Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1345

 

 

 

 

 

  2019         08         29                                         2019/ШЦТ/1345

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бд холбогдох 1906 04589 1784 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөсөг” нүүлгэлтийн компанид жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт, Төв аймгийн Сэргэлэн, 3 дугаар баг, Хөшиг гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 36 хэсгийн 514 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Цын Бэ /РД:./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэст байрлах “Баялаг арвай” худалдааны төвийн урд иргэн Г.Замиланг нүүр болон хөмсөг рүү нь гараараа 2-3 удаа цохин зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Замилангийн өгсөн: “... Эрдэмбадрах бид хоёр Сугарын гэрт хонохоор болоод Сугарын явсанаас өөр гудамжаар Эрдэмбадрах бид хоёр явж байтал 87 дугаар сургуулийн баруун талд Бэтэй тааралдчихсан. Тэгсэн Бэ намайг дуудаад “чи яагаад надтай уулзахгүй байгаа юм” гэж сугадаад “Баялаг арвай” дэлгүүрийн үүдэнд ирээд миний нүүр лүү нэг удаа гараа атгаж байгаад цохьсон, тэгснээ хавсраад унагаах гэж оролдсон би газар унаагүй. Тэгээд намайг хүзүүдэн явж байгаад миний зүүн нүд хавьцаа гараа атгаж байгаад цохьчихоод яваад өгсөн, тэгсэн миний хөмсөг хавьцаагаас цус гарч байсан тэгээд Эрдэмбадрахын гэрт буцаж очиж хоносон... Бэ архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг. /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэмбаярын өгсөн: “... Бэ чи яахаараа Улиастайд ирээд ахтайгаа уулздаггүй юм гээд байсан. Тэгсэн Замилан урдаас нь би ер нь тантай заавал уулзах ёстой юм уу гээд хэлсэн чинь гараараа нүүр лүү нь цохиж хөлөөрөө элэг рүү нь өвдөглөсөн. Тэгэхээр нь би цаанаас нь “ахаа та болиоч ээ” гэсэн чинь Бэ ах “Эрдэмээ ахын дүү цаанаа байж бай, ах нь чамайг ч гэсэн зодох юм уу” гэсэн... Бэ ах Сугарыг дуудаад эхлээд Замилантай яриад дараа нь “чамтай тооцоотой шүү” гээд Замиланг авч яваад нүүрэн тус газар луу нь цохисон чинь Замилангийн зүүн хөмсөг задарсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сугарын өгсөн: “... Баагий ахтай тааруулахгүй гээд тэгж явуулсан юм. Тэгсэн замдаа тэр хоёр Баагий ахтай таарсан байсан. Тэгээд Замиланг зодоод байсан... Гараараа шанаа руу нь нэг удаа цохиж хөмсгийг нь сэтэлсэн...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

“... Бэ Замилантай уулзаад зогсож байснаа “ахыгаа хүндлэхгүй байгаа юм уу” гэж хэлээд Замиланг гараа атгаж байгаад нэг удаа цохиод, нэг удаа гэдэс рүү нь өвдөглөсөн. Тэгснээ Замиланг дагуулан явж байгаад дахиад гараа атгаж байгаад “ах нь чамайг хүндэлдэг шүү дээ, чи намайг хүндлэхгүй байна” гэж хэлээд нэг удаа гараа атгаж байгаад Замилангийн хөмсөг рүү нь цохьсон, тэгэхэд Замилангийн хөмсөгнөөс цус гараад Бэ явчихсан...” гэх мэдүүлэг. /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9242 дугаартай:

“1. Г.Замилангийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Улиастай шинэ эцсийн автобусны буудал орчим танил Замилантай тааралдсан… Тэгээд Замилантай уулзаад “чи яагаад утсаар томроод байгаа юм” гэж хэлээд нэг удаа гараа атгаж байгаад хөмсөг рүү нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх.33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэст байрлах “Баялаг арвай” худалдааны төвийн урд иргэн Г.Замиланг нүүр болон хөмсөг рүү нь гараараа 2-3 удаа цохин зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Замилангийн өгсөн: “... Бэ “намайг дуудаад чи яагаад надтай уулзахгүй байгаа юм” гээд ... миний нүүр лүү нэг удаа гараа атгаж байгаад цохьсон, тэгснээ хавсраад унагаах гэж оролдсон би газар унаагүй. Тэгээд намайг хүзүүдэж явж байгаад миний зүүн нүд хавьцаа гараа атгаж байгаад цохьчихоод яваад өгсөн, тэгсэн миний хөмсөг хавьцаагаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэмбаярын өгсөн: “... Бэ “чи яахаараа Улиастайд ирээд ахтайгаа уулздаггүй юм” гээд ... гараараа нүүр лүү нь цохиж хөлөөрөө элэг рүү нь өвдөглөсөн... Замиланг авч яваад нүүрэн тус газар луу нь цохисон чинь Замилангийн зүүн хөмсөг задарсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сугарын өгсөн: “... Тэгээд Замиланг зодоод байсан... Гараараа шанаа руу нь нэг удаа цохиж хөмсөгийг нь сэтэлсэн...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

“... Бэ Замилантай уулзаад зогсож байснаа ... Замиланг гараа атгаж байгаад нэг удаа цохиод нэг удаа гэдэс рүү нь өвдөглөсөн... гараа атгаж байгаад Замилангийн хөмсөг рүү нь цохьсон, тэгэхэд Замилангийн хөмсөгнөөс цус гараад Бэ явчихсан...” гэх мэдүүлэг. /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9242 дугаартай:

“1. Г.Замилангийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд Замилантай уулзаад “чи яагаад утсаар томроод байгаа юм” гэж хэлээд нэг удаа гараа атгаж байгаад хөмсөг рүү нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх.33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Замилэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Ц.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Ц.Б нь хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Замилан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т овогт Цын Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд сануулсугай.

          5. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Замилан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР