| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1341/Э |
| Дугаар | 1390 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1390
2019 09 06 2019/ШЦТ/1390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Хохирогч Э.Баясгалан,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Л.Ад холбогдох эрүүгийн 1906 04677 1800 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Каспиланко баарны гадна иргэн Э.Баясгалантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 04677 1800 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Л.А нь иргэн Э.Баясгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Э.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр найз Баярцэцэгтэй 10 цагт гэрт нь уулзсан. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад шөнө 00 цагт Баярцэцэгийн найз Л.А гэх эмэгтэйг Шангриллагаас очиж авч бид гурав Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх Каспиланко нэртэй бааранд орж тус бүр 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгж байхад баар хаах цаг нь болж 41.000 гаруй мянга төгрөгийн тооцоо гарсан ба надад бэлэн байсан 20.000 төгрөгөөр тооцоо хийгээд үлдсэн мөнгийг нь би машинаас гараад аваад ирнэ гэхэд хамт явсан Л.А нь босож картаа аваад явсан. Тэгээд би гараад машиныхаа хажууд тамхи татаад зогсож байхад Л.А нь ирээд юм яриад зогсож байгаад үсдэж аваад толгой дээрээс дарж газар мөргүүлж, үснээс татаж чирэх үед миний хамар гэмтэж цус гарсан гэх мэдүүлэг /хх 7-8 тал/,
Гэрч Э.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн:
Тэгээд тооцоо хийсэн хоёр эмэгтэй маргалдаад гараад явсан. Тэгээд удалгүй зодоон болж байна гэсэн ба хамгаалагч Мэндсайхан гарч салгаж байсан ба намайг гарах үед авто зогсоол дээр өндөр өсгийтэй гуталтай эмэгтэйн хажууд нь явсан тооцоо хийсэн эмэгтэй нар нэг, нэгнийхээ үснээс зулгаасан байдалтай зогсож байсан. Тухайн үед хоёр эмэгтэйгийн биед үүссэн гэмтлийг би анзаараагүй. Гэхдээ өндөр өсгийтэй гуталтай эмэгтэйн үс нь маш их унаж байсан гэх мэдүүлэг /хх 12 тал/,
Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тухайн өдөр би Л.Атай гар утсаар ярьж байхдаа төмөр замын баяр болж байна, хүй долоо худаг руу найзыгаа эргэнэ гэж ярилцсан. Тэгээд орой нь Баясгалан нь манай гэрт ирсэн. Тэгэхээр нь бид хоёр манайхаас гарч Л.Атай гар утсаар холбоо барих үед шангрилла дээр байна гэхээр нь тухайн газраас очиж авсан. Тэгэхэд Л.Ааас архи үнэртэж байсан. Тэгээд бид гурав найз дээрээ хүй долоо худаг руу явах гэхэд Баясгалан нь явахгүй гээд байсан болхоор бид гурав Кино үйлдвэрийн автобусны хойд талд байдаг баар руу орсон. Бид гурав тухайн газраа орж 9 пиво ууж байхад баарны хаах цаг болсон. Тэгээд бид гурав гарах гэхэд Баясгалан, Л.А нар тооцоо хийх үедээ маргах шиг болсон. Би яг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Тэгээд бид гурав гараад баарны гадна талын зогсоол дээр байж байгаад миний дотор муухай оргиод бөөлжих гээд явсан ба удалгүй ирэхэд Л.А, Э.Баясгалан нар маргалдсан нэгнийгээ үстсэн байдалтай байсан ба Л.А нь Э.Баясгалангийн үснээс нь зулгааж доошоо дарсан байхад би болон баарны хамгаалагч ах нар салгасан. Тэгэхэд Э.Баясгалангийн хамар болон магнай нь шалбарсан цус гарсан байсан. Тэгээд дахин хэрүүл хийгээд нэгнийгээд дахин үстээд байсан болохоор баарны хамгаалагч ах Л.Аыг баар руу оруулаад үлдсэн ба Э.Баясгалан цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9453 дугаартай:
Э.Баясгалангийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт шарх, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 15 тал/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тухайн өдөр эгч Мөнхзаяатай хамт лоунжид сууж байхад өндрөөс хойш Баярцэцэг над руу гар утсаар залгаад уулзая гээд байсан. Орой найз Баярцэцэг над руу залгаж үүдэнд чинь байна, гараад ир гээд байсан. Би тухайн үед эгч Мөнхзаяатай өөр газар сууж байсан. Тэгээд удалгүй Баярцэцэг нь миний байгаа газар ирж намайг авсан ба машин дотор нь Баясаа гэх зүс таних эмэгтэй байсан. Тэгэхэд би найз Баярцэцэгтэй гар утсаар ярихдаа хүй долоо худаг руу найз дээрээ очно гэж ярьж байсан ба хүй долоо худаг руу явах юм байна гэж ойлгоод гарч ирсэн. Тэгэхэд Баясаа нь би хүй долоо худаг явахгүй нэг газар орж сууя гээд бид нар олон газраар явж байгаад Кино үйлдвэрийн Каспиланко гэх бааранд орсон. Бид гурав пиво захиалж уусан. Тэгээд нэг мэдхэд би баарнаас гарсан Баясаатай маргалдаад зогсож байсан. Тэгээд нэг мэдхэд Баясаагийн эгч нар гэх 2-3 эмэгтэй ирсэн байсан гэх мэдүүлэг /хх 11 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, “Лазер Мед” эмнэлэгт үзүүлсэн Компьютерт томографын шинжилгээ, кассын орлогын ордер /хх 35-36 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 тал/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 29 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Л.Аын иргэн Э.Баясгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн нэхэмжлэлээс 1.400.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Л.Ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ааас 100.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Баясгалан /РД: ух87100320/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Баясгалан нь уг гэмт хэргийн улмаас учирсан, шүүх хуралдаанаар хэлэлцээгүй хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Ааас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ