Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/1002/З |
Дугаар | 221/МА2020/0156 |
Огноо | 2020-02-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0156
БНХАУ-ын иргэн Ч Ю-ы
гомдолтой зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу БНХАУ-ын иргэн Чн Ю-ы гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Б.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0035 дугаар шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т заасныг тус тус үндэслэн “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Б.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-гы өдрийн 0123730 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий БНХАУ-ын иргэн Ч Ю-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нар давж заалдах гомдолдоо: “...Ч Ю нь Монгол Улсын хилээр мөнгө, валют авч гарах нь хориглосон тухай мэдээгүй. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол...” зөрчил гэж үзэхээр хуульчилсан. Уг зөрчлийн обьектив талын шинж нь зайслхийсэн идэвхитэй үйлдэл байхыг шаардаж байна. Гэтэл тэрээр ямар нэгэн байдлаар гаалийн байгууллагад мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн үйлдэл хийгээгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын хууль, журмын мэдлэггүй, энэ талаар мэдээлэл авч чадаагүй улмаас ийм байдалд хүрсэн болох нь өөрийнх нь мэдүүлэг, уг валютыг өөр байдлаар нуун дарагдуулаагүй, гар тээшиндээ авч явсан зэрэг үйлдлээс харагддаг.
Буянт-Ухаа дахь гаалийн газрын ажилтнууд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ч Ю-д хойшлуулшгүй ажиллагаа явуулж гадаад валют болон паспортыг хураан авсан. Үүнийгээ 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчуулагч, өмгөөлөгчийг нь байлцуулан танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтан нь эд зүйл баримт бичгийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан журам буюу уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ заавал прокурорын зөвшөөрлийг авахаар хуульчилсан байна. Мөн дээрх ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд хүчинтэйд тооцох эсэх шийдвэр гаргасан байхыг Зөрчлийн процессын хуульд заажээ. Гэтэл уг зөрчлийн хэргийн гол нотлох баримт нь хуульд нийцээгүй бөгөөд он сар нь 2018 онд үйлдэгдсэн байх нь нотолгооны чанар бүрэн алдаж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Ийнхүү хууль бус баримтдаа үндэслэн 0123730 дугаарт шийтгэлийн хуудас гаргаж түүнийгээ орчуулагч, өмгөөлөгчгүйгээр гардуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.29-т “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу: Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2-т “Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх гаалийн болон бусад албан татварыг хуулийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгосугай” гэж заасан бөгөөд үүнд заасан 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15.1-д заасны дагуу тоо хэмжээнээс хэтэрсэн, зөрчилтэй болж байна.
Өөрөөр хэлбэл Ч Ю-ын хилээр нэвтрэхдээ авч явсан 15 сая хүртэлх төгрөг, түүнтэй тэнцэх валют нь зөрчилгүй, мэдүүлэх шаардлагагүйгээр хилээр нэвтрэх эрхтэй тул шийтгэлийн хуудсаар хураан авсан 15 сая төгрөг болон түүний 15 хувиар ногдуулсан 2,500,000 төгрөгийн торгуулийг хууль бусаар ногдуулжээ. Энэ талаар маргасан байхад анхан шатны шүүхээс тайлбар, дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн Ч Ю нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан 103.700 юань, 22.000 ам.долларыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэж үзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0123730 дугаар шийтгэлийн хуудсаар Ч Ю-ы зөрчилтэй 103.700 юань, 22.000 ам.долларыг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 14.690.361 төгрөгөөр торгох шийтгэлийг түүнд оногдуулжээ.
Энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж Ч Ю-ы паспорт болон валютыг хураан авсан, мөн гомдол гаргагч нь мэдүүлэг гаргахаас зайлсхийгээгүй, 15 сая хүртэлх төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валют нь зөрчилгүй, мэдүүлэх шаардлагагүй хилээр нэвтрэх эрхтэй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
1. “Ч Ю нь Монгол Улсын хууль, журмын мэдлэггүйгээс иймд байдалд хүрсэн” гэх гомдлын тухайд:
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд Ч Ю нь их хэмжээний валютыг хилээр нэвтрүүлэх нь хориглосон үйлдэл гэдгийг мэдээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
2. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх гомдлын тухайд:
Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдогчид эрх, үүргийг танилцуулж, зөрчилд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, энэ талаар холбогдогч этгээдэд танилцуулсан байна. Тиймээс хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
3. “15 сая хүртэлх төгрөг, түүнтэй тэнцэх валют нь зөрчилгүй, мэдүүлэх шаардлагагүй хилээр нэвтрэх эрхтэй” гэх гомдлын тухайд:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэж тус тус заажээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын хавсралтаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болох бөгөөд таван сая бол түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй бол гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэхээр мөн зохицуулсан байна.
Иймд Ч Ю нь их хэмжээний валютыг улсын хилээр нэвтрүүлэхдээ бичгээр үнэн зөв мэдүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул энэ талаарх гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Б.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0123730 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий БНХАУ-ын иргэн Ч Ю-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА