| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 187/2017/0095/Э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2017-05-25 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 375
Ш.Чагсалд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мижиддорж,
ялтан Ш.Чагсалын өмгөөлөгч Ж.Нарантуяа,
хохирогч А.Хишигдэлгэр, Б.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ш.Чагсалд холбогдох 201626030576 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дууч овогт Шаравын Чагсал, 1969 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 7-8 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЖЯ69070122/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,
- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1073 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Ш.Чагсал нь 2007 оны 7 дугаар сарын 31, 2010 оны 6 дугаар сарын 2, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэний дараа, шунахайн сэдэлтээр, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян хур” барьцаалан зээлдүүлэх газарт шаргал өнгийн металл эдлэлүүдийг “монетон эдлэл” хэмээн хууран мэхлэж, бусдын бичиг баримт ашиглан барьцаанд тавьж, иргэн А.Хишигдэлгэрт нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:
1. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Бора овогтой Оюунтунгалаг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бөгж зэргийг 230.000 төгрөгөөр,
2. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Жамбал овогтой Даваадулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн бугуйвч 280.000 төгрөгөөр,
3. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар 3.6 граммтай шаргал өнгийн гинжийг 120.000 төгрөгөөр,
4. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар шаргал өнгийн бугуйвчийг 250.000 төгрөгөөр,
5. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сономжамц овогтой Юмчиндулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн гинж, хос ээмэг, бөгж зэргийг 250.000 төгрөгөөр,
6. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дашдорж овогтой Мөнхчимэг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулоныг 210.000 төгрөгөөр,
7. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сономжамц овогтой Юмчиндулам гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бугуйвч зэргийг 230.000 төгрөгөөр,
8. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, бугуйвчийг 300.000 төгрөгөөр,
9. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Мөнхбат овогтой Ариунболор гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулон, бугуйвчийг 400.000 төгрөгөөр,
10. 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Жамбацав овогтой Солонго гэх бичиг баримтаар шаргал өнгийн бөгж, хос ээмэг, бугуйвчийг 450.000 төгрөгөөр,
11. 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Балданням овогтой Нандинцэцэг гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмэг, кулоныг 250.000 төгрөгөөр,
12. 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Мөнхбат овогтой Ариунболор гэх бичиг баримтаар шаргал өнгийн хос ээмгийг 130.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьсан;
- 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор байрлах “Мөнхбаясгалант” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн кулонтой гинж, гарын бугуйвч, ээмэг тус бүрийг барьцаанд тавьж иргэн Г.Цэрэнлхамд 230.000 төгрөгийн хохирол учруулсан.
- 2016 оны 4 дүгээр сарын 8, 18, 19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл зорро” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, зүүлт 2 ширхэг, цагирган хос ээмэг 1 хос зэргийг барьцаанд тавьж, иргэн Н.Буян-Арвижих-д 710.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон Есүч” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн ээмэг, хүзүүний кулонтой гинж, бөгж, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж, иргэн А.Өнөржаргалд 425.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астро” худалдааны төв дотор байрлах “Лиш дэлгэр” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, гарын бугуйвч, гинж, кулон тус бүрийг барьцаанд тавьж, Б.Батжаргалд 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жинлүүр” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн ээмэг, бөгж, хүзүүний гинж, кулон, гарын бугуйвч зэргийг барьцаанд тавьж, иргэн С.Замбагад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Масс” барьцаалан зээлдүүлэх газарт С.Юмчиндулам гэх бичиг баримтаар монетон эдлэл хэмээн хууран мэхлэж, хуурамч шаргал өнгийн бөгж, хүзүүний зүүлт тус бүрийг барьцаанд тавьж, иргэн Б.Мөнхтулгад 200.000 төгрөгийн хохирол учруулж нийт 18 удаагийн үйлдлээр шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний буюу 5.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ш.Чагсалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дууч овогт Шаравын Чагсалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Дууч овогт Шаравын Чагсалыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Дууч овогт Шаравын Чагсалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Чагсалын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалын энэ хэрэгт цагдан хоригдсон 189 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ш.Чагсалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 уут бүхий 79 ширхэг шаргал өнгийн металл эд зүйлүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалаас 2.080.000 төгрөг гаргуулж хохирогч А.Хишигдэлгэрт, 230.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Цэрэнлхамд, 710.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Буян-Арвижихад, 330.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батжаргалд, 425.000 төгрөг гаргуулж хохирогч А.Өнөржаргалд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтулгад, 680.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Энхтуяад тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чагсалын 17 нас 6 сар 16 хоногтой охин Г.Ангирмаа, 12 нас 6 сар 27 хоногтой охин Г.Анарцэцэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгаж, Ш.Чагсалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон ...шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол...” гэж заасан. Ш.Чагсал нь 2007 оны 7 дугаар сарын 31, 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд зүйлийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэтэл шүүх тогтоолдоо “...2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсанаас хойш ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2014 онд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон боловч улсын яллагчийн энэ гэмт хэргийг урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ялтай байхдаа үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон байна... Шүүгдэгчийн энэ тогтоолоор шийдвэрлэж байгаа хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэдэг ойлголт хамаарахгүй...” гэж Эрүүгийн хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Ш.Чагсалд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрхэн тайлбарлаж, хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Хуульд “Урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэж маш тодорхой заасан. Ш.Чагсал урьд нь 2007, 2010 онуудад баривчлах, хорих ялаар шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа 19 иргэн, аж ахуйн нэгжид 6 удаагийн үйлдлээр бага бус хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Прокуророос Ш.Чагсалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь бусдад ял завшуулах боломж олгосон.” гэв.
Хохирогч Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилтай байсан тул анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ удаагийн шүүх хуралдаанд л орж байна.” гэв.
Хохирогч А.Хишигдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Ялтан Ш.Чагсалын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурор хэргийг зүйлчлэхдээ хохирлын хэмжээгээр биш, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн ялын ялтай байдал дуусаагүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа 2015 онд дахин залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2010 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэргийн ялтай байдал “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болсон байхад дахин 2017 онд хэргийг шийдвэрлэхдээ дахин 2010 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байх хугацаа 2015 онд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ш.Чагсалыг “өмнө нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэний дараа, шунахайн сэдэлтээр нэр бүхий 7 барьцаалан зээлдүүлэх газарт нийт 18 удаагийн үйлдлээр шаргал өнгийн металл эдлэлүүдийг “монетон эдлэл” хэмээн хууран мэхлэж, бусдын бичиг баримт ашиглан барьцаанд тавьж, нийт 5.675.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ш.Чагсал урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж 2007, 2010 онуудад хоёр удаа ял шийтгүүлж ялтайд тооцогдож байхдаа дахин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1073 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү сүүлийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Чагсалыг Өршөөлийн хуульд хамруулахдаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос бус түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацааг хамруулаагүй байна.
Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Ш.Чагсал нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацааг болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох ойлголтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Ш.Чагсалын холбогдсон хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөлүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Ш.Чагсалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Чагсалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Ш.Чагсалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ