Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01077

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03379 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 58,420,000 төгрөг, алдангид 39,210,000 төгрөг, хохиролд 103,373,000 төгрөг, нийт 201,003,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу талууд нийт 500 м.куб зуурмагийг 1 м.кубийг 330,000 төгрөгөөр нийт 165,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс захиалагчийн захиалгын дагуу 243 м.куб буюу 81,420,000 төгрөгийн бетон зуурмагийг 2023 оны 10 дугаар сарын 28-ний өдөр нийлүүлсэн бөгөөд ******* ХХК-иас төлбөрт тухайн өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58,420,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

1.2. ******* ХХК-ийн захирал ******* нь ******* хотхонд байрлах 56.1 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй болон 92.1 м.кв талбайтай хоёр хувийн сууцыг баталгаа болгож ******* ХХК-ийн захирал *******гийн нэр дээр шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч тохиролцсоны дагуу 2 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй.

1.3. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 8.1-д Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 78,420,000 төгрөгийн 44 хоногийн алданги 10,351,440 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл 58,420,000 төгрөгийн нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 168 хоногоор тооцоход 29,443,680 төгрөг болох ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлавал 29,210,000 төгрөг, нийт 39,210,000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү.

1.4. 2023 оны 11, 12 дугаар сард хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас түүхий эдийн нөөц бэлтгэж чадаагүй, үүний улмаас суурийн зуурмагийг 2024 оны 3 дугаар сард нийлүүлж чадахгүйд хүрч хоёр ч ашигтай хэлцлээ алдсан. Түүнчлэн хэрэв хариуцагч хугацаандаа төлбөрөө төлсөн бол манайх 2023 оны 12 дугаар сар дуустал 2,655 м.куб түүхий эд (элс хайрга 0-5мм, дайрга 10-20мм) нөөцлөх байсан. Ийнхүү нөөцөлсөн байсан бол 2024 оны 03 дугаар сард ажлаа шууд эхэлснээр 3,800 м.куб бетоныг зах зээлд нийлүүлж 1 м.кубийг 350,000 төгрөгөөр борлуулж, нийт 1,348,186,800 төгрөгийн борлуулалт хийх байсан бөгөөд уг борлуулалтаас 20 хувийн ашиг 269,637,360 төгрөг, татварын дараах ашиг 12 хувь буюу 161,782,416 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан. Манай компани 2023 онд 7 хувийн цэвэр ашигтай ажилсан бөгөөд хариуцагчийн өгөх ёстой 58,420,000 төгрөгөөр бид нөөц худалдаж авсан бол 1 1,348,186,800 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс өмнөх оны тайлангаар баталгаажсан 7 хувийн ашгийг хамгийн багадаа олох байсан гэж үзвэл 94,373,000 төгрөгийн ашиг олох байсан.

1.5. Манай компанид 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17,000 м.куб бетон зуурмаг авах гэрээт ажлын санал ХХК-аас дундын зуучлагч аар дамжуулж ирсэн. Тус компани 3 дугаар сарын 07 болон 3 сарын 17-ны өдөр багтааж 2 барилгын суурийн бетон зуурмаг нийлүүлэх шаардлага тавьсан ч түүхий эдийн нөөцгүй байсан тул энэ ажлыг авч, гэрээ байгуулж чадаагүй. Мөн ******* ХХК-аас 5,000 м.куб-ын ажил буюу 650,000,000 төгрөгийн захиалгын санал ирж, гэрээний төсөл хэлэлцэгдэж байсан боловч бид нөөцөлсөн түүхий эдийн дутагдлаас болж гэрээ хийж чадаагүй. Энэ хоёр компани дээрээ 3 дугаар сард багтаан суурийн бетон нийлүүлсэн бол цаашид нийт 22,000 м.куб бүтэн барилгын төслийн бетон нийлүүлэх гэрээ байгуулагдах байсан бөгөөд үүнээс 7,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломжоо алдсан.

1.6. Түүнчлэн, хариуцагч компани үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас түүхий эд авах, эргэлтийн хөрөнгө босгох шаардлага гарч гаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18,000,000 төгрөг, ээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг зээлж, түүхий эд, материалын татан авалт хийж, үйлдвэрийн түрээсийн төлбөр төлсөн. Компанийн захирал ******* нь өөрөө хувиасаа 10,000,000 төгрөг компанийн дансанд шилжүүлж, тээврийн хөлс өгөх, цалин тавих зэргээр зарцуулагдсан.

Иймд хохиролд 2024 оны 03 дугаар сард орох байсан орлого 94,373,000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 9,000,000 төгрөг, гэрээний үндсэн үүрэгт 54,420,000 төгрөг, алданги 39,210,000 төгрөг, нийт 201,003,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний төлбөрийн баталгаанд ******* ХХК-ийн захирал *******д өөрийн өмчлөлийн хотхонд байрлах дугаартай 56.1 мкв хэмжээтэй 70 хувийн гүйцэтгэлтэй, хотхонд байрлах дугаартай 92.1 мкв хэмжээтэй 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэр шилжүүлж өгсөн.

******* ХХК-иас нийт 81,420,000 төгрөгийн бетон зуурмаг манайд нийлүүлсэн ба үүний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг төлж 58,420,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд нэхэмжлэлээс 58,420,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Хариуцагч компанийн данс, хөрөнгийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор битүүмжилж үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас төлбөрөө төлж чадаагүй удсан. Гэрээнд төлбөрийг хэзээ төлөх талаар тусгагдаагүй тул алданги тооцох үндэслэлгүй. Үндсэн төлбөр болох 58,420,000 төгрөгийг төлөөгүйгээс компани 94,373,000 төгрөгийн олох ёстой байсан орлогоо алдсан тухай тайлбар үндэслэлгүй, бодит бус юм. Мөн Өмгөөллийн хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 87.630.000 /наян долоон сая зургаан зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.162.965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 596.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Нэхэмжлэгч хохиролд олох ёстой байсан орлого 94,373,000 төгрөг, гарсан зардалд 9,000,000 төгрөг тус тус шаардсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан. Дээр дурдсанаар хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэвч хариуцагч 58,420,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хугцаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч олох ёстой байсан орлого 94,373,000 төгрөг болохыг баримтаар бүрэн дүүрэн нотлож чадаагүй тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс зайлшгүй олох байсан орлого болон өмгөөлөгчийн зардлыг нотлох зорилгоор дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Дайрга Худалдах, худалдах авах гэрээ, 10-20 мм дайрга 1 м.куб 23,000 төгрөг, 5-10 мм дайрга 1 м.куб нь 8,000 төгрөг, ХХК-тай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 0-5 мм шигшсэн элс 1 м.куб 22,000 төгрөг, ******* ХХК-ийн 2023 оны жилийн санхүүгийн тайлан-тайлант үеийн цэвэр ашиг 57,056,088 төгрөг, ХХН-тэй байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 7 дугаар зүйлд Гэрээний нийт дүн 9,000,000 төгрөг, урьдчилгаа 4,500,000 төгрөг, үлдэгдэл төлбөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа төлнө, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хууль зүйн гэрээний төлбөрийн нэхэмжлэх 4,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өртөгийн тооцоолол элс /0-5/, хайрга 10-20, цемент, нэмэлт, ус, цалин, бусад, нийт өртөг, зарах үнэ багтаасан, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бетон зуурмагийн үнийн санал /Бэлэн мөнгө, Бартер/, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн олох ёстой ашгийн тооцоолол 2,655.45 м.куб нийт 58,420,000 төгрөгийн түүхий эдээр М350 маркийн буюу хариуцагчид худалдсан бетоныг нийт 3,852 м.кубыг үйлдвэрлэх байсан.

1 м.куб-ыг 350,000 төгрөгөөр борлуулбал нийт 1,348,186,823 төгрөгийн борлуулалт хийнэ. Үүнээс татварын тайлангаар баталгаажсан 7 хувь ашиг 94,373,077.62 төгрөгийн цэвэр ашиг олох байсан.

Гэрч ын та 2024 оны 01 дүгээр сараас хойш бетон худалдан авах санал ******* ХХК-д тавьж байсан уу гэх асуултад тавьж байсан. Би ХХК-д 650,000,000 төгрөгийн гэрээ, дараа нь ХХК-д бетон нийлүүлэх гэрээ зуучилсан. Хэд хэдэн компанид зуучилсан. Бүх гэрээ нийлээд 6.2 тэрбум төгрөгийн гэрээнд би зуучилж өгсөн гэж мэдүүлсэн.

хаягнаас хаягтай харилцсан имэйл болон бетон нийлүүлэх гэрээний төсөл, үнийн санал зэрэг баримтуудаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болох олох ёстой байсан ашиг 94,373,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 9,000,000 төгрөг болсон нь хангалттай тогтоогдож байгаа юм.

Иймд олох ёстой байсан ашиг, өмгөөлөгчийн зардлыг хохиролд тооцож, гүйцэтгээгүй алдангийг гэрээний үндсэн төлбөрөөс бодох байсан тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 113,373,000 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагчаас нэмж гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал олох ёстой байсан орлого 94,373,000 төгрөг болон өмгөөлөгчийн зардалд 9,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл давж заалдах гомдлоо тайлбарлахдаа алдангийн зөрүүтэй холбоотой асуудлыг дурдсан бөгөөд энэ асуудлыг гомдолдоо тусгаагүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжилсэн үнийн дүнтэй холбоотой асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бүх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал олох ёстой байсан ашигтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлж өгөх боломжтой байсан. Ганц жишээ дурдахад, нэхэмжлэгчийн 2023 оны тайлангийн цэвэр ашиг 57,056,088 төгрөг гэж гарсан. Гэтэл 58,000,000 төгрөгөөс үүдэн 2023 оны цэвэр ашгаас 2 дахин их мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй, гэрээгээр юуг хэрхэн тохиролцсон, хэн нь ямар ямар үүрэгтэй талаар буруу дүгнэлт хийж, алдангийг хангаж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр нийт 165,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд хариуцагч 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлын нэр дээр бүрэн шилжүүлж өгснөөр бетон зуурмаг нийлүүлэгдэж эхэлсэн. Нэхэмжлэгч шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгүүдийг одоо болтол буцаан шилжүүлж өгөөгүй. Бетон зуурмагийн төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх тухай ойлголт гэрээнд тусгагдаагүй, гэрээний дагуу бетон зуурмагийг хүлээн авч дууссаны дараа шийдвэрлэхээр харилцан тохиролцсон ба бетон зуурмагийг гэрээний дагуу дутуу хүлээн авсан, гэрээний дагуу нийлүүлэгдэх байсан тоо хэмжээний бетон нийлүүлэгдээгүй болно.

6.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 тоот албан бичгээр төлбөр төлөхийг шаардсан гэх боловч энэхүү албан бичгийг бид өмнө нь хүлээж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсарган өгсөн байдаг ба тухайн албан бичгийг үндэслэн шаардсан байна гэж дүгнэсэнг зөвшөөрөхгүй. Тухайн албан бичгийг манай компани руу явуулах боломжтой байтал явуулаагүй, тухайн цаг хугацаанд явуулсан гэдгээ нэхэмжлэгч нотлож чадаагүй байхад алдангийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 29,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч нь төлбөрөө бүрэн төлж бараагаа хүлээж авна гэж заасан бөгөөд бүтээгдэхүүн хүлээж авсан үеэс эхэлж, төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсэх бөгөөд тухайн цаг үеэс алданги тооцсон нь үндэслэлтэй. Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан албан бичгийг бид ХХК-ийн байранд хүргэж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим шуудан болон viber чат, бичлэгт үзлэг хийсэн. Манай байгууллагын ажилтан 20 хоног хариуцагч байгууллагын гадаа суусны эцэст 20,000,000 төгрөг олж авсан. 10 дугаар сарын 29-ний өдөр 81,000,000 төгрөгийн бетон нийлүүлэх үед талууд акт үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд тухайн өдөр хариуцагч тал төлбөрөө төлөх ёстой байсан. Мөн гэрээнд төлбөрийг урьдчилж төлнө гэж заасан. Хариуцагч тал 165,000,000 төгрөгийн бетоныг хүлээж авсны дараа төлбөрөө төлөх байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд тухайн тохиолдол бий болсон тохиолдолд бид 165,000,000 төгрөгийн алдагдалтай ажиллах байсан. Хариуцагч тал урьдчилгаа төлбөрөө төлж чадаагүй тул 2 үл хөдлөх эд хөрөнгөө баталгаа болгож бидэнд шилжүүлсэн. Эхний удаагийн бетон нийлүүлэхэд хариуцагч тал төлбөрөө төлж чадаагүй тул бид гэрээгээ цуцалж, төлбөрөө нэхэмжилсэн.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58,420,000 төгрөг, алдангид 39,210,000 төгрөг, хохиролд 103,373,000 төгрөг, нийт 201,003,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Монгол Улсын стандарт, барилгын норм дүрмийн шаардлага хангасан М350 маркийн бетон зуурмагийг 500 м.куб-ыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ******* ХХК нь бетон зуурмагийн нэгж үнийг 330,000 төгрөгөөр тооцож үнэд 165,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний 1-т заасан гэрээний зүйл болох 243 м.куб буюу 81,420,000 төгрөгийн бетон зуурмагийг 2023 оны 10 дугаар сарын 28-ний өдөр ******* ХХК-д нийлүүлснээс хариуцагч ******* ХХК нь тухайн өдөр бетон зуурмагийн үнэд 3,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Харин 58,420,000 төгрөгийн бетон зуурмагийн үнийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч маргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнийг нэхэмжлэх эрхтэй, холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

5. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогод 94,373,000 төгрөг, хохиролд 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг нэхэмжлэлээ нотлох зорилгоор ******* ХХК болон ХХК-ийн хооронд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан дайрга худалдах, худалдан авах гэрээ, ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, ХХН-тэй байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хууль зүйн гэрээний төлбөрийн нэхэмжлэх, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өртөгийн тооцоолол, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бетон зуурмагийн үнийн саналыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэнэ.

Учир нь ХХК-тай байгуулсан дайрга худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 10-20 мм дайргын 1 м.куб 23,000 төгрөг, 5-10 мм дайргын 1 м.куб нь 8,000 төгрөг байхаар, ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний зүйл болох 0-5 мм хуурай элсийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлж, 1 м.кубын үнийг 22,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцжээ.

Харин хариуцагч тал гэрээний дагуу төлөх байсан 58,420,000 төгрөгийн орлогоос 94,373,000 төгрөгийн цэвэр ашиг олох байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна. Учир нь уг мөнгөн хөрөнгөөр 2023 оны 12 дугаар сарын дуустал 2,655 м.куб түүхий эд нөөцлөх байсан, уг түүхий эдээр 3,800 м.куб бетон зах зээлд нийлүүлэх байсан гэж тайлбарлах боловч уг бүтээгдэхүүний өртгийг тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын баримтаар гаргаж өгсөн 2023 оны жилийн санхүүгийн тайлангаас дүгнэвэл борлуулалтын цэвэр орлого 955,755,909 төгрөгөөс борлуулсан бүтээгдэхүүний өртөг 836,793,689 төгрөг болон бусад зардлыг хасч үйл ажиллагааны татварын дараах ашиг 57,056,088 төгрөг гарсан байна.

6. Түүнээс гадна нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч нартай байгуулсан боловч гэрээний үнийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирол гэж дүгнэхгүй юм. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

7.1. Харин анхан шатны шүүх алдангид 29,210,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай албан бичгийг үндэслэн тухайн цаг хугацаанаас алдангийг тооцсон нь буруу болжээ.

7.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 78,420,000 төгрөгийн 44 хоногийн алдангид 10,351,440 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл 58,420,000 төгрөгийн нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 168 хоногоор тооцоход 29,443,680 төгрөг болох ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлавал 29,210,000 төгрөг, нийт 39,210,000 төгрөгийн алданги гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлжээ.

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 78,420,000 төгрөгийн 44 хоногийн алдангид 10,351,440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн төлбөрөөс алдангийг суутгаж аваагүй байна.

Иймд алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 58,420,000 төгрөгийн бетон зуурмагийн үнээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 168 хоног /58,420,000*0.3*100/ тооцбол 29,443,680 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлавал 29,210,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч ******* ХХК шаардах эрхтэй.

 

7. Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 58,420,000 төгрөг, алдангид 29,210,000 төгрөг, нийт 87,630,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

 

8. Хариуцагч тал бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч компанийн захирлын нэр дээр шилжүүлэн өгсөн гэх боловч сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд нэрлэн заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх талаар заагаагүй. Нэхэмжлэгч талаас уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үйл баримт энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны зүйл биш байна. Зохигч энэ асуудыг жичид нь шийдвэрлүүлэх эрхтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 724,815 төгрөг, хариуцагчаас 306,000 төгрөг урьдчилан төлснийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА