| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/01281/И |
| Дугаар | 210/МА2025/01305 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01305
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03790 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь намайг ******-д төлөвлөлт, зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байх үед ажлын байрны санал тавьж, ажилд орохыг урьсан.
2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-ийн Маркетинг, борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилд авсан тушаалыг танилцуулаагүй.
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиргаа, хүний нөөцийн хэлтсийн менежерийн үүргийг давхар хавсран гүйцэтгүүлэхдээ мөн хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй.
Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/21 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд дээрх огноотой тушаалын эх хувийг өгөөгүй.
******* нь надтай хугацаатай гэрээ байгуулаагүй, анхнаасаа туршилтын хугацаатай нөхцөлөөр ажилд авч буй талаар мэдэгдээгүй. Нөгөө талаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлын үүргийг орлон ажиллаж байсан ******* намайг 2 ажилтанд арга хэмжээ авах ёстой байсан аваагүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй гэх үндэслэлээр ажлаас халж байгаа талаар мэдэгдсэн.
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш намайг ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, тушаал шаардсан боловч тушаал гаргаж өгөхгүй байсаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл ирж авах талаар над руу ярьсан. Мөн анх мэдэгдсэнээс өөр нөхцөлөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******-ийн зүгээс нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй. Маркетинг борлуулалтын газрын захирлаар *******ыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай томилон ажиллуулсан.
Туршилтын хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болж, ажил олгогчийн зүгээс тус хугацааг цааш үргэлжлүүлэн сунгахгүй болсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. *******од хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдлийг танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан.
Улмаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тушаал гарснаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3-т тус тус заасны дагуу ****** болон ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь туршилтын 3 сарын хугацаа дууссанаар дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бугат овогт ****** ******* *******-ийн маркетинг борлуулалтын газрын захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******-иас нэхэмжлэгч *******ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 139,473,572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******-д даалгаж,
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******-иас улсын тэмдэгтийн хураамжид 855,318 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчид маргаантай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болж байгаа талаар мэдээлээгүй буюу хариуцагчийг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралд оролцуулах боломжоор хангаагүй.
*******, ******* нарын viber чатанд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "удирдлага шийдвэр гаргасан бол татгалзахгүй" гэсэн тайлбар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалснаас үүсэх үр дагаврыг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай байсан ч харгалзаж үзээгүй.
Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авахад өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх буюу анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтын дагуу гагцхүү туршилтын хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдэнэ гэж үзэх учиртай. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан 1 сарын дундаж цалинд 4,981,199 төгрөгийг тооцож олгохоор байна.
Мөн үззхээс *******, *******, ******* нарын гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан. Харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болон туршилтын хугацаагаар ажилд томилсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалыг ажлаас чөлөөлсөн тушаалд нийцүүлж нөхөж гаргасан, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд авсан болон чөлөөлсөн тушаалыг танилцуулаагүй, туршилтын хугацаагаар ажилд аваагүй атлаа үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь туршилтын хугацаанд хангалттай ажиллаагүй, ажлын цаг ашиглалт муу байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч *******ыг *******-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 407 дугаар тушаалаар маркетинг борлуулалтын газрын захирлаар туршилтын 3 сарын хугацаатай томилжээ.
Анхан шатны шүүх энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.1. Ажил олгогчийн зүгээс ажилд авсан тушаалыг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч *******-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 407 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажилд томилсон болох нь,
*******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчийг ажилд томилох тушаалыг гаргасан, мөн нэхэмжлэгчтэй найз нөхдийн холбоотой гэдгээ тайлбарласан, одоо *******-ийн бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж буй гэх гэрч *******,
*******-ийн коммер эрхэлсэн захирал буюу чиг үүргийн хувьд нэхэмжлэгчийн шууд удирдлагаар ажиллаж байсан, одоо хувиараа бизнес эрхэлж буй гэх гэрч *******,
*******-ийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан, одоо Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй гэх гэрч ****** нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч болон *******-ийн гүйцэтгэх захирал ******* нарын хооронд харилцаж байсан вайбер чатын үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажилд авсан болохыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.2. Мөн *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* нь улсын бүртгэлд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн нь түүний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******ыг маркетинг борлуулалтын газрын захирлаар туршилтын 3 сарын хугацаатай томилсон үйл баримтыг үгүйсгэхгүй.
Учир нь компанийн дотоод үйл ажиллагааны хүрээнд тушаал гарахад гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь тушаалыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй, түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал гарахаас өмнө ******* нь ажилд орох талаар *******тай харилцаж байсан болох нь тэдгээрийн харилцсан вайбер чатын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /1хх159-162/
Өөрөөр хэлбэл, ******* нь компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа нэхэмжлэгчийг ажилд авах тушаал гаргасан нь тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ажилд авах тухай тохиролцоо, харилцаа өмнө нь хийгдсэн нь баримтаар нотлогдсон.
3.3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэн Маркетинг, борлуулалтын газрын захирал *******ын 3 сарын туршилтын хугацааг цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Мөн ажил олгогч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар ажилд томилжээ.
Хэдийгээр ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч энэ нь ажилтныг туршилтаар ажиллуулж байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй.
4.1. Ажил олгогч нь ажилтныг тодорхой үндэслэл заалгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул энэ үеэс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэж тооцно.
Энэхүү ажлаас чөлөөлөх үед ажилтныг ажиллуулах туршилтын хугацаа дуусгавар болоогүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон баримт байхгүй.
Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй болжээ.
4.2. Гэхдээ туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах байсан гэж дүгнэх боломжгүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэдий ч туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтанг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцнэ.
4.3. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар туршилтын хугацаа дуусах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тооцоход нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд авах байсан олговор 4,981,199 төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилтад мөн өөрчлөлт орно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03790 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2, 3 дахь заалтыг нэгтгэж 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******-иас 4,981,199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, үүнд холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******-д даалгаж,
нэхэмжлэлээс үлдэх *******-ийн Маркетинг борлуулалтын газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтад 855,318 гэснийг 94,649 өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,712,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ