Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1367

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2019        09          02                                   2019/ШЦТ/1367    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөн овогт Очирын О.Лд холбогдох эрүүгийн 1906 03756 1851 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Л,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да Хүрээ” авто техникийн зах дотор иргэн Э.Хишиг-Очиртой маргалдан улмаар түүний толгойн тус газар нь гараараа 3 удаа, тоосгоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03756 1851 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Э.Хишиг-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би “Да Хүрээ” зах дээр машинаа засуулах гэж очсон юм. Тэгтэл О.Л согтуу тааралдчихаад зүгээр байж байгаад намайг чи ер нь лалрын пизда гэх мэтээр хэл  амаар доромжлоод байхаар нь би барьцалдаж аваад салцгаасан. Тэгтэл О.Л тоосго бариад авахаар нь би тоосгыг нь булааж аваад газарт шидчихээд зугтаасан. Тэгсэн чинь О.Л миний машиныг эвдэнэ гээд байхаар нь хойноос нь очоод бариад автал тоосгоор дух руу нэг удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан юм. Өмнө нь хамт жуулчинд явдаг байсан юм. Лхавга-Эрдэнээс өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед О.Л учруулсан. Надад баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7368 дугаартай:

Э.Хишиг-Очирын биед духанд шарх, зулгаралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, мөрөнд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 17 тал/,

 

Шүүгдэгч О.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би хамт ажилладаг жолооч нартайгаа архи уугаад “Да Хүрээ” захын хажууд таньдаг айлынхаа хашаанд байж байтал Хишиг-Очир орж ирээд тэгээд бид хоёр муудалцсан. Тухайн үед Хишиг-Очирын аав нь надаас болж машинаа онхолдуулсан гэж хүмүүст ярьсан байсныг нь би сонссон байсан юм. Тэр тухай Хишиг-Очирт хэлэхэд уурлаад Хишиг-Очир миний шанаа, хавирга дал руу гараараа цохиж өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад зогсож байтал, Хишиг-Очир намайг зодолдъё гээд байхаар нь хашаанаас гартал Хишиг-Очир намайг газарт унагааж байгаад дээрээс зодоод байсан. Тэгэхээр нь би Хишиг-Очирын машины цонхыг нь хагална гээд газраас тоосго аваад байж байтал Хишиг-Очир миний араас ирээд татахаар нь би тоосгоороо Хишиг-Очирын нүүрэнд нь нэг удаа цохиод буцаад хамт архи уусан жолооч нар дээрээ очоод байж байтал цагдаа ирээд намайг авч явж эрүүлжүүлэхэд хонуулсан. Тухайн өдрөөс хойш би Хишиг-Очиртой тааралдаж бид хоёр хоорондоо учраа олж эвлэрцгээсэн. Тухайн үед миний гар хавирга өвдөөд байсан. Тэгэж байгаад өөрөө зүгээр болчихсон. Энэ хэргийг анх шалгаж байсан байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь би өөрөө үзүүлээгүй юм. Одоо ч үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би Хишиг-Очирын биед учруулсан гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,

 

-Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 28 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 46, 47 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Лнийн иргэн Э.Хишиг-Очирын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Л нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ