Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 123

 

 

А.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат, Г.Баяржаргал,

хохирогчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, Н.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол,

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалтай, 201508000115 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат, Г.Баяржаргал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Н-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар А.Н-т оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Н-ээс 4,145,900 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Чд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,600,000, мөн зөрүү 7000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалд 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н-, өмгөөлөгч С.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч С.Ганбат, Г.Баяржаргал, Н.Анхбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... 2015 оны 04 дүгээр сарын 23-ны орчим хохирогч Ц.Ч-гийн нөхөр Т.Б орцон дотроо эхнэрээ хана, паар мөргүүлж зодож байхыг харсан гэх гэрч О, Т нарыг байцаагаагүй бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй. Ц.Ч-гийн биед нөхөр Т.Б, эсхүл шүүгдэгч Н- нарын хэн нь гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байхад шүүх ач холбогдол өгсөнгүй. Хохирогчид учирсан гэх гэмтэл хэд хоногийн хугацаанд илрэх, хохирогч урд өмнө нь тархиндаа гэмтэл авч байсан нь гэмтэлд нөлөөлөх эсэх талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй. Гэрч О, Т.Б, М.Б нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Иймд нотолбол зохих асуудлуудыг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж бүрэн нотолсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй. Тухайн хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч Ч-гийн танхайн сэдэлтээр, нийгмийн хэв журмыг зөрчсөн, бусдын бие махбодид согтуугаар халдсан үйлдлээс болсон байдаг. Хэрэг учрал болсны маргааш Ч-г хамаатан садан, нөхөр нь биш шүүгдэгч Н- бариачид бариулж хань болж явж байснаас дүгнэхэд бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэсэн зүйл ангиар ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой. Анхан шатны шүүх хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн мөртлөө Ч-гийн танхайрсан гэмт үйлдлийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд орхигдуулсныг шүүх анхаараагүй. Шинжээчийн 6886 тоот дүгнэлт учир дутагдалтай тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хохирогч нь өөрийн нөхөрт зодуулсан байх өндөр магадлалтай бөгөөд мөрдөн байцаагч шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэв хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзвэл зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг нотолж тогтоосон. Хэргийн үйл баримт тодорхой байдаг. Шүүхийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмчээс хангалттай дүгнэлт, тайлбар авсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч А.Н- нь 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ч-тай маргалдаж, толгойн баруун чамархай хэсэгт нь цүнхээрээ цохиж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Шүүх А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, энэ зүйл хэсэгт заасан хэмжээний хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

А.Н- нь хохирогч Ц.Ч-тай мөнгө, тооцооны асуудлаас болж маргалдан, өөрийн барьж явсан гар цүнхээрээ хохирогчийн толгой руу цохиж “суурь ясны баруун талын их далавч хэсгээс баруун чамархай, зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины тал бөмбөлгүүдийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримтыг шүүх тогтоосон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Н- нь Ц.Ч-гийн толгойн хэсэгт цүнхээр цохиж гэмтэл учруулснаас өөрөөр хохирогч уг гэмтлийг авсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий сэжиг, таамаг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийн үйл баримтын талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд мэдэгдээгүй, шинэ нөхцөл байдал илэрвэл хэргийг сэргээн шалгуулах эрх хуулиар нээлттэй байгааг тэмдэглэвэл зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат, Г.Баяржаргал нарын гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат, Г.Баяржаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ