Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1346

 

 

 

 

 

  2019         08         29                                         2019/ШЦТ/1346

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эд холбогдох 1906 03707 1799 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 45 дугаар гудамжны 678 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 4 дүгээр гудамжны 3 тоотод түр оршин суух, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Сын Э /РД:................./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 4 давхарт иргэн С.Пүрэвсүрэнтэй маргалдан түүний толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим Мөнхмандахтай хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар байрны 4 давхарт Цогоо гэх айлд ортол зүс таних 4-5 залуу сууж байсан. Тэд нар 0.5 литрийн архи тал дундаа орчихсон, 0.75 литрийн задлаагүй архи ширээн дээр байсан. Тэгсэн тэр залуучуудын нэг нь надад 1 хундага архи хийж өгөөд тэрийг уугаад юм яриад сууж байтал дахин 1 хундагыг хийж өгөхөөр нь бас тэр архийг уусан. Тэгсэн Баясаа гэх залуу үгийн зөрүүгүй 0.5 литрийн Хараа нэртэй архины шилээр толгойн тус газар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Э ах бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 16 дугаар байранд байх Цогоо ахын гэрт очсон. Цогоо ахын гэрт Цогоо, Отгоо, Пүрэвсүрэн болон үл таних хоёр залуу архи ууж байсан. Ингээд архи ууж байгаад Пүрэвсүрэн болон Э хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Ингээд би тус өрөөнөөс гараад ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд Пүрэвсүрэнгийн толгой цус болсон байсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Отгоо гэх залуу Э ах архины шилээр Пүрэвсүрэнгийн толгой руу цохиод цус гаргачихлаа гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн  2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7615 дугаартай:

“1. С.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Би С.Пүрэвсүрэнгийн биед гэмтл учруулсан. Би нэг удаа архины шилээр Пүрэвсүрэнгийн толгойны дээд хэсэгт цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 4 давхарт иргэн С.Пүрэвсүрэнтэй маргалдан түүний толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Тэгсэн Баясаа гэх залуу үгийн зөрүүгүй 0.5 литрийн Хараа нэртэй архины шилээр толгойн тус газар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Отгоо гэх залуу Э ах архины шилээр Пүрэвсүрэнгийн толгой руу цохиод цус гаргачихлаа гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн  2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7615 дугаартай:

“1. С.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно... ” гэх дүгнэлт /хх.12/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч С.Пүрэвсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Э.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

С.Э нь хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Пүрэвсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Сын Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Эд сануулсугай.

          5. С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Пүрэвсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР