| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/02228/И |
| Дугаар | 210/МА2025/01191 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01191
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03935 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* холбогдох,
орон сууц хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* ******** дүгээр байрны 3 давхрын 13 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах гэсэн 2 шаардлага гаргасан.
Дээрх орон сууцыг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн ******* гэдэг хүн анх *******-аас захиалж төлбөр мөнгөө 100 хувь төлсөн байдаг. Энэ хугацаанд уг байртай холбоотой асуудлууд нь *******ны маргаантай холбоотойгоор битүүмжлэгдээд ямар нэгэн хөдөлгөөн хийгдэх боломжгүй болоод 2023 онд эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* гэдэг хүн нь *******-иас авах орон сууцны гэрээний эрх үүргээ ****** гэдэг хүнд шилжүүлсэн. ****** нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* рүү гэрээний эрх үүргийг шилжүүлээд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг байранд амьдарч байгаа.
Гэрээний эрх үүрэг болон шаардах эрх шилжүүлж авсантай холбоотойгоор *******-аас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг шаарддаг боловч ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сард энэхүү байрыг ******* гэдэг хүн рүү шилжүүлсэн гэдгийг мэдээд *******ыг хамтран хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн хэлээд байгаа энэ байрыг манайх анх 2007 онд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ****** гэх А, В, С гээд 58, ********, 60 дугаар байруудыг барьсан.
В блок, С блок буюу 58, ******** дүгээр байрыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******ны хүсэлтийн дагуу иргэн ******* гэдэг хүн рүү шилжүүлж өгсөн. Манай компани банкинд тодорхой хэмжээний зээлтэй байсан бөгөөд тус зээлийнхээ хүрээнд орон сууцыг шилжүүлж өгсөн.
Энэ байранд захиалга өгсөн 20 оршин суугч байсан. Ихэнх нь төлбөрөө 100 хувь төлсөн, тодорхой хэмжээний хүмүүс нь гүйцэт төлөөгүй тодорхой хувийг төлсөн байсан. Яг тэр хэлбэрээр нь *******ны хүсэлтээр ******* руу шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсний дараа бид ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүй болсон.
Байрны гэрчилгээ, ордерыг ******* гаргаж өгөх боломжтой, манай компани захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
*******ын зүгээс маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг *******наас авсан зээлийн хүрээнд "*******-аас шилжүүлэн авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн.
Миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд *******-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй.
Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ямар байдлаар төлбөрийг хууль ёсны дагуу төлж дуусгасан талаарх баримтаа гаргаж, нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй.
*******наас авсан дээрх орон сууцыг барьж ашиглалтад оруулахтай хамааралтай олгогдсон зээлийн маргаан болох *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.
Иймд нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, ****** ******** байр, 13 тоот 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 741,800 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Маргаан бүхий орон сууцыг иргэн ****** нь 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр *******-тай "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр болох 130,767,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үүнийг ******* нь хүлээн зөвшөөрдөг.
Үүний дараа ****** нь гэрээний шаардах бүх эрхийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******д шилжүүлж, ****** нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******т шилжүүлсэн.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт шаардах эрх шилжүүлэх талаар заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад ******* нь шаардах эрхийг шилжүүлэхийг зөвшөөрөх этгээд биш бөгөөд ******* нь маргаан бүхий орон сууцны хувьд өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг шаардах ******, ****** нарын эрхийг хэрэгжүүлж шаардах эрхтэй.
Шүүх ******* болон *******-ийн хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г шинээр орон сууц худалдан авахаар байгуулсан, зөвхөн "Бэлэглэлийн гэрээ"-г үндэслэн захиалагч нарын хөрөнгөөр баригдсан орон сууцыг тэр чигээр нь ******* ямар ч үүрэг хүлээхгүйгээр өмчлөх эрхтэй мэтээр өрөөсгөлөөр дүгнэсэн.
Хариуцагч нар нь захиалагч нараас их хэмжээний мөнгө авч, тухайн орон сууцыг барьж гүйцэтгэсэн атлаа орон сууцыг өгөхөөс зайлсхийж, хуйвалдан бие биерүүгээ буруугаа чихэж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, олон жилийн турш нэхэмжлэгчийг хохироож байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй. Гэхдээ одоо манай компани орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломж байхгүй.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******** дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь ******* орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээний харилцаа үүсгээгүй гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нь хариуцагч нарын хооронд орон сууцны өмчлөх эрх шилжсэнтэй холбогдон үүсэх эрх зүйн үр дагавар, тухайлбал өмчлөх эрхийг дагаж өр шилжих эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн бэлэглэлийн гэрээг үндэслэн маргааны үйл баримтад явцуу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
3. 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр ****** нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны зориулалттай барилгаас 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 130,767,000 төгрөгөөр *******-иас худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний үнийг *******-д төлж барагдуулжээ.
Энэ гэрээний шаардах эрх нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******гээс ******д, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******өөс *******т шилжсэн байх ба одоо уг орон сууц ******* эзэмшил ашиглалтад буй. Мөн ******* нь орон сууцны үнэд 130,767,000 төгрөгийг ******д төлсөн.
3.1. ******* нь ******өөс 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр *******-тай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дээрх орон сууцыг 130,767,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан байна.
Энэ орон сууц байрлаж буй 650.5 м.кв талбай бүхий барилга 20 хувийн гүйцэтгэлтэй байхад өмчлөгчөөр ******* 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн.
Улмаар ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх барилгыг 2,000,000 төгрөгөөр үнэлж иргэн ******* бэлэглэж, ******* нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, дээрх Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /133373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******** тоот хаягт байршилтай, 2,926 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн байна.
3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01********3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1450 дугаар магадлалаар ******* нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоосон.
3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдож байна.
4. 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******гийн *******-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр.
Иймээс энэ гэрээний худалдан авагч талын эрх, үүргийг шилжүүлэн авсан ******* өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг ******* хүлээнэ.
4.1. Харин ******* нь бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууц байрлаж буй барилгыг бүхэлд нь *******ын өмчлөлд шилжүүлсэн. Ингэснээр ******* нь бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч буй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар мөн хамт хүлээн авсанд тооцогдоно.
Өөрөөр хэлбэл, 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц барьж буй барилгыг хүлээн авснаар энэ гэрээний худалдагч талын үүргийг хариуцагч ******* гүйцэтгэх үүргийг хүлээнэ.
Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******** дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.
Харин ******* худалдах, худалдан авах гэрээний зүйлийг бусдад шилжүүлэн өгсөн тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
Мөн нэхэмжлэлийг хангаж байгаа тул тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт орно.
4.2. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор ******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ уг эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгөд маргааны зүйлд хамаарч буй барилга багтаагүй байна.
Мөн ******* дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ******* холбогдох 1,337,248,493 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн үеийн нэршлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байжээ. Гэхдээ уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болон дуусгавар болсон эсэх нь одоо энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдвал зохино.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******** дүгээр байр, 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч *******-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 812,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 812,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******** дүгээр зүйлийн ********.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ