Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01118

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/04063 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,034,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 02/02/АГГ-089 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******ны *******ны ******* давхар хүртэл довжоо, сапудыг барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг 500,000,000 төгрөгийн ажлын хөлс авах,

мөн өдөр 02/02/АГГ тоот гэрээ байгуулж, мөн орон сууцны D блокны бэлтгэл бетон нил хавтан суурь, ******* давхар хүртэл барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг 630,750,000 төгрөгийн ажлын хөлс авах нөхцөлтэйгөөр тус ажлуудыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон.

1.2. Захиалагч тал барилгын материалыг нийлүүлэхгүйгээс ажлыг зогсоож, талууд гэрээг дүгнэхэд 02/02/АГГ-089 тоот гэрээгээр *******ны *******ын 3 давхраас 9 давхар, 02/02/АГГ тоот гэрээгээр *******ны D блокын суурь угсралт, зоорийн давхраас 3 давхрын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлсөнд захиалагч 402,960,000 төгрөг төлөхөөс 174,152,000 төгрөг болон бартерт 156,520,000 төгрөгийн орон сууц буюу нийт 330,672,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл ажлын хөлс 72,288,000 төгрөг болох талаар тооцоо нийлсэн. Үүнээс ******* ХХК-иас шилжүүлсэн төлбөр нь энэ ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлөгдсөн байсныг мэдээгүй байсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 32,254,000 төгрөгөөр багасгаж, 40,034,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ажлын гүйцэтгэлд 402,960,000 төгрөгөөс 224,330,000 төгрөгийг төлснөөс гадна бартераар 156,520,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д зааснаар төлбөр шилжүүлэхдээ НӨАТ суутгаагүй шилжүүлсэн тул 5,003,090 төгрөгийг хасч тооцуулна.

2.2. Мөн ХХК нь манай хамаарал бүхий компани бөгөөд 02/02/АГГ-089 тоот гэрээгээр *******ны D блокийн суурь угсралт, зоорийн давхраас 3 давхрын угсралтын ажил хийж, ажлын хөлсөнд 402,960,000 төгрөг төлөхөөс 108,186,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад 11,639,000 төгрөгийн пум сапудын актыг АСГ-д үлдээв гэж бичсэн ба ******* нь 11,639,000 төгрөгийн үнэ бүхий сапудыг өөртөө авч үлдсэн. Иймд нэхэмжлэлээс 16,642,090 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 40,034,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь 32,254,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар тооцоо нийлсэн актаар ажлын хөлсөнд 206,406,000 төгрөг, бартераар 156,520,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл *******д ажлын хөлсөнд манай талаас нийтдээ 362,926,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогддог.

4.2. Дээрх дүнгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д зааснаар НӨАТ-ын авлагад 5,003,090 төгрөг авахаар байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгохоор заасан. Энэ талаар мөн гэрчийн мэдүүлэгт дурдсан байдаг.

4.3. Тооцооны үлдэгдэл баталгааны баримтад 11,639,000 төгрөгийн пум сапудын актыг үйлдэж бичсэн бөгөөд ******* нь ХХК-д 11,639,000 төгрөгийн үнэ бүхий пум сапудын төлбөр болох мөнгийг төлөхөөр байна. Дээрх дүнг тус тус хасч тооцохоор байсан.

4.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7, 1.8, 4.1-д заасны дагуу 20,148,000 төгрөгийн чанарын баталгаа-г 3 жилийн хугацаанд байршуулахаар тохиролцсон тул чанарын баталгааны хугацаа дуусгавар болоогүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч компаниас бэлэн мөнгө болон бартерын хэлбэрээр нийт 362,926,000 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д төлбөр орж ирэхэд НӨАТ шивэгдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй учраас НӨАТ шивэгдээгүй.

5.2. Пум сапудын үнэ болох 11,639,000 төгрөгийн төлбөрийг төлөх талаар гэрээнд тусгагдаагүй бөгөөд хариуцагч тал энэ талаарх баримтыг гаргаж өгөөөгүй.

5.3. Гэрээний 2.5-д баталгааг 1 жилийн хугацаанд байршуулна гэж заасан. Гэтэл давж заалдах гомдолдоо 3 жил гэж бичиж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч *******, хариуцагч ХХК-ийн хооронд 2023 оны 05 сарын 01-ний өдөр 02/02/АГГ-089 тоот ажил гүйцэтгэх /ерөнхий нөхцөл/ гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээ тус тус байгуулагдаж, дээрх гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, *******ны *******ны ******* давхар болон техникийн давхрын шат, довжоо, пандус барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, ХХК 508,080,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн талуудын хооронд 2023 оны 05 сарын 01-ний өдөр 2/02АГГ тоот ажил гүйцэтгэх /ерөнхий нөхцөл/ гэрээ болон 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, *******ны D блокны бетон нил хавтан суурь, В1 давхраас 13 хүртэл барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, ХХК нь 630,750,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар мөн анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Талууд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, захиалагч ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 72,288,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч *******д төлөх өглөгтэй болохыг баталгаажуулжээ. Энэ баримтад гүйцэтгэсэн ажлын хэмжээг 402,960,000 төгрөг, бэлэн мөнгөөр хийсэн төлөлтийг 174,152,000 төгрөг, бартераар хийсэн төлөлт 156,520,000 төгрөг гэж тус тус тодорхойлжээ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 32,254,000 төгрөгөөр багасгаж, 40,034,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр тодорхойлж хэргийг шийдвэрлэх байтал нэхэмжлэгч талыг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж дүгнэж, 32,254,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно.

6. Хариуцагч ХХК нь гуравдагч этгээд болох ******* групп ХХК-иар 2023 оны ******* сарын 15-ны өдөр 17,924,000 төгрөгийг төлүүлсэн төлбөрийг хасч тооцуулна гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч нэхэмжлэлийг багасан үнийн дүнд оруулан тооцсон нь зөв болжээ.

7. Нэхэмжлэгч ******* 40,034,000 төгрөгийг хариуцагч ХХК төлөөгүй гэх баримтыг талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэж шаардсан тохиолдолд нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох учиртай.

7.1. 02/02/АГГ-089 тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 2.5 болон 02/02АГГ тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 2.12-т Хэрэв гүйцэтгэгч тал НӨАТ төлөгч бол НӨАТ-ын баримтыг төлбөр төлөх бүрт авна. НӨАТ-ын баримтыг ирүүлээгүй нөхцөлд НӨАТ-ыг суутган шилжүүлнэ. Гүйцэтгэгч тал гүйцэтгэлийн төлбөр авах бүртээ тухайн ажилд зарцуулсан материалын тооцооллыг захиалагч талд гаргаж өгнө гэж тус тус тохиролцсон байна. Иймд хариуцагч талаас төлбөр төлөөгүй тохиолдолд НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгч тал өгөх боломжгүй гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байх тул НӨАТ-ын татварт 5,003,090 төгрөгийг хариуцагч төлөхгүй гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлээс хасч шийдвэрлэхгүй болно.

7.2. Нэхэмжлэгч ******* болон ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 11,693,000 төгрөгийн пум, сапудын актыг АСГ-д үлдээв гэсэн бичилт хийгдсэн байгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал нэхэмжлэгч уг мөнгөн дүнг хариуцахаар талууд харилцан тохиролцсон гэж дүгнэхээргүй байна.

7.3. 02/02/АГГ-089 тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 1.7 болон 02/02АГГ тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 1.17-д чанарын баталгаат хугацааг Барилгын тухай хуулийн дагуу гэж тохиролцсон боловч 02/02/АГГ-089 тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 2.4 болон 02/02АГГ тоот ажил гүйцэтгэх /тусгай нөхцөл/ гэрээний 2.11-д тус тус нарийвчлан тогтоохдоо 2 тал ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлцсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд чанарын баталгаанд тохиролцсон мөнгөн хөрөнгийг байршуулна гэжээ. Иймд уг хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч тал холбогдох мөнгөн хөрөнгийг өгөхөөс татгалзах эрхгүй болжээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон тул 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/04063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА