Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1339

 

 

 

 

 

  2019         08         29                                         2019/ШЦТ/1341

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох 1906 03692 1630 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 34 дүгээр гудамжны 557 тоотод оршин суух, Умард Атлантын Цэргийн Эвсэлийн медаль, Нэгдсэн Үндэстний байгууллагын медаль, “Энхийн төлөө” медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Э /РД:............./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна байсан иргэн Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 63-22 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины толийг хугалж, хаалгыг өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болор-Эрдэний өгсөн: “... 99979881 дугаарын утаснаас над руу “цагдаа байна, таны машинд эвдрэл учирсан байна, уг эвдрэл учруулсан хүнийг нь бариад эрүүлжүүлэхэд хийсэн байна” гэсэн. Тэгээд би гараад машинаа харсан чинь миний машины жолооч талын толь нь хугарсан, жолооч талын хоёр хаалгыг хонхойлгож хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бямбацогтын өгсөн: “... Американ дэнжийн урд талын байрны гадаа нэг согтуу хүн Приус маркийн автомашин эвдээд байна гэсэн дуудлага хүлээн авсан, уг дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнжийн 3 дугаар байрны хойд талын зам дээр очиж шалгахад 20 орчим насны эрэгтэй дээгүүрээ хувцасгүй, доогуураа хар өнгийн дотуур хувцастай, гуталгүй үл таних залуу цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг өшиглөн, цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах  ажиллагаанд гэрч Б.Улаанхүүгийн өгсөн: “... хүн төмөр цохиод байгаа юм шиг чимээ гарч би сэрээд цонхоороо хартал ертөнцийн зүгээр баруун талын бор байрны хойд талд үл таних 20 гаран насны эрэгтэй хүн цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг өшиглөн, гараар цохиж, орилон хашгирч байсан... тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед гар утсаараа 4 минутын бичлэг хийж авсан. Тус бичлэгээ цагдаагийн байгууллагад өгье гэж бодож байгаад сөрөг энергитэй бичлэг утсан дээрээ байлгаад хэрэггүй гэж бодоод устгасан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байна. Эсэргүүцэх зүйл болон гомдол байхгүй... ерөөсөө санахгүй байна. Нэг мэдэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хохирлын мөнгөө барагдуулаагүй. Шүүх хуралдаанаас өмнө хохирлоо би барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.56-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар байрны гадна байсан иргэн Э.Болор-Эрдэний эзэмшлийн 63-22 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины толийг хугалж, хаалгыг өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болор-Эрдэний өгсөн: “... “цагдаа байна, таны машинд эвдрэл учирсан байна, уг эвдрэл учруулсан хүнийг нь бариад эрүүлжүүлэхэд хийсэн байна” гэсэн. Тэгээд би гараад машинаа харсан чинь миний машины жолооч талын толь нь хугарсан, жолооч талын хоёр хаалгыг хонхойлгож хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бямбацогтын өгсөн: “... 20 орчим насны эрэгтэй дээгүүрээ хувцасгүй, доогуураа хар өнгийн дотуур хувцастай, гуталгүй үл таних залуу цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг өшиглөн, цохиж байсан" гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах  ажиллагаанд гэрч Б.Улаанхүүгийн өгсөн: “... хүн төмөр цохиод байгаа юм шиг чимээ гарч би сэрээд цонхоороо хартал ертөнцийн зүгээр баруун талын бор байрны хойд талд үл таних 20 гаран насны эрэгтэй хүн цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг өшиглөн, гараар цохиж, орилон хашгирч байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.19/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирлын 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж хохирогч Э.Болор-Эрдэнэд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Э нь торгох ял оногдуулахыг хүсч байх боловч түүнийг ажилдаа эргэж орсон гэх нотлох баримтгүй тул дээрх хүсэлтийг хангах боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Эт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эт сануулсугай.

          4. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Болор-Эрдэнэд олгосугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР