагийн банкаар ороод мөнгө шилжүүлъя гээд 2017 оны 07 сард миний 463008494 тоот данс руу 1.990.000 төгрөг шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,

 

3. Хохирогч П.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн:

...Манай хүү О.Төгөлдөр нь ШУТИС-н Бизнесийн Удирдлагын ангид 2017 оноос эхлэн суралцаж байгаад 2018 оны 01 дүгээр сард Монгол улсын их сургуульд шилжин суралцахаар болсон. Тэгээд манай хүү Төгөлдөр багын найз О.Билгүүний ах болох Амингийн найз Жаргалсайхан овогтой Ж.Б гэх хүнтэй Монгол улсын их сургуульд оруулж өгөх талаар ярилцаж тохиролцсон байсан. Тэр хүн нь манай хүү Төгөлдөрт хэлэхдээ Монгол Улсын их сургуульд оруулж өгч болно бага зэрэг мөнгө шаардлагатай гэж хэлсэн байсан. Тухайн хүнтэй манай эхнэр бид 2 уулзаж байгаагүй манай хүүтэй фейсбүүкээр харьцаж байгаад сургуульд оруулахад 2,500,000 төгрөг хэрэгтэй болно гэж хэлсэн байсан. Манай эхнэр Отгонтуяа сургуульд оруулж өгөх Ж.Б гэх хүний 99178164 дугаарын утас руу холбогдож ярьсан. Тэгээд утсаар ярьснаас хойш манай эхнэр Отгонтуяа Ж.Б гэх хүнтэй мессежээр харьцаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ж.Бы Худалдаа хөгжлийн банкны 463008494 дугаарын дансанд 2,000,000 төгрөгийг интернет банк ашиглан шилжүүлсэн. Дараа нь Ж.Б утсаар яриад танай хүүхдийг Монгол улсын их сургуулийн бизнесийн удирдлагын ангид оруулчихлаа одоо үлдэгдэл 500,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Отгонтуяа нь 2019 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр Ж.Бы Худалдаа хөгжпийн банкны 463008494 дугаарын 500,000 төгрөгийг мөн интернет банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө бүгдийг нь асуудалгүй шилжүүлчихлээ хичээл ном нь хэзээ орох талаар Ж.Баас асууад бүх зүйл асуудалгүй хичээл сонголт бүх юмыг нь зохицуулсан 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хичээл нь орно гэж хэлсэн. Тэгээд манай хүү Төгөлдөртэй холбогдохдоо Монгол улсын их сургууль дээр очоод Бадамханд гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн байсан. Тэгээд би өөрийн биеэр Монгол улсын их сургуулийн 04 дүгээр байран дээр очиж Бадамханд гэдэг хүнийг асуухад тийм хүн огт олдоогүй. Тэгээд дараа нь би залгахад утсаа авахгүй бас манай хүүтэй ахиж холбогдохоо байж сураг тасарсан. Тэгээд хүүхдийн сургуульд шилжүүлэх асуудал нь худал болж эхнэр бид хоёр Ж.Бы амьдардаг гэрт нь очиж түүний аав ээж хоёртой нь уулзаж учир байдлыг хэлээд мөнгө нэхэж байгаад 2,500,000 төгрөгөө бүгдийг нь гурав хувааж буцаан авсан. Одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,

 

Гэрч Б.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Анх манай хүү Төгөлдөр Ж.Б гэдэг хүн Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Монгол улсын их сургууль руу шилжүүлж өгч чадна гэж байна, би сургуулиа шилжүүлмээр байна гээд өөрийн найз Билгүүн гэх хүүхдийн ах Амин гэх залуугаас Ж.Бы утасны дугаарыг нь авчихсан ирсэн. Тэгээд би Ж.Б руу утсаар ярьж сургууль шилжүүлэх асуудлын талаар ярихад Ж.Б нь өө эгчээ би танай хүүхдийн сургуулийг шилжүүлэхээр болсон шүү дээ танай хүү Төгөлдөр надтай холбоо бариад явж байгаа гэж хэлсэн юм. Ер нь бол манай хүү Төгөлдөр өөрөө Ж.Бтай холбоо бариад уулзаад яваад байсан юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сард над руу Ж.Б утсаар яриад эгчээ хүүхдийн сургуулийг шилжүүлэх гэтэл хэдэн төгрөг хэрэг болоод байна. Та миний данс руу 2,000,000 төгрөг хийчих гээд над руу дансны дугаараа явуулсан юм. Тэгээд би 12 дугаар 20-нд түүний явуулсан 463008494 дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд байж байтал 2019 оны 01 сарын эхээр Ж.Б дахин утсаар ярьж 500,000 төгрөг нэмж өгөх хэрэгтэй байна гэхээр нь би бас л 500,000 төгрөгийг шилжүүлж байсан юм. Тэгээд цагдаад өргөдөл өгчихөөд түүний гэрээр нь нөхөр бид хоёр очиж ээжтэй нь уулзаж байгаад Ж.Бд өгсөн мөнгөө гурав хувааж буцаан авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 117-119/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.Отгонбатаас цагдаагий байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 111-112/,

-Б.Отгонтуяагийн данснаас Ж.Бы дансруу 2.000.000 төгрөг, 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 124-125/,

-хохирогч П.Отгонбатын “Ж.Баас хохиролоо бүрэн авч гомдолгүй, хохиролгүй болсон тул тус хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлт, Ж.Баас Б.Отгонтуяагийн данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, хоорондоо харилцаж байсан мсж-ний зураг  /хх-ийн 128-130, 138-143/,

 

Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

Анх 2018 оны 12 дугаар сард энэ хэргийн хохирогч гэх эмэгтэй гэнэт над руу утсаар яриад чи Ж.Б мөн үү, би танай найз Амингийн дүү Билгүүнээгийн найз Төгөлдөр гэх хүүхдийн ээж нь байна, манай хүү Төгөлдөр нь Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцаж байгаа юм. Одоо МУИС-руу орно гээд хичээлдээ явахгүй байна. Чи Монгол Улсын их сургуулийн диплом гаргаж өгч чадах уу гэсэн юм. Тэгэхээр нь би өө эгчээ наад диплом гаргах асуудлаас чинь болж өөрөө асуудалд орчихсон байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр хүн өө эгч нь диплом гаргуулах гэсэнгүй, манай хүүхдийн сургуулийг шилжүүлээд өгөөч гэхээр нь би чадахгүй байх гэдгээ хэлээд утсаа тасалсан юм. Гэтэл манай найз Амин түүний дүү сургууль шилжүүлээд өг энэ тэр гээд байхаар нь би Төгөлдөрийг сургууль шилжих журмаар нь л шилжээд ор гэж хэлсэн. Тэгээд би ШУТИС-с МУИС руу шилжин орох боломж байдаг эсхийг судлаж үзэхэд хичээлээ дүйцүүлээд шилжиж болдог гэж сонсогдсон юм. Төгөлдөрийн ээж нь дахиад над руу утсаар яриад манай хүүхдийг шилжүүлээд өгөөч гэж гуйгаад салахгүй байхаар нь би судалж үзээд хичээл дүйцүүлж орж болох байх гэхдээ танай хүүхэд ШУТИС-д үзсэн хичээл нь дутуу юм байна, бараг шууд 1-р курсаас нь ордог журмаар нь оруулсан дээр байх гэдгийг нь хэлсэн. Тэгээд байж байтал манай найз Амин нь сургууль шилжүүлэхэд 2.500.000 төгрөгний төлбөр гарна гээд хэлчихсэн байсан юм. Гэтэл нэг өдөр Төгөлдөрийн ээж нь над руу утсаар яриад эгч нь чиний данс руу 2.000.000 төгрөг хийчихлээ, чи манай хүүг сургууль шилжүүлээд өгөөрэй гэсэн. Тэгээд л би тэр Төгөлдөр гэх хүүхдийг МУИС-д оруулж өгөх гээд Төгөлдөрийн дүнгийн хуулбар энэ тэрийг нь авч үзэхэд сургууль шилжих боломжгүй байгаад байсан. Тэгээд сунжирч явсаар байгаад сүүлд манай найз Амин намайг чи нөгөө хүн рүүгээ яриад 500.000 төгрөг авчих гэхээр нь би дахин Төгөлдөрийн ээж рүү нь утсаар яриад 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд 500.000 төгрөг аваад уг мөнгөөр би өөрийнхөө кровн машиныг ББСБ-д барьцаалсан байсан барьцааны хүү мөнгийг төлчихсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 154/, шүүгдэгч Ж.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-135/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Ж.Бы хохирогч нарын эд хөрөнгийг хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Ж.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч нарыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Бд ял оногдуулахад тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэр бүхий 3 хохирогч нь хохирогчоос П.Отгонбатын хохирол бүрэн барагдсан нь түүний мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч Д.Нарантуяад учирсан 2.075.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Цэнгэлд учирсан 1.990.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Ж.Б төлж барагдуулаагүй болох нь хохирогч нарын мэдүүлэг, тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохиролыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайжийн овогт Жаргалсайханы Ж.Бг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 1990.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Цэнгэлд, 2.075.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нарантуяад тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ