Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1351

 

 

 

 

 

  2019         08         30                                         2019/ШЦТ/1351

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Н.Б, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Б.Э нарт холбогдох 1906 03008 1640 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, “Рингроуд” ХХК-д оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, 1 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг, Хүрэмтийн 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7 дугаар гудамжны 34 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Нн Б /РД:............../,

2. Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рингроуд” ХХК-д замчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 77 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Бы Э /РД:........./,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Б, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан хотхоны зам дээр иргэн О.Энхбаттай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхбатын өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Оюунтуяа, охин Амингоо нарын хамт явж байгаад үл таних 2 эрэгтэй хүнд зодуулсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна... Намайг машинтайгаа явж байсан чинь замын ажил явагдаад зам хаагдсан байсан. Тэгээд миний урд нэг машин гудамж хаагаад хөндлөн зогссон байхаар нь тухайн машины жолоочид машинаа жоохон урагшлуулчих араар чинь гаръя гэж хэлсэн чинь зам хаалттай гаргахгүй гэхээр нь би хойшоо гарна гэж хэлтэл салаавч над руу гаргаад машинаасаа буугаад ирэхээр нь би ч буугаад очсон. Тэгтэл намайг шууд заамдаж авсан тухайн залуу. Тэгтэл нэг нь над руу тоосго шидэж миний нурууг онохоор нь тоосго шидсэн залууг барьж аваад газар унагаасан чинь намайг эхэлж заамдаж авсан шар саарал цамцтай залуу нь миний нүүрэн хэсэгт тоосгоор цохисон. Тэгээд хүмүүс салгасан тухайн 2 залуу согтуу байсан. Миний үүдэн шүд хөдөлсөн, нуруу, тохой зулгарсан, чихний ар урагдаж, зулгарсан... Манай эхнэрийг цохиж авсан, мөн машины дугаар нь 79-80 ӨВР улсын дугаартай Киа Лотис гэх маркийн машин байсан. Мөн миний машинлуу тоосго шидсэн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бий гэрчээр өгсөн: “Би тэр өдөр ажлынхаа залуу Эийн хамт зам тавих ажилд гэр хорооллын гудамж дундах автозам хаагаад явж байсан. Тэгсэн хар өнгөтэй креста машинтай танихгүй залуу эхнэр хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд хаачихсан замаар орох гээд байсан. Тэгэхэд нь би зам хаачихсан байна гээд тайлбарлахад тэр залуу уурлаад дайраад байсан. Тэгснээ тэр залуу машинаасаа бууж ирээд намайг түлхсэн. Тэгэхэд манай ажлын залуу болох Э бууж ирээд зам хаачихсан байхад гээд тэр залуутай бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа би тэр залуутай заамдалцсан. Тэгэхэд Э хажууд ирчихсэн байж байсан ба тэр танихгүй залуутай ноцолдож байгаад газар уначихсан. Би газар унасан байхдаа тэр залуугийн нүүр лүү 1-2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд байж байхад тэнд хүмүүс бид нарыг салгасан ба Э бид хоёр тэр залуугаас салаад явж байхад тэр залуу миний нуруу луу бэйсболын цохиураар нэг удаа цохисон. Намайг цохичихоод тэр залуу Эийн нүд рүү нөгөө цохиураараа нэг удаа цохисон. Тэгэхэд тэр залуугийн эхнэр нь салгаад нөхрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн гэрчээр өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цуг ажилладаг Бий хамт зам засварын ажил хийхээр Амгалан хотхоны зам дээр зам хаагаад байж байхад хар машин хаасан зам руу орох гээд байхаар нь Б эхэлж очоод тэр машины хүнтэй уулзсан. Тэгсэн нөгөө машины жолооч залуу машинаасаа бууж ирээд Бтэй хэрэлдээд байх шиг байсан би машин дотор сууж байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад аваад газар унахаар нь би машинаасаа бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгасан байхад тэр залуу Б бид хоёрыг хөсрийн царайтай гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэр залуутай заамдалцаж аваад бие биенээ түлхэж байгаад тэр залуутай дээр доороо ороод газар унасан. Тэгээд байж байхад тэнд байсан хүмүүс салгасан. Б бид хоёр тэр залуугаас салаад явж байхад тэр залуу хойноос дуудахаар нь эргээд харахад цохиураар миний нүүр лүү цохичихсон. Тэгэхэд нь би газар унаад босож ирээд тэр залуугийн дух хавьцаа нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд миний толгой даагдахгүй өвдөөд би доошоо тонгойгоод суусан. Намайг тонгойгоод сууж байхад Бийг тэр залуу нуруу луу нь цохиураар цохиж байгаа харагдсан. Тэгээд Б бид хоёр машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5731 дугаартай:

1. О.Энхбатын биед тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаас, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлээс тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бий яллагдагчаар өгсөн: “... Би болон миний найз Э бид хоёр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних Энхбат гэх залуутай маргалдаж улмаар, би Энхбат гэх залуутай барьцалдаж аваад Энхбат гэх залуу бид хоёр газар унаж ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа би Энхбат гэх үл таних залуугийн баруун хацар болон шанаан тус газар нь гараараа 2 удаа цохисон. Манай найз Э Энхбат гэх үл таних залуугийн нүүрэн тус газар нь бас гараараа цохиж байх шиг харагдсан. Яг хэдэн удаа яаж цохисныг бол мэдэхгүй байна. Энхбатын биед учирсан тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаасны зулгаралт гэмтэлийг манай найз Э бид хоёр Энхбатын нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж учруулсан. Харин баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл нь би Энхбаттай газар дээр доороо ороод ноцолдож байхад үүссэн гэмтэл гэж бодож байна... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг  /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би болон манай найз Б бид хоёр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних Энхбат гэх залуутай маргалдаж улмаар, Б Энхбат гэх залуутай барьцалдаж аваад Энхбат гэх залуу Б хоёр газар унаж ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа Б Энхбат гэх үл таних залуугийн баруун хацар болон шанаан тус газар нь гараараа 2 удаа цохисон. Би Энхбат гэх үл таних залуугийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Энхбатын биед учирсан тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаасны зулгаралт гэмтэлийг манай найз Б бид хоёр Энхбатын нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж учруулсан. Харин баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл нь би Энхбат Б хоёр газар дээр доороо ороод ноцолдож байхад үүссэн гэмтэл гэж бодож байна... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх.50-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Н.Б, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан хотхоны зам дээр иргэн О.Энхбаттай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхбатын өгсөн: “... Тэгтэл нэг нь над руу тоосго шидэж миний нурууг онохоор нь тоосго шидсэн залууг барьж аваад газар унагаасан чинь намайг эхэлж заамдаж авсан шар саарал цамцтай залуу нь миний нүүрэн хэсэгт тоосгоор цохисон... Миний үүдэн шүд хөдөлсөн, нуруу, тохой зулгарсан, чихний ар урагдаж, зулгарсан....” гэх мэдүүлэг /хх. 14-15/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бий гэрчээр өгсөн: “... Тэгэхэд Э хажууд ирчихсэн байж байсан ба тэр танихгүй залуутай ноцолдож байгаад газар уначихсан. Би газар унасан байхдаа тэр залуугийн нүүр лүү 1-2 удаа гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх. 16/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн гэрчээр өгсөн: “... Тэгээд би тэр залуутай заамдалцаж аваад бие биенээ түлхэж байгаад тэр залуутай дээр доороо ороод газар унасан... Б бид хоёр тэр залуугаас салаад явж байхад тэр залуу хойноос дуудахаар нь эргээд харахад цохиураар миний нүүр лүү цохичихсон. Тэгэхэд нь би газар унаад босож ирээд тэр залуугийн дух хавьцаа нэг удаа гараа атгаж байгаад цохисон... Намайг тонгойгоод сууж байхад Бийг тэр залуу нуруу руу нь цохиураар цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх. 17/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5731 дугаартай: “... О.Энхбатын биед тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дэдд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаас, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх. 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бий яллагдагчаар өгсөн: “... би Энхбат гэх залуутай барьцалдаж аваад Энхбат гэх залуу бид хоёр газар унаж ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа би Энхбат гэх үл таних залуугийн баруун хацар болон шанаан тус газар нь гараараа 2 удаа цохисон. Манай найз Э Энхбат гэх үл таних залуугийн нүүрэн тус газар нь бас гараараа цохиж байх шиг харагдсан. Энхбатын биед учирсан тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1,2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаасны зулгаралт гэмтэлийг манай найз Э, бид хоёр Энхбатын нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж учруулсан. Харин баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл нь би Энхбаттай газар дээр доороо ороод ноцолдож байхад үүссэн гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг  /хх.45-46/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би болон манай найз Б бид хоёр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних Энхбат гэх залуутай маргалдаж улмаар, Б Энхбат гэх залуутай барьцалдаж аваад Энхбат гэх залуу Б хоёр газар унаж ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа Б Энхбат гэх үл таних залуугийн баруун хацар болон шанаан тус газар нь гараараа 2 удаа цохисон. Би Энхбат гэх үл таних залуугийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Энхбатын биед учирсан тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, баруун хацар, баруун чихний ар нугалаасны зулгаралт гэмтэлийг манай найз Б бид хоёр Энхбатын нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж учруулсан. Харин баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл нь би Энхбат Б хоёр газар дээр доороо ороод ноцолдож байхад үүссэн гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.50-51/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б, Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцов.

Н.Б, Б.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч О.Энхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б, Б.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Б, Б.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч Н.Б, Б.Э нарт оногдуулсан оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Н.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Нн Б, Ө овогт Бы Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Б, Б.Э нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Б, Б.Э нарт тус тус сануулсугай.

5. Н.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.Энхбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ               С.ӨСӨХБАЯР