Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2025/0070

 

Т.З-ын гомдолтой, Чингэлтэй дүүргийн

 Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0247 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0335 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 313 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагч Т.З , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч А.Б, хариуцагч улсын байцаагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага:

1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Эрх чөлөөний эвсэл намын нэр дэвшигч Т.З ыг “сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг үндэслэн 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “... үндэслэлгүйгээр зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй ... сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй. ... Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн Эрх чөлөөний эвсэл нам нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг данстай байхаар шийдвэрлэсэн” гэж,

4.Хариуцагчаас “... Т.З  нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшсэн ба Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтыг зөрчиж, өөрийн сонгуулийн зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудас бичсэн. ... Хандив авсан, аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж торгууль ногдуулсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0247 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.22, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 6.11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Т.З аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0335 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0247 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг баримтлан гомдол гаргагч Т.З-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ, 49.2.1.хандив, 49.2.2.намын өөрийн хөрөнгө, 49.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, 49.4.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно, 51 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын данс, 51.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.3.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

7.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралт “Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 3.4.Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэж журмаар нарийвчлан зохицуулсан байна.

7.3.Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан хуулийн хариуцлага хүлээлгэсэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалаас харахад шүүхүүд хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлтүүд хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бөгөөд шүүхийн шийдвэрүүд зөрүүтэй бол зөрүүг арилгах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна гэжээ.

8.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, эс зөвшөөрсөн агуулгатай тайлбар бичгээр ирүүлсэн байна.

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 313 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

10.Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

11.Эрх Чөлөөний Эвсэл намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг Эрх Чөлөөний Эвсэл намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсүгэй” гэж 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж тус тус шийдвэрлэжээ.

12.Ийнхүү Эрх Чөлөөний Эвсэл намын нэр дэвшигчид сонгуулийн зардлын дансыг нээгээгүй байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар “Эрх Чөлөөний Эвсэл намын нэр дэвшигч Т.З нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын дансыг нээх үүрэгтэй эсэх, улмаар сонгуулийн зардлын дансыг нээгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчилд тооцогдох эсэх,

-Улс төрийн нам сонгуулийн зардлын нэг данстай байх, тойрогт нэр дэвшигч нь данс нээхгүй байхаар шийдвэрлэх эрхтэй эсэх тухай байна.

13.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т “ил тод байдлыг хангах” гэж, 7.4.3-т “шударга ёсыг сахих” гэж тэгш шударга ёсыг сахиж, нээлттэй, ил тод сонгуульд өрсөлдөх замаар сонгогдох эрхийг хэрэгжүүлэх зарчмыг хуульчилсан байх бөгөөд хууль бус санхүүжилтээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий сонгуулийн санхүүжилтийн зохицуулалт тэр дундаа мөн хуулийн сонгуулийн зардлын дансны зохицуулалт нь үүнийг хангахад зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй журмын зохицуулалт мөн.

14.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн зардал бодитоор гаргасан эсэх, хандив авсан эсэхээс үл хамааран зайлшгүй сонгуулийн зардлын дансыг нээлгэж, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлэх үүргийг хүлээнэ.

15.Ийнхүү сонгуулийн зардлын дансыг нээлгэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” зөрчилд хамаарна.

16.Иймд давж заалдах шатны шүүхээс “сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээхгүй” гэж дүгнэсэн нь буруу, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

17.Дээрх зөрчилтэй холбогдуулан гомдол гаргагчаас “сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй, сонгуулийн зардлын данс нээгээгүй нь өөрөө зөрчилд хамаарахгүй, сонгуулийн зардлын нэг данстай байх нь намын дотоод зохион байгуулалтын асуудал” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй.

18.Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журам” гэдэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан сонгуулийн зардлын данс нээлгэх журам мөн хамаарах бөгөөд улмаар дансыг бүртгүүлээгүй нь тухайн зөрчилд тооцох үндэслэл болно.

19.Түүнчлэн, аливаа нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхтэй боловч уг эрх нь гагцхүү тухайн намын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудалд хамаарах тул сонгох, сонгогдох эрхийн үндсийг бүрдүүлэх Улсын Их Хурлын сонгуулийн хэм хэмжээг өөрчлөх эрхийг олгохгүй.

20.Хэдий гомдол гаргагчийн хувьд дээрх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, хариуцагчаас шийтгэл ногдуулсныг буруутгахгүй боловч гомдол гаргагчаас үл хамаарах нөхцөл байдал нь зөрчил гарахад хүргэсэн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээв.

21.Учир нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2-т “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж, 7.1.6-д “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” гэж тус тус зааснаар сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой гэх байр суурийг илэрхийлсээр иржээ.

22.Үүнээс үзвэл нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь зөрчилд тооцогдохгүй гэх хууль ёсны итгэлийг бий болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэл бүрдсэн байна.

23.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0335 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Т.З-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                   Х.БАТСҮРЭН

                  Ц.ЦОГТ