| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/06758/И |
| Дугаар | 210/МА2025/01304 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01304
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч, Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04101 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан хүү тооцохгүйгээр 26 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, мөнгө хүлээн авсан актыг үйлдсэн.
Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийхгүй, удаа дараа утсаар залгасан боловч утсаа авахгүй, санаатай зайлсхийж гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч 20 сая төгрөгийг бэлнээр авч мөнгө хүлээн авсан актыг хариуцагч бичгээр үйлдсэн гэх боловч кассын зарлагын ордер гэсэн баримтад нягтлан бодогч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь зээлдүүлсэн гэх мөнгө нь иргэний мөнгөн хөрөнгө бус байгууллагын мөнгөн хөрөнгө болох нь нотлогдож байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь иргэн ******* бус хуулийн этгээд байхаар байна.
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн зээлийн гэрээний агуулга, зарчимд огт нийцээгүй, уг гэрээг гэрчилсэн гэх нотариатын үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн зээлийн гэрээний ерөнхий агуулга, зарчим бол мөнгө буюу эд хөрөнгө зээлдүүлэгчийн өмчлөлөөс зээлдэгчийн өмчлөлд шилжсэн байхыг шаарддаг бөгөөд дээрх харилцаанд зээлдэгч ******* өмчлөлд хэдий хугацаанд 20,000,000 төгрөг хэрхэн шилжсэн нь тодорхой бус, тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгийг зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлсэн гэх нөхцөл байдал хуульд огт нийцээгүй.
Өмчлөлд нь шилжүүлээгүй, мөн тооцоо нийлсэн хэлцлийн мөнгө юм уу, эсвэл зээлийн мөнгө эсэх тодорхой бус 20,000,000 төгрөгөөс алданги нэхэмжлэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч 20 сая төгрөгийг бэлнээр авч мөнгө хүлээн авсан актыг хариуцагч бичгээр үйлдсэн гэх боловч үйлдсэн гэх баримтаас харахад кассын зарлагын ордер" гэсэн баримтад нягтлан бодогч гэж гарын үсэг зурсан нь зээлдүүлсэн гэх мөнгө нь иргэний мөнгөн хөрөнгө бус байгууллагын мөнгөн хөрөнгө болох нь нотлогдож байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь иргэн ******* бус гэж үзэхээр байна.
Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн баримтаар 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ тооцоо нийлж 20,000,000 төгрөгийн өртэй гарсан гэх зэрэг нөхцөл байдал зохигчдын хооронд шууд мөнгө төгрөг өгч авалцах хүсэл зориг байгаагүй, өмнө ямар нэгэн харилцаатай байсан, түүнээс үүдэн төлбөр тооцооны асуудал байгаа болохыг нотолж байна.
Тооцооны үлдэгдлийн баталгаа нь хариуцагчийг өмнө нь өртэй байсан мэтээр, кассын зарлагын ордер нь хариуцагчид 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгох зээлтэй мэтээр харуулах ба энэхүү баримтууд нь байгуулсан гэх зээлийн гэрээний хугацаатай нийцэхгүй, мөн нотариатчийн гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан мөнгө төгрөг өгч авалцсан гэдгийг мэдэхгүй гэх нөхцөл байдлыг нотолж байна.
Хариуцагч нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө хүлээн аваагүй зөвхөн мөнгө авчирч нотариатын өрөөнд үзүүлээд уг мөнгийг буцаагаад нэхэмжлэгч өөрөө авсан, 20 хоног өнгөрсний дараа мөнгө гэж нэхээд вайбераар байнга залгаж, бичиж, өдөр бүр шахаж шаардаж ажил хийлгэхгүй байсан тул аргагүйн эрхэнд өгнө гэж бичсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлэл нотлогдоогүй, тооцоо нийлсэн хэлцлийн төлбөр, эсхүл өгсөн зээлээ шаардаж буй эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөгийг 26 хоногийн хугацаатай шилжүүлж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх кассын зарлагын ордер, тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгө хүлээн авсан актад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эдгээр баримтаар мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдож байх ба харин хуулийн этгээдээс зээл олгосон, зохигчийн хооронд өөр үүргийн харилцаа урьд байсан гэх агуулга дурдагдаагүй.
Хариуцагч нь гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлэл нотлогдоогүй, тооцоо нийлсэн хэлцлийн төлбөр, эсхүл өгсөн зээлээ шаардаж буй эсэх нь тодорхойгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, эсрэг талын баримтыг үгүйсгэж чадаагүй болно.
Мөн гэрчээр өгсөн нотариатч Ж.Сүнжидмаагийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзалд дурдагдсан үйл баримт тогтоогдоогүй.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.
Гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн шаардлагыг хангажээ.
3.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас төлөгдөөгүй зээл 20,000,000 төгрөг, гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алданги 10,00,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ