| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/06909/И |
| Дугаар | 1791 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1791
“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05530 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,
Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний хохиролд 6 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь манай компанийн 28 дугаартай агуулахыг тавилга хадгалах зориулалтаар түрээслэн ажиллаж байх үед 2015 оны 7 дугаар сарын 21, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд борооны усанд агуулах дотор байсан тус компанийн 10 нэр төрлийн тавилга норж гэмтсэн. Гэмтсэн тавилгуудын үнэ 13 482 700 төгрөг болсныг манай байгууллага төлж хохиролгүй болгосон ба гэмтсэн тавилгуудыг манай компанид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл “ХХХХ” ХХК нь манай компанийн агуулахыг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэн ашиглахаар тохиролцсон боловч 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нүүж явсан, нүүж явахдаа манай компанид хүлээлгэж өгөх ёстой 10 нэр төрлийн 13 482 700 төгрөгийн тавилгыг аваад явсан байсан.
Ингээд манай компаниас тавилгуудыг шаардахад 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 7 нэр төрлийн 5 267 700 төгрөгийн үнэ бүхий тавигыг хүлээлгэж өгөөд Итали улсад үйлдвэрлэсэн Q10497 загварын 1 564 900 төгрөгийн үнэтэй стек, Q779999032 загварын 944 100 төгрөгийн үнэтэй стек, 5 706 000 төгрөгийн үнэтэй Триксу гал тогооны ком зэрэг 3 нэр төрлийн 8 215 000 төгрөгийн тавилгыг хүлээлгэж өгөөгүй. Энэ төлбөрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тооцоогоор 2 109 000 төгрөгийг төлсөн.
Шүүхэд хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй уулзахад одоо энэ 3 тавилга байхгүй, ажилчиддаа зарсан. Иймд үлдэх 6 106 000 төгрөгийн тавилгын үнийг нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тооцоо нийлээгүй өөр агуулахын бараатай холбоотой асуудлыг энэ үнийн дүнгээс хасаж тооцуулна гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2 жил, 6 сар агуулах түрээсэлж “ХХХ” ХХК-тай хамтарч ажилласан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 381 132 740 төгрөг төлсөн байдаг. Уг агуулахын төлбөр маш үнэтэй байсан, дээрээс нь дулаан агуулах биш байсан боловч бид түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Агуулахад гэмтсэн тавилгуудын талаар хоёр тал тооцоо нийлж, үнийг нэхэмжлэгч тал төлж барагдуулсан нь үнэн. Манай компани 2 агуулах түрээсэлж байсан бөгөөд 8 дугаар агуулахад бас гэмтэлтэй бараанууд гарч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 53 минутад манай компаниас “ХХХ” ХХК руу гэмтэлтэй барааны тайланг явуулсан боловч огт хариу өгөөгүй.
Уг асуудлыг шийдвэрлээгүй тул бид үлдэгдэл 6 106 000 төгрөгийн бараандаа 8 дугаар агуулах дотор байсан гэмтсэн барааны үнийн дүнгээ тооцож төлбөргүй болсон гэж ойлгосон. Бид нууцаар нүүгээд явсан асуудал огт байхгүй. “ХХХ” ХХК-иас нүүх тухай шаардлага өгөхөөр нь бид 7-10 хоногийн хугацаатай нүүж, тавилгуудыг нүүлгэж зөөсөн. Тухай үед дээрх 10 нэр төрлийн тавилгуудыг хүлээлгэж өгөх гэхэд тавилгуудыг угсарч авна энд хүлээж авах боломжгүй байна, дараа нь тухтай хүлээлгэж өг гээд гүйцэтгэх захирал гэх хүн нь болиулсан. Ингээд дараа нь бид жолооч нартайгаа хамт очоод цайны газрынх нь доор тавилгуудыг угсарч хүлээлгэж өгсөн. 3 тавилга хүлээлгэж өгөөгүй нь үнэн. Эдгээр тавилгууд нь одоо байхгүй. Манай түрээсэлж байсан 8 дугаар агуулах дотор байсан гэмтсэн барааны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 6 106 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “ХХХХХ” ХХК, хариуцагч “ХХХХХХ” ХХК-иас 112 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ХХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай халаалтгүй, хүйтэн агуулахуудыг удаан хугацаанд тогтвортой түрээслэн эдийн засгийн хүндрэлтэй үед ч аль болох түрээсийн төлбөрийн алданги тооцсон дүнтэй нь бүрэн төлж, нийт хугацаанд 381 132 740 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн ч тус компанийн зүгээс удаа дараа буюу 2014 оноос эхлэн олон удаа борооны дусаал гоожиж бид эд материалын бодит хохирол амсаж байсан. Мөн нэхэмжлэгч удаа дараа түрээсийн гэрээний 2.1, 2.3, 7.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн нь тодорхой байна.
2015 оны 10 дугаар сард дахин нэхэмжлэгч талын 8 дугаар агуулахад борооны ус гоожсоноос түрээсийн гэрээний хугацаанд үүссэн 10 373 600 төгрөгийн хохирлыг одоо хүртэл актаар баталгаажуулалгүй, өмнөх асуудлаа дуусгаж байж болно гэсэн тайлбар өгч байгаа нь түрээсийн гэрээний 3.11-д заасан хариуцагч тал эрхээ эдлэх заалтыг анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй, тайлбарыг ч хүлээн аваагүй.
Нэхэмжлэгч талаас хариуцагч талд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн агуулахыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор чөлөөлж өгөх тухай албан мэдэгдлээр түрээсийн гэрээний 2.10-т заасан заалтыг зөрчсөн бөгөөд 2 тал харилцан тохиролцож чадаагүйгээс хариуцагч тал их хэмжээний бараа материал хадгалах агуулах олох, зөөх тээвэрлэх зэргээр 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нүүж агуулахыг бүрэн чөлоөлж өгсөн. Нэхэмжлэгч талаас тавилгуудыг манай компани нийтэд худалдах боломжгүй гэмтэлтэй тул ажилчдадаа урамшуулал байдлаар өгсөн.
Иймд нэхэмжлэгч тал нь удаа дараа гэрээний үүргээ зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй боловч хариуцагч талаас үүрэг хүлээгээгүй зүйлийг нэхэмжилж тавилгын төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “ХХХ” ХХК-тай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15/11 тоот түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан 6 106 000 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ түрээслүүлсэн агуулахад дусаал гоожсоны улмаас норж гэмтсэн тавилгын үнийг хэлэлцэн тохирсны дагуу түрээслэгчид төлж барагдуулсан боловч гэмтсэн тавилгыг хүлээлгэн өгөх актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэжээ.
Хариуцагч “ХХХХ” ХХК-иас манай компанийн түрээсэлж байсан 8 дугаар агуулахад тавилга норж гэмтсэнээс 10 373 600 төгрөгийн хохирол учирсан тул 6 106 000 төгрөгийг түрээслүүлэгч “ХХХ” ХХК-д төлөх ёстой түрээсийн төлбөрөөс хасч тооцсон, нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд бичгээр гаргажээ. /хх-22/
Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болон 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар агуулахын түрээсийн гэрээ авагдсан боловч нэхэмжлэгчээс гаргасан баримт болох гэмтсэн хөрөнгийн акт /хх-11/ нь 26 дугаар агуулах гэсэн агуулгатай, зөвхөн “ХХХХ” ХХК-ийн ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан нэг талын баримт байхаас гадна уг актын огноо тодорхойгүй, маргаж буй 28 дугаар агуулахынх биш байх тул тавилга норж гэмтсэн, улмаар түүнийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэргийн үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
Дээрхээс хөлслөгчид учирсан гэмтэл хохиролтой холбоотой талуудын тохиролцоо, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгт авагдсан хоёр гэрээнээс үүссэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр талуудад үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон “ХХХХ” ХХК-ийн тооцоо нь зөвхөн нэхэмжлэгч талын үйлдсэн баримт байх тул талууд тооцоо нийлж, 6 106 000 төгрөгийн төлбөрийг түрээслэгч хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэхгүй.
Иймд шүүх түрээслэгч гэмтсэн бараа материалыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нь бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн хариуцагчаас түрээсийн гэрээний хохирол гэж 6 106 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгээр тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 8 дугаар агуулахад тавилга норж гэмтсэн тул 6 106 000 төгрөгийг суутган тооцох талаарх шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн 10 нэр төрлийн тавилга норж гэмтсэний хохирлыг 2015 оны 7 дугаар сарын 21, 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан гэх тайлбар/хх-58,59/, мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний 16/15 дугаар албан бичгээр 28, 8, 10 дугаар агуулахуудын түрээсийн төлбөрийг харилцан тооцох талаарх мэдэгдлийг /хх-47/ түрээслэгчид хүргүүлж байсныг шүүх анхаарч, маргаж буй үндэслэлийг тодруулаагүйгээс талууд маргаж буй үндэслэлээр хангалттай мэтгэлцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
Шүүх түрээслүүлэгчийн шаардах эрх, хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрх, ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох талаар зохигчдын маргаж буй үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн баримтаар уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн 101/ШШ2016/05530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 112 646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
А.ОТГОНЦЭЦЭГ