| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00466/И |
| Дугаар | 00408 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00408
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 11 настай, эмэгтэй, бүрэн дундболовсролтой, ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух Уран овогтДашдоржийн Олзоо /РД:ГИ95072502/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Баасанжавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00466/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Олзоо, нарийн бичгийн дарга С.Гоинчигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Олзоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь талийгаач Б.Баасанжавтай 2015 оны 3 дугаар сард танилцаж, 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хамтдаа амьдарсан. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бид хамт амьдарч байсан хугацаанд би жирэмслэсэн бөгөөд бид хоёрын хүү Мөнхтулга 2016 оны 04 дүгээр сарын 15-нд мэндэлсэн. Нөхөр маань 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өвчнөөр нас барсан. Тиймээс намайг Б.Баасанжавтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Олзоо нь Б.Баасанжавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлшүүхэд гаргажээ.
Д.Олзоо нь Б.Баасанжавтай 2015 оны 06 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн ба тэдний дундаас2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Мөнхтулга төрсөн байх бөгөөд Б.Баасанжав нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Оюунбатын өгсөн: Миний хүү Б.Баасанжав нь 2015 оны 06 дугаар сараас эхлэн Д.Олзоотой хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ач хүү Мөнхтулга төрсөн. Хүү маань 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Д.Олзоо нь хүүгийн хамт Булган аймгийн Тэшиг суманд амьдарч байгаа гэх мэдүүлэг, гэрч Г.Энхжаргалын өгсөн: Би талийгаач Б.Баасанжавын аав, ээжтэй нь танилууд бөгөөд тэднийхээр орж, гардаг юм. ...Б.Баасанжав нь 2015 оны эхээр Д.Олзоог гэртээ авчирсан байсан. Түүнээс хойш тэд хамтран амьдарч эхэлсэн юм. Б.Баасанжав нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Түүнийг нас барсны дараа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Мөнхтулга нь төрсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Олзоог Б.Баасанжавтай 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Уран овогт Дашдоржийн Олзоо нь Чонос овогт Батбаярын Баасанжавтай 2015 оны 06 дугаарсараас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ