| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01737/И |
| Дугаар | 210/МА2025/01076 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01076
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03185 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ОНӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******а, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ОНӨААТҮГ-тай 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж автобааз,******* даргаар томилогдсон. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас шалтгаангүй халагдсан ч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобааз, засвар үйлчилгээний даргын албан тушаалд эгүүлэн томилсон.
1.2. Ажлаа хэвийн хийж байтал захирал ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр албан тушаал өөрчилсөн тушаал гаргасан.
1.3. Тухайн газарт ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандан урьдчилан шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаас уг маргааныг шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байна.
2.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд шүүх шууд харьяалан хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг заасан ба 158.2 дахь хэсэгт урьдчилан шийдвэрлүүлэх журамтай боловч ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл ажилтан шүүхэд хандаж шийдвэрлүүлэх онцгой тохиолдлыг зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг урьд нь эрхэлж байсан *******,******* даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 76,250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд цалин хөлсний зөрүү гараагүй байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж зохицуулсан.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэж “цалингийн зөрүү гараагүй” гэх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэлийг хэрхэн дүгнэсэн талаар шийдвэртээ тусгаагүй байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан бөгөөд 2.3.6-д ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор гэжээ. Энэхүү журмын дагуу тооцоолоход:
2024 оны 11 дүгээр сард ажлын 21 хоног, сарын цалин 3,748,050 төгрөг, 2024 оны 12 дугаар сард ажлын 22 хоног, сарын цалин 4,789,090 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, сарын цалин 3,472,436 төгрөг, нийт ажлын 65 хоног, 12,009,576 төгрөг байх ба *******,******* даргын ажлын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /12,009,576 төгрөг:3 сар/ = 4,003,192 төгрөг, 2025 оны 02 дугаар сард ажлын 20 хоног, сарын цалин 2,591,406 төгрөг, 2025 оны 03 дугаар сард ажлын 21 хоног, сарын цалин 2,699,078 төгрөг, нийт ажлын 41 хоног, 5,290,484 төгрөг байх ба Хог тээвэрлэлт хариуцсан ажилтны ажлын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /5,290,484 төгрөг:2 cap/ = 2,645,242 төгрөг байна.
Тус журмын 2.6-д зааснаар ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.
Үүнээс үзэхэд 1 сарын дундаж цалин хөлсний зөрүү 1,357,950 төгрөг болох ба 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилласан хоног 57 хоног байх ба 1 сарын цалин болох 2,645,242 +21 /ажлын дундаж хоног/= 125,963 төгрөг /1 өдрийн цалин/ байна. Өмнөх ажлын сарын дундаж цалин болох 4,003,192 төгрөг+21/ажлын дундаж хоног/ =190,628 төгрөг /1 өдрийн цалин/ болно. Эндээс өмнөх ажлын 1 өдрийн хөлс 190,628 төгрөг-125,963 /одоогийн ажил/-64,665 төгрөг /1 өдрийн цалингийн зөрүү/ болж байна. Иймээс дээр дурдсан журмын дагуу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацааны 57 хоногийн цалингийн зөрүү 3,685,905 /57*64,665/ төгрөгийн цалингийн зөрүүг гаргуулах хүсэлтэй байна.
4.2. Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана" гэсний дагуу шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа "цалингийн зөрүүг өмнөх ажилд 1 хоногт 62,550 төгрөг, сүүлийн ажилд 2025 оны 02, 03 дугаар сарын цалин 1 хоногт 66,131 төгрөг" болж цалингийн зөрүү гарахгүй байна гэж тайлбарласан боловч тэр талаар шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан нь мөн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" гэж заасныг зөрчжээ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн тухайд 2 хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалинд зөрүү үсээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчмын дагуу ажилтан Хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлүүлэхдээ эхлээд “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо”-оор шийдвэрлэсний дараагаар шүүхэд хандаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх хуульд заасан журамтай. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор маргаан комисс, маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргах, шүүхэд гомдол гаргах хугацаа нь 50 хоног үргэлжлэх процесстой байна. Практик болон хуульд заасан журмын дагуу иргэд энэ журмаар гомдол гаргаж, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлэх шат дамжлагыг дамжиж хэрэг, маргаанаа аль болох эвийн журмаар урьдчилан шийдвэрлүүлэх, ажил олгогчийг буруу, алдаатай шийдвэр гаргасан, эсхүл ажилтан буруу ойлгосон зэргээр алдаа гарсан бол хэргийг эвлэрүүлэх байдлаар бага хугацаанд шийдэж талуудын цаг зав, цалин хөлсний үр дагавар, ажил олгогчийн болон ажилтны ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах, хөдөлмөрийн харилцаанд талуудын эрх, ашиг сонирхлыг эрх, тэгш эдлүүлэх олон эерэг үр дагаврыг авчрах ач холбогдол бүхий хуулийн дэвшилтэт зохицуулалттай билээ.
Ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг шүүхийн өмнөх, шүүхийн шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт нэг ч удаа тайлбарлаж мэтгэлцээгүй байхад шүүх урьдчилсан байдлаар гомдол гаргах журмыг хэрэглэхгүй гэж дүгнэж байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийн өмнө эрх, тэгш байх зарчмыг хангаагүй шийдвэр гаргасан байх бөгөөд эдгээр үндэслэлийг шийдвэрт огт дурдаагүй байдаг болно. Ийнхүү хуулийг ялгаатай тайлбарлаж байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дордуулсан шийдвэр болсон гэж дүгнэж байна.
6.2. Хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2-т эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, эдгээр байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 /арав/ өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэх, маргалдагч тал тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаас харахад өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдолоо эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад эс зөвшөөрвөл шүүхэд хандах шаталсан бүтцээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд шүүх шууд харьяалан хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг заасан ба харин урьдчилан шийдвэрлүүлэх журамтай боловч ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл ажилтан шүүхэд хандаж шийдвэрлүүлэх онцгой тохиолдлыг зохицуулсан байна. "Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй" гэх нөхцөл байдал гэдэгт байгуулагдаагүй, боломжгүй болсон ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил, саад болсон үйл баримт тогтоогдсон хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгохоор байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлуулхай хууль заасан журмы нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй тухай зохицуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч *******а нь шүүхэд нэхэмжлэгч гаргахдаа урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлсэн тухай шийдвэр тэмдэглэл болон урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гарган шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаагаас харахад талууд урьдчилан шийдвэрлэх журмыг ашиглах боломжтой гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч *******а нь өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолоо хөдөлмөрийн эрхийн шийдвэрлүүлээгүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан урьдчилан маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах үндсэн зарчим бол талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэхийн тулд талууд бүхий л хүчин чармайлт гаргах байдаг. Иймээс ч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т өөр ажилд томилсон ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл тухайн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандан урьдчилан шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна. Гэвч нэхэмжлэгч *******а нь хөдөлмөрийн эрхийн маргааныг эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүргээ үл биелүүлэн урьдчилан шийдвэрлэж журмын зөрчсөн байхад анхан шатны шүүх уг марааныг шүүх шууд харьяалан шийдвэрлэх маргаан гэж дүгнэн ажил олгогч талын харилцан тохиролцож зөвшилцөх санал гаргах эрхийг хязгаарлаж, талууд маргаанаа эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгэр зүйлийн 151.2 дахь хэсэгт шүүхэд хамтарч шийдвэрлэх тохиолдлуудыг заасан, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсвэл өөр ажилд шилжүүлэн сэлгэн ажиллуулсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж ажилтан гомдол гаргасан бол шүүхэд шүүхэд хандаж болно” гэх заалтыг баримтлан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарсан. Мөн Улсын Дээд шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон асуудлууд байгаа. Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь урьдчилан шийдвэрлэснээр эвийн журмаар эвлэрүүлэх болон диспоситив зарчмыг илүү баримталдаг. Тэгэхээр а хариуцагч тал маань эвлэрэх арга хэмжээ авах нь шүүхийн аль ч шатанд нээлттэй байсан. Хариуцагч тал эвлэрэх арга хэмжээ авч байгаагүй учраас урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрэх боломжтой байсан гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн бүтцийн асуудлаар болж орон тоо нь байхгүй болсон гэж тайлбарласан. Бүтцийн асуудлаар *******ыг чөлөөлөөгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т талууд харилцан тохиролцсон, 78 дугаар зүйлийн 78.1.8-т “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон” гэж ажлаас чөлөөлсөн. Талууд харилцан тохиролцсон асуудал байхгүй талаар бол анхан шатны шүүх үндэслэл эрх бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр цалингийн зөрөөг нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Нэхэмжлэгч *******а нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ******* ОНӨААТҮГ-д автобааз,******* даргаар ажиллаж байсан, ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/359 дугаар тушаалаар түүнийг автобааз,******* дарга албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс гэрээний мэргэжилтэн албан тушаалд томилжээ.
3.2. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/221 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг гэрээний мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлж, автобааз,******* даргаар эгүүлэн томилсон байх ба 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүнийг автобааз,******* дарга албан тушаалаас чөлөөлж ******* хэлтэст ******* албан тушаалд томилж, тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн В/031 дугаар *******ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар *******ыг тус байгууллагын *******,******* дарга албан тушаалаас чөлөөлж, харилцан тохиролцож мөн өдрөөс , авто баазын хэлтэст албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.8 дахь заалт, Байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.2.8, 5.2.8 дахь хэсэг, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол, хувийн хүсэлтийг тус тус үндэслэсэн гэжээ.
4.1. Хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой бичиг баримтыг ажил олгогч үйлддэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу ажилтан нь гомдолд үндэслэл, нотолгоог заана гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч буюу ажилтнаас гомдолд заасан нотолгоог хариуцагч буюу ажил олгогч гаргаж өгөх учиртай.
Гэтэл ажилтныг өөр ажилд томилсон тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх ажилтныг *******,******* даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч цалингийн зөрүү гараагүй гэж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
5.1. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүнд үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн тушаал гарсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дунджаар тооцон хариуцагч ******* ОНӨААТҮГ-иас 2,286,139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгоно.
5.2. Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход жилийн эцсийн урамшуулал олгосон 2024 оны 12 дугаар сарын цалин хөлсийг оруулан тооцоогүй болно. Ажилтан нь *******,******* даргаар ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сард 3,432,727 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 3,748,050 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 3,492,436 төгрөгийн цалин хөлс авснаар дундаж 1 сарын цалин хөлс 3,551,071 төгрөг болох бөгөөд , авто баазын хэлтэст албан тушаалд ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сард 2,591,406 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 2,699,078 төгрөгийн цалин хөлс авснаар дундаж 1 сарын цалин хөлс 2,645,242 төгрөг болох ба цалингийн зөрүү 905,829 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан 2 сар 11 хоногоор тооцвол 2,286,139 төгрөг болж байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” тохиолдолд ажилтан шүүхэд нэхэмжлэлийг шууд гаргах боломжтой бөгөөд ажилтан нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг мөн уг зохицуулалтад хамааруулан шийдвэрлэнэ. Иймд урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ОНӨААТҮГ-ын урьд эрхэлж байсан *******,******* даргын ажилд тогтоож, хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,286,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгасугай гэж,
2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 51,528 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА