| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/01185/И |
| Дугаар | 210/МА2025/01079 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01079
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй
“*******” ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 343,631,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 1974-1976 онд манай аав “Панкипсин” гэх энэ бүтээгдэхүүнээр төрийн соёрхолт авсан. Тухайн бүтээгдэхүүнийг түрхсэн тохиолдолд шархыг сорвигүй эдгээдэг бөгөөд гадаад оронд хүртэл тархсан, засгийн шугамаар улаан загалмайн нийгэмлэгээр хүргэгддэг байсан. 2000 онд аав маань нас барж, энэ хугацаанаас хойш уг бүтээгдэхүүний патентыг лицензээр ашиглуулдаг байж байгаад 2004 онд 20 жилийн хугацаа нь дууссан. Миний бие барааны тэмдгийг 2019 онд өөрийнхөө өмчлөлд авсан.
1.2. Гэтэл хариуцагч компани 2019 онд 37,800, 2020 онд 5,877, 2021 онд 8,318, 2022 онд 13,480, 2023-2024 онд 11,242 ширхэг “Панкипсин” нэртэй эмийг үйлдвэрлэж барааны тэмдэг эзэмшигчийн эрхэд халдсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж заасан. Иймд 2019-2022 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 4,400 төгрөг, 2023-2024 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 5,500 төгрөгөөр тус тус тооцож, нийт 343,631,800 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Эрдэм шинжилгээ судалгааны ажилтан *******, *******, ******* нар нь “******* нэгдэл” ТӨҮ-т ажиллаж байхдаа 1985 онд бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл буюу “Панкипсин” гэдэг нэгдлийг гаргаж авах шинэ бүтээлийг бий болгосон нь “******* нэгдэл”-ийн өмч боловч тэдгээр хүмүүс өөрсдийн нэрээр 1984-2004 он хүртэл хугацаатай патентыг гаргуулж авч, улмаар “*******” ХХК-ийг хувьчлагдсанаас хойш лицензийн гэрээ байгуулж хөлс авч байгаад патентын хугацаа дуусгавар болсон. Патентын хугацаа дууссанаас хойш тухайн патентаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах эрх нь нээлттэй учир 2004 оноос хойш болон 2019 онд барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсоноос хойш хугацаанд хариуцагч компани нь олон улсын гэрээнд зааснаар үнэн шударгаар үйл ажиллагаа явуулж байсан.
2.2. Панкипсин гэдэг бэлдмэл гаргаж авах арга нь эмийн бүтээгдэхүүнд ордог, жижиг нэгдэл байдаг. 2018 оноос энэ аргаар гаргаж авахаа больж, трипсин гэдэг бүтээгдэхүүнээр орлуулан, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ашигладаг болсон. БНХАУ-ын үйлдвэрээс гаалийн бичгийг нь хэрэгт гаргаж өгсөн. “Панкипсин” гэх нэрээр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага, эмчилгээ хийдэг байгууллагуудад танигдсан учир уг нэрийг ашиглаж байгаа.
2.3. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. 2019 оны барааны тэмдэг эзэмших эрхийн гэрчилгээ 3 хүний нэрээр гарсан байгаа. Дараа нь 100 хувь нэхэмжлэгч барааны тэмдэгтийн эзэмшигч болсон талаар 2023 онд гэрчилгээ авсан. 2019-2023 он хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа үнийн дүнг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Тухайн барааны тэмдгийн гэрчилгээнд хэнд хэдэн хувийг эзэмшиж байгаа талаар дурдсан зүйл байдаггүй.
2.4. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Барааны тэмдгийн гэрчилгээ гарснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч талын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үйлдвэрээс авч буй эмийн сангийн үнээр үржүүлээд тооцоо гаргаж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 155,562,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 188.069.400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 935,762 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “... уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу зөвхөн худалдан борлуулсан “Панкипсин” 25 мг бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнээд нэхэмжлэлээс 188,069,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хариуцагч 2019 онд 37,800, 2020 онд 5877 ширхгийг үйлдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл үүнийг анхан шатны шүүх зөвхөн худалдан борлуулсан Панкипсиний дүнгээр тооцсон нь Иргэний хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна.
Барааны тэмдгийг хууль бусаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдсон тул Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.5, 12.3.6-д заасны дагуу учруулсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хохирлыг хэмжээг бууруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нөгөө талаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар 2019, 2020 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулаагүй гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүх хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан үйл баримт нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ч, борлуулсан ч хохирлыг бүрэн барагдуулах талаар хуулиар зохицуулсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэх агуулгаар маргаж өнөөдрийг хүрсэн. Давж заалдах гомдолд энэ агуулга давтагдах учир энэ хүрээнд тайлбар хэлье гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан онцгой эрхийг эдлэн 12.3.4-д “барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д “ижил төстэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн.
Мөн хариуцагч компани нь 2017 оныг хүртэл хугацаанд шинэ бүтээлийг лицензийн гэрээний үндсэн дээр ашиглаж, зохих төлбөрийг төлж байсан нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх боловч нөхцөл байдал нь лицензийн гэрээ дуусгавар болсноос хойш “Панкипсин” гэх барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн барааны тэмдгийг ашиглахыг зөвтгөхгүй юм.
Түүнээс гадна шүүх барааны тэмдгийг 3 хүн эзэмшиж байхад ******* нь бусад 2 эзэмшигчийн зөвшөөрөлгүй, итгэмжлэлгүйгээр дангаараа тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй хэмээн үзсэн. Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг “Панкипсин” гэх нэрээр үйлдвэрлэсэн болон худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний тоог худалдан борлуулсан үнийн дүнгээр тооцон тодорхойлсныг хариуцагч компанийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримт гарган няцаагаагүй гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй тухайд шүүх дүгнэлт хийгээгүй.
Шүүхийн дээрх дүгнэлт болон үндэслэл нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.
6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, татгалзлын үндэслэлдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” хэмээн заасан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 12.3.5-д заасан онцгой эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт уг барааны тэмдэгтэй ижил тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй.” хэмээн заасныг үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөх тайлбарт дүгнэлт хийлгүй хариуцагчийг буруутган үндэслэлгүй хөрөнгөжиж, хохирол учруулсан хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалт нь аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хоорондох бизнесийн шударга өрсөлдөөн, үйл ажиллагааны шударга үнэнч зан заншилд харш, шударга бус өрсөлдөөнийг хориглох таслан зогсоох, хамгаалалт бүхий заалт бөгөөд энэ нь Монгол Улсын Олон Улсын гэрээ Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 10 дугаар зүйлийн 10bis зүйлд “Шударга бус өрсөлдөөнийг үр нөлөөтэй хамгаалалтаар хангах тухай”, Монгол Улсын Олон Улсын гэрээ Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйл “Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээний ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох эрхтэй. Ижил бараа болон үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө олгосон эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжид нөлөөлөхгүй" хэмээн заасан тухайн бараа үйлчилгээний тэмдэгтэй ижил барааны тэмдгийг урьд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй байх хамгаалалтын зохицуулалт бөгөөд энэ нь хариуцагч “*******” ХХК-ийн хувьд өөрийгөө хамгаалах хамгаалалт мөн эрх болох юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэг адил үйлчилнэ” гэж заасан.
“*******” ХХК нь патент эзэмшигчтэй байгуулсан лицензийн гэрээний төлбөрийг Патентын гэрчилгээний хүчинтэй хугацааг дуусах хүртэл буюу 2004 он хүртэл хугацаанд төлсөн талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01878 дугаар шийдвэрээр төлж барагдуулсныг 2017 он хүртэл лицензийн гэрээний төлбөр төлж байсан хэмээн буруу дүгнэсэн. Мөн патент эзэмших эрх болон лицензийн гэрээний харилцаа нь тус иргэний хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болсон барааны тэмдэг эзэмших эрхтэй хууль зүйн хувьд хамааралгүй, ач холбогдолгүй байхад хоорондоо холбоо хамааралтай байхаар төдийгүй патент эзэмшигч нь барааны тэмдгийн эзэмшигч байх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “*******” ХХК нь Патентын тухай хуульд заасан хугацаагаар буюу 2004 он хүртэл хугацаанд лицензийн гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулснаар энэ харилцаа бүрэн дуусгавар болсон.
6.3. “*******” ХХК нь 2005 оноос өнөөдрийг хүртэл 2019 онд бүртгэгдсэн Панкипсин барааны тэмдэгтэй ижил нэртэй бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт шударгаар ашиглаж байсан, ашигласаар ч байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй.
Панкипсин нэртэй барааны тэмдгийн эзэмшигчээр *******, *******, ******* нар бүртгүүлэн 2019 онд гэрчилгээ авсан. Тус иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг үндэслэлд “******* нь барааны тэмдгийн бусад эзэмшигч болох *******, ******* нараас олгосон итгэмжлэл болон тэдгээрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй гэх баримт байхгүй байна” хэмээн үзсэн. Гэтэл шүүх барааны тэмдгийг 3 хүн эзэмшиж байхад ******* нь бусад 2 эзэмшигчийн зөвшөөрөлгүй, итгэмжлэлгүйгээр дангаараа тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй хэмээн үзсэн бөгөөд энэ дүгнэлтдээ ямар нэг хуулийн зүйл заалтыг үндэслээгүй.
Магадлалаар “нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирол тодорхой бус байх ба хохирлын хэмжээний талаар шүүхээс талуудыг мэтгэлцүүлээгүй, холбогдох баримт байхгүй тул эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Тодруулбал, Оюуны өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д “биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээний журам, аргачлалыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам аргачлалыг батална” гэж заасан байгааг анхаараагүй гэж дүгнэсэн.
Гэтэл нэхэмжлэгч талаас үйлдвэрлэсэн болон худалдан борлуулсан бүтээгдэхүүний тоог худалдан борлуулсан нэгж бүтээгдэхүүний үнээр үржүүлэн хохирлын хэмжээг тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэвээр байгаа тухай тайлбарлаж дээрх магадлал болон биет бус хөрөнгийн үнэлгээг тусгай мэдлэг бүхий үнэлгээчин тусгай журмын дагуу хийдэг болохыг тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.4. Түүнээс гадна нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн. Гэтэл тухайн заалтад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үндэслэлээр гаргаж байгаа нэхэмжлэл нь хамаарахгүй байгааг хариуцагч талаас тайлбарласныг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь анхнаасаа одоог хүртэл тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шаардлага гаргах эрх бусад 2 эзэмшигчээс итгэмжлэлээр болон бусад байдлаар шилжүүлэн авсан зүйл байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй болох нь тодорхой байхад шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч барааны тэмдгийг шударгаар эзэмшиж байсан гэж тайлбарладаг. Шүүхээс Барааны тэмдэг, газар зүйн тухай хуульд заасны дагуу *******г хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн болох тухай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.
7.2. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Анх патентын төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд энэ маргаан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлсөн.
7.3. Бараа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлээ хариуцагч тал барааны тэмдгийг шударгаар эзэмшиж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах гомдолд дурдсан Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг болон Аж үйлдвэрийн эрхийг хамгаалах тухай Парисын конвенцод заагдсан барааны тэмдэг эзэмшигчийн эрх, барааны огноог хэрхэн тодорхойлох, барааны эрх эзэмшигчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах талаар тус тус барааны эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах заалтууд тусгагдсан.
7.4. Иргэний хуулийн 229, 492 дугаар зүйлд хууль бусаар олсон орлогыг гаргуулах тухай зохицуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн 1997 оны оны 73 дугаар тогтоол болон 2009 оны 18 дугаар тогтоолоор тус тус хохирлын хэмжээг хэрхэн тооцоолох талаар тайлбарласан. Лицензийн гэрээ байгуулах талаар хариуцагч талд удаа дараа мэдэгдсэн ч гэрээ байгуулахгүйгээр барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж, хууль бусаар ашигласан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 343,631,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *******гийн эцэг ******* нь *******, ******* нарын хамт “нутгийн үүлдрийн бог малын нойрны булчирхайнаас ферментийн бэлдмэл панкипсин гарган авах арга” нэртэй шинэ бүтээлийг 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, патент авсан.
3.2.******* нь 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, улмаар түүний бүх эд хөрөнгийг түүний эхнэр буюу нэхэмжлэгч *******гийн эх д өвлүүлэхээр 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаар гэрчилгээ олгосон.
3.3. Нэхэмжлэгч ******* нь иргэн *******, *******аа нарын хамт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газрын даргын А/157 дугаар тушаалаар “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмших эрхтэй болсон.
3.4. Нэхэмжлэгч ******* нь Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/158 дугаар тушаалаар ******* нь “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмших эрхтэй болжээ.
4. Хариуцагч “*******” ХХК нь 2003-2017 оны хооронд лицензийн төлбөр төлж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01878 дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
5. Хариуцагч “*******” ХХК “Панкипсин” нэрээр 2019 онд 37,860 ширхэг, 2020 онд 5,877 ширхэг, 2021 онд 6,390 ширхэг, 2022 онд 11,280 ширхэг эмийг тус тус үйлдвэрлэсэн боловч барааны тэмдэг өмчлөгч *******гаас зөвшөөрөл аваагүй байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.12-т зааснаар барааны тэмдэг эзэмшигчтэй бусад этгээд барааны тэмдгийг ашиглахаар бол лицензийн гэрээ байгуулах учиртай. Иймд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-т зааснаар бүртгэгдсэн барааны тэмдгийг хариуцагч “*******” ХХК нэхэмжлэгч *******гийн зөвшөөрөлгүйгээр ашигласан байх тул тэрээр хохирол шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6. Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь “Панкинсин” барааны тэмдгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хариуцагч “*******” ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлд худалдах үнээр тооцож хохирол шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл барааны тэмдэг зөвшөөрөлгүйгээр ашигласан этгээд, барааны тэмдэг өмчлөгч нар ижил төрлийн үйл ажиллагаа явуулснаас барааны тэмдэг өмчлөгчийн бараа бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлогдоогүй тохиолдолд худалдан борлогдоогүй бараа бүтээгдэхүүний үнээр хохирлыг шаардах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд шаардлага гаргах эрхгүй талаар дүгнэлт өгөөгүй байна.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд шаардлага гаргахын тулд хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө нэмэгдсэн үндэслэл нь нэхэмжлэгч талын хөрөнгөөр нэмэгдсэн байх, хариуцагчийн хөрөнгөжсөн байдалд эрх зүйн үндэслэл байхгүй байсныг дүгнэх учиртай. Маргааны хүрээнд хариуцагч тал өөрийн хөрөнгөөр “Панкинсин” нэртэй эмийг үйлдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******гийн хөрөнгөөр хариуцагч талыг хөрөнгөжсөн гэж дүгнэхээргүй байна.
Иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан хохирол шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд гаргах шаардах эрхэд огт хамааралгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.
7. Дээр үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох 343,631,800 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “*******” ХХК-д холбогдох 343,631,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,098,287 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 935,762 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА