Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01050

 

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн

*******-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02598 дугаар шийдвэртэй

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-ны нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

 40,802,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******той жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд 50,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл ******* нь 27,201,500 төгрөгийн жонш нийлүүлээгүй ба 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэлцлээр хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12,201,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Мөн хэлцлийн 2 дугаар зүйлд төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан.

1.3. Гэвч хариуцагч ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 27,201,500 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй тул түүнээс үндсэн үүрэгт 27,201,500 төгрөг, алдангид 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй ******* аймгийн ******* сумын нутагт байх “Шалз 1” нэртэй газраас 92 хувийн агууламжтай жоншийг 1 тонныг 700,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Жоншийг жоншны газар дээр зарахаар тохирсон боловч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 44,6 тн жонш, 50,8 тн шороог *******ийн гаалийн талбайд өөрийн биеэр БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-д хүлээлгэж өгсөн. Жонш 31,220,000 төгрөг, шороо 7,620,000 төгрөг, нийт 38,840,000 төгрөгийн жонш нийлүүлсэн.

2.2. Үлдэгдэл 11,160,000 төгрөгийн жоншийг нийлүүлэх үед цар тахлын давагдашгүй хүчин зүйл тохиолдож ажиллах хүч, материал тасарч ажил зогсонги байдалд орсон. Улмаар жонш олборлох эрхийн хугацаа дуусч одоог хүртэл зохих байгууллагын шийдвэрийг хүлээж байна. Энэ хугацаанд худалдан авагч талтай 3 удаа биеэр очиж уулзаж учир байдлаа хэлж байсан. Сүүлийн жил гарангийн хугацаанд ******* нь Өвөр Монгол яваад холбоо барьж чадаагүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос 27,201,500 төгрөг, алданги 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 361,962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан жонш худалдах, худалдан авах гэрээгээр 1 тн жоншийг 700,000 төгрөгөөр, 1 тн шороог 150,000 төгрөгөөр тооцон худалдан авагчид нийлүүлэхээр тохирч 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 44,6 тн жонш, 50,8 тонн шороог нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн юм. Энэ нь тухайн үед гэрээгээр тохирсон дүнгээр 38,440,000 төгрөгийн бараа болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******-ээс авсан 50,000,000 төгрөгөөс 38,440,000 төгрөгийн барааг нийлүүлж 11,160,000 төгрөгийн барааг нэмж нийлүүлэх үүрэгтэй үлдсэн.

4.2. Гэтэл тухайн үеийн цар тахлын хорио цээрийн улмаас ажил явуулах боломжгүй болж үлдэгдэл барааг нийлүүлж амжаагүй. Шүүхэд 38,440,000 төгрөгийн барааг нийлүүлсэн тухай гаалийн талбайд пүүлэгдсэн материалыг гаргаж өгсөн боловч ямар ч үндэслэлгүйгээр “миний нийлүүлсэн барааны бичиг биш байна” хэмээн үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн үед миний бие зөвхөн *******-тэй л худалдах, худалдан авах гэрээг хийж барааг нийлүүлж байсан. Мөн өөрийн биеэр өөрт нь хүлээлгэн өгч, хавсаргах баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал нэхэмжлэгчийн илт худал тайлбарыг үндэслэл болгон 40,802,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Нэхэмжлэгч бараагаа өөрийн биеэр тоо ёсоор хүлээн авсан боловч шүүх хуралд оролцож энэ тухайгаа хэлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн барааг хүлээлгэн өгөхөд байлцаагүй атлаа “манай авсан барааны баримт биш байна” гэж илт худал мэдүүлж шүүх энэ тайлбарыг нь үндэслэл болгон нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь шударга бус байна.

4.4. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн “Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэлцлээр 27,201,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж үзэн шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан бусад баримтуудыг огт үнэлээгүй. Уг хэлцлийг ******* нь цагдаагийн ажилтан авчирч намайг дарамталж бодит үнэнд үл нийцэх баримтад гарын үсгийг хүчээр тулгаж зуруулсан. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэг муутайн дээр дарамтанд орж гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

Энэ хэлцэл хийгдсэнээс үл шалтгаалж 38,440,000 төгрөгийн барааг худалдан авагчид өгсөн нь баримтаар нотлогдож байтал шүүх баримтыг үнэлэлгүйгээс гадна уг баримтыг нэхэмжлэгч ямар баримтаар үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 29,642,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж шийдвэрлэсэн.

Хариуцагч талын гаргаж өгч байгаа баримтыг шүүх үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т яагаад үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, манай үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү, энэ хэргийн улмаас манай үйлчлүүлэгч маш их эдийн засгийн хохирол хүлээгээд олон жил болж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн ******* нь хариуцагч *******т холбогдуулан 40,802,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

           

   3.  ******* болон ******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь сард 70 тонноос дээш 92 хувийн агууламжтай жоншийг олборлож нийлүүлэх, БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн ******* нь жонш худалдан авахад зориулж урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

            3.1. *******-ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь тоот данснаас *******ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь тоот данс руу 2021 оны 05 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 20,000,000 төгрөгийг, 10,000,000 төгрөгийг тус тус “жоншны урьдчилгаа төлбөр” гэх утга заан шилжүүлсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ талаар талууд маргаагүй.

 

            4. Хариуцагч ******* нь “2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 44,6 тн буюу 92 хувийн агууламжтай жонш, 50,8 тн шороог *******ийн гаалийн талбайд өөрийн биеэр БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-д хүлээлгэж өгсөн, жоншны үнэ 44,6*700,000=31,220,000 төгрөг, шорооны үнэ 50,8 тн*150,000=7,620,000 төгрөг, нийт 38,840,000 төгрөгийн жонш нийлүүлсэн” гэх тайлбараа нотлохоор “” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн /Улсын дугаар /, /Бохир жин 63,650, 79,650/, /Машины жин 19,050, 28,850/, /үйлчилгээний үнэ 10,0, 20,0/ гэх 2 хүснэгт бүхий баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэнэ.

            Учир нь тухайн баримтуудаас “” ХХК нь гаалийн талбайд жонш хүлээж авах эрх бүхий этгээд мөн эсэх, гэх дугаартай автомашинаар ачигдсан гэх зүйл хариуцагчийнх мөн эсэх, машинд ачигдсан байсан зүйл тодорхойгүй /жонш гэж бичигдээгүй/, пүүлэгч гэж гарын үсэг зурсан этгээдийн нэр тодорхойгүй байгаагаас үйл баримтыг тогтоох боломжгүй байна.   

Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ийн гэрээний үүрэгт нийлүүлсэн жоншийг пүүлсэн гэх тайлбараа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6-д “гэрээний хугацаа нэг жил байна. Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон сунгаж байхаар тохиролцов” гэж тохиролцсон байх боловч талууд гэрээг сунгаагүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэртэй хэлцэл байгуулж, уг хэлцлээр БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-д жонш худалдах, худалдан авах №01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл жоншны төлбөр 27,201,500 төгрөгийг Монгол улсын иргэн ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 12,201,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ.

5.1. Иймд талууд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 27,201,500 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр тохиролцсон боловч тэрээр уг мөнгөн хөрөнгийг хэлцэлд заасан хугацаанд төлөөгүй байна. Анхан шатны шүүх талууд гэрээг цуцалж, үр дагаврыг арилгахаар тохиролцсон бөгөөд тохиролцсон мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардах эхэмжлэгчийн шаардах эрхийг дүгнээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулав. 

 

6. Талуудын хооронд байгуулсан хэлцлийн 2-т “хэлцлийн 1-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж алдангийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Иймд хариуцагч *******оос гэрээний үлдэгдэл төлбөр 27,201,500 төгрөг, алдангид 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн *******-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

           

            8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02598 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “243 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэсэн заалт нэмж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,162 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧИД                                        Т.БАДРАХ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА