| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06573/И |
| Дугаар | 4751 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 4751
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5341469 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 7/1 тоотод байрлах “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЗП67020905 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 65-00 тоот хаягт оршин суух, Далхаагийн Намхайдагвад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.221.972,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Намхайдагва болон Төрийн банк нар нь харилцан тохиролцож 2014 оны 1 сарын 02-ны өдөр 22150013408 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Төрийн банк нь ирэгн Д.Намхайдагвад 8.323.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч Д.Намхайдагва нь зээлийн гэрээний 3.2.3-т заасан Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ зөрчсөн бөгөөд банкны зүгээс гэрээний 5.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардаж байна. Иймд Д.Намхайдагваас нийт үлдэгдэл 7.221.972,27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Намхайдагва би төрийн банкнаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7.221.972,27 төгрөгийг надаас нэхэмжилсэн байна. Би нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Д.Намхайдагваас үндсэн зээл 5.914.174,69 төгрөг, үндсэн хүү 1.227.706,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.091,13 төгрөг, нийт 7.221.972,27 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Д.Намхайдагва нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.221.972,27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгуй. хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдпага болгон
1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Д.Намхайдагвад холбогдуулан 7.221.972,27 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Намхайдагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.501,55 төгрөгөөс, 65.260 төгрөгийг улсын төсвөөс, 65.260 төгрөгийг хариуцагч Д.Намхайдагваас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ