Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4806

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧД77082670 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 дугаар байрны 356 тоотод оршин суух Түмэд овогт Сүрэнжавын Энхболдын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо саруул тэнгэр цогцолборын 101-6 тоотод оршин байх “Шинэ-Очир” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Дамба нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Энхболд би 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “Шинэ-Очир” ХХК-тай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Шинэ-Очир” ХХК орон сууцны барилгаа 2012 онд багтаан ашиглалтанд оруулах, мөн 2 өрөө орон сууцыг надад хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан.

Гэвч хариуцагч “Шинэ-Очир” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлсэн, мөн уг гэрээтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй байгаагаас миний хувьд шинээр дахин хохирч байна. Тодруулбал хариуцагч “Шинэ очир” ХХК миний захиалсан байрыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй, мөн хариуцагч шүүхийн шийдвэрт гомдол гаргаж 3 шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх гэж олон сар явсан. Түүнчлэн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд би гэр бүлийн хамт орон сууц хөлслөн амьдарсан хэвээр байна. Иймд 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын хугацааны орон сууц хөлслөх гэрээний үнэд төлсөн 7.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                                                          

Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч “Шинэ-Очир” ХХК-нд холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч “Шинэ-Очир” ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 48.27 м.кв 2 өрөө орон сууцыг 43.443.000 төгрөгөөр захиалан бариулах  гэрээ байгуулж, орон сууцны урьчилгаа төлбөрт 13.032.900 төгрөгийг төлсөн боловч “Шинэ-Очир” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас С.Энхболд нь гэрээнээс татгалзаж, “Шинэ-Очир” ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 13.032.900 төгрөг, орон сууц ашиглалтад ороогүй тул байр захиалсан хугацаанд орон сууц түрээслэн амьдарсан түрээсийн төлбөрт 14.000.000 төгрөг, орон сууцны үний өсөлтийн зөрүүнд 10.136.000 төгрөг, нийт 37.821.861 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3697 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 908 дугаар магадал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 773 дугаар тогтоолоор тус тус “Шинэ-Очир “ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 13.032.900 төгрөг, орон сууц ашиглалтад ороогүй улмаас байр захиалсан хугацаанд орон сууц түрээслэн амьдарсан түрээсийн төлбөрт 14.000.000 төгрөг нийт 27.032.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхболдод олгохоор шийдвэрлэжээ./хх 8-21 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

Харин нэхэмжлэгч С.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Шинэ-Очир” ХХК нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2015 оны 11 дүгээр сард хандсан боловч одоог хүртэл төлбөр төлөөгүйн улмаас 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2016 оны 04 дүгээр сарыг хүртэл орон сууц хөлсөлж амьдарч байгаа тул орон сууц хөлсөлсний хохиролд 7.000.000 төгрөгийг хариуцагч “Шинэ-Очир” ХХК-иас гаргуулна ... гэж тодорхойлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон ... тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас байна” гэж, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан” бол шүүхийн шийдвэр ...-ийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана”, 185 дугаар зүйлийн 185.2-д “шүүгчийн туслах ... шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ахлах шийдвэр гүйцэтгэгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч “Шинэ-Очир” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч С.Энхболд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид орон сууц хөлсөлсний улмаас 7.000.000 төгрөгийн хохирол учирсан нь хариуцагч “Шинэ-Очир” ХХК үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч “Шинэ-Очир” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хариу тайлбар, татгалзлаа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулснаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой”, 9 дүгээр зүйлийн 9.4.4-д “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар иргэний эрхийг хамгаална гэж тус тус заасан.

Тодруулбал, иргэний эрх зүйн хамгаалалтын үндсэн зарчим нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, аливаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хамгаалуулах зарчимд үндэслэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх учиргүй юм.

Иймд нэхэмжлэгч С.Энхболдын гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс хариуцагч “Шинэ-очир” ХХК-нд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 4 дүгээ сарын 22-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх хуралдааныг товыг хариуцагч “Шинэ-Очир” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 35-06 тоот хаягт мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан хариуцагч “Шинэ-Очир” ХХК-иас 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Л.ЭНХЖАРГАЛ

 

                                     

            ШҮҮГЧИД                                                                     Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                                   З.БАЯРМАА