Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1352

 

 

 

 

 

  2019         08         30                                         2019/ШЦТ/1352

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1821/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нт холбогдох 1906 00604 1518 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, боловсролгүй,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65-б байрны 30 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Эын Н /РД:....../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Э.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65-б байрны 30 тоотод иргэн А.Цэцэгмаагийн өмчлөлийн Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65-б байрны 30 тоотод иргэн А.Цэцэгмаагийн өмчлөлийн Дэлл маркийн A3 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65-б байрны 30 тоотод нагац эгч А.Цэцэгмаагийн хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар тасдан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Амартүвшингийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Г.Нармандахын эзэмшлийн ХААН банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 471.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.7-12/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Самсунг Эс-7 маркийн гар утасны үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 260,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цэцэгмаагийн өгсөн: “Манай дүүгийн хүүхэд болох Н 2019 оны 01 дүгээр сард намайг утсаа цэнэглэчихээд сууж байхад “утсаа өгчих” гэхээр нь “цаана чинь ээжийн чинь утас байгаа” гэхэд цэнэглэгчийг нь салгаж шууд аваад гараад явсан. Би утсаа 320.000 төгрөгөөр 2-3 сарын өмнө нь авч байсан S-7 Эдж нэртэй утас байсан. Надаас гуйхаар нь би өгөөгүй юм. Тэгэхэд цэнэглэгчээс нь салгаад аваад гарсан. Мөн миний утсыг авсныхаа маргааш DELL A3 маркийн нөүтбүүкийг аваад явсан байсан. Тухайн үед би тэр талаар мэдээгүй байсан. Сүүлд Нийн ээж ирээд компьютер чинь алга байна гэхээр нь мэдсэн… Би шүүх хуралд суухгүй гомдол санал гэвэл үлдсэн 150.000 төгрөгөө авмаар байна. Миний гинж алтан гинж байгаагүй монетон гинж байсан. Би тэр гинжийг 2017 онд Мөнгөн завьяа гэх газраас 220.000 төгрөгөөр авч байсан. 3,2 граммтай гинж байсан, би авсан үнээрээ л үнэлмээр байна. Миний гинжийг авангаа “энийгээ өгчих” гээд өөдөөс яваад ирсэн, тухайн үед би юуг нь мэдээгүй, тэгтэл шууд над дээр ирээд миний хүзүүнд байсан гинжнээс бариад авсан. Тэгэхээр нь би “болиоч яах гээд байгаа юм бэ” гээд хашгиртал түгжээг нь тайлах гээд чадалгүй тасдаж аваад явсан, би хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүн тул төдийлөн эсэргүүцэж чадаагүй... Манай төрсөн дүүгийн хүүхэд болох Н сүүлийн үед их ааш зан нь эвдрээд байгаа хүүхэд. Оюуны хомсдолтой л гэж ярьдаг юм, эмнэлгээр явахаар зүгээр гэдэг гэсэн. Тамхи татна, мөн утсаар хүмүүстэй ярьж, фейсбүүкээр холбогдож байгаад л гараад явчихдаг, тэгээд шөнө л гэртээ орж ирж байгаа бололтой байдаг... Надад хохирлын мөнгө гэж 1 сая төгрөг өгсөн. Үнэлгээгээр бол 1.150.000 мянган төгрөгийн хохирол гарсан байсан, одоо үлдсэн 150.000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Дэлл маркийн А3 марикийн зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээг “Дамно” ХХК нь 779.940 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.49/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Монетон гинжийг “Тод Үнэлгээ” ХХК нь 220,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байж байгаад Цэцэгмаа эгчээс “утсаа өгч бай би найз руу яриадахъя” гээд авсан, тэгээд би гэрээс гарч явсан, Цэцэгмаа эгч “утас аваад ир” гээд араас орилж байсан. Би тэр гар утсыг гэрийнхээ гадна танихгүй явуулын машинтай хүнд 10.000 төгрөгөөр зарсан, тэр мөнгөө одоо яаснаа мартчихсан байна. Тэгээд би найзындаа хоноод маргааш нь гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө гэртээ ирсэн манай гэр цоожтой байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгаа онгойлгуулаад гэртээ ороод Цэцэгмаа эгчийн Dell маркийн зөөврийн компьютер нөгөө талын өрөөнд байхаар нь мэдэгдэлгүй даавуун цүнхэнд хийгээд авч явсан. Би Сансарын туннель дээр байдаг ломбардын эзэнд “150.000 төгрөгөөр заръя” гэсэн чинь тэр хүн “ардаа хагарчихсан байна, 70.000 төгрөгөөр авъя” гэхээр нь за гээд зарсан. Би тэр мөнгөөр нь Сансарт цайны газарт орж хоол авч идэн үрээд дуусгасан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад Цэцэгмаа эгчийн хүзүүнд байсан монетон гинжийг хүзүүнээс нь тайлаад авах гэсэн чинь боль гээд уйлаад байсан, тэгэхээр нь би гинжийг нь тасдаж аваад шууд гэрээсээ гараад явсан. Би тэр монетон гинжийг Сансарын туннель дээр байдаг нэрийг нь сайн мэдэхгүй ломбардын эзэнд хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна, зарсан мөнгөөр нь би яаснаа санахгүй байна... Надад мөнгөний хэрэг гараад би Цэцэгмаа эгчийн Самсунг эс-7 маркийн гар утас, Dell маркийн зөөврийн компьютер, монетон гинж зэргийг авсан. Би тэр мөнгийг яаж үрж дуусгаснаа санахгүй... Би ганцаараа авсан өөр хүн байгаагүй... Би тэр үед эрүүл байсан архи уугаагүй байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст нэг хэрэг байгаа өөр байхгүй... Би энэ хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх. 83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нармандахын өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 07 цагийн Баянзүрх 10 хороо, Цагдаа хотхоны гадаа манай найз Дөлгөөний хамт байж байгаад Нараа гэдэг охинтой таараад Амартүвшин гэдэг найзын гэрт Дөлгөөн, Нараа, бид гурав ороод 0.5 граммын Чингис 2.5 литрийн пиво ууж байгаад би тасраад унтаж байх хойгуур Нараа гэдэг охин миний хэтэвчнээс ХААН банкны картыг хулгайлж яваад нийт 450.000 төгрөг уншуулж авсан байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон... Э овогтой Н гэдэг сайн танихгүй, манай найз Дөлгөөн таньдаг гэр нь Да хүрээ захын хажууд байдаг өөр зүйл сайн мэдэхгүй... Өмнө нь архи пиво авахдаа миний картыг аваад явсан, тэгэхэд би нууц кодоо хэлж байсан, тэгээд мэдсэн... Надад гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх.95-96/,

Хохирогч Н.Нармандахын ХААН банкны 5018281112 дугаар данснаас 471.500 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.101/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дөлгөөний өгсөн: “2019 оны 05 сарын 17-ны өглөө 05 цагийн үед байрны гадна найз Нармандахын хамт таксинд сууж байгаад Нтэй таарсан. Н бид хоёроос “юу хийж байгаа юм бэ, хамт явъя” гээд таксинд орж ирээд суусан. Тэгээд бид хоёр тэгье гээд Амгалангийн Цагдаа хотхонд байдаг найз Нямготовынд 06 цаг 30 минутын үед очсон, байрны доод талын хүнсний дэлгүүрээс ундаа, ус аваад орсон. Тэднийд байж байгаад буцаад Нт Нармандах өөрийнхөө ХААН банкны картыг өгөөд цаасан дээр пин кодоо бичээд өгсөн. Н дэлгүүрээс Сэнгүр нэртэй, ногоон савтай, 2.5 литрийн пиво 2ширхгийг, Соёрхол нэртэй 0.75 гр архи 1 шил, Түмний ундаа 1 ширхэг, Эссэ тамхи 1 хайрцаг зэргийг авч ирсэн. Бид нар хувааж уусан, тэгээд бид нар согтоод унтаж байх хойгуур Н манай найз Нармандахын ХААН банкны картыг аваад явсан байсан. Тэгээд Нармандахын гар утсанд Саран дэлгүүр гэсэн 21.500 төгрөгийн дансны гүйлгээ хийсэн мэдээлэл ирсэн. Бид хоёр Саран нэртэй хүнсний дэлгүүр дээр очоод асуусан чинь намхан шар үстэй охин орж ирсэн гэсэн, худалдагч эгчээс ойрхон ATM хаана байгаа вэ гэж асуухаар нь Оргил худалдааны төвийн ATM -ыг зааж өгсөн гэсэн, тэгээд удаагүй байж байтал 150.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээ орж ирсэн нийт 450.000 гүйлгээ хийсэн. Бид хоёр Оргил худалдааны төвийн хяналтын камерыг шүүгээд өгөөч гэсэн чинь хамгаалагч нь цагдаа байх ёстой гээд камер шүүж өгөөгүй, тэгэхээр бид хоёр цагдаа дээр ирээд бүртгүүлсэн... Би Нийг 2019 оны 05 сараас эхлэн таньдаг болсон. Урьд нь би таньдаггүй байсан. Ямар нэг зорилго байгаагүй Н өөрөө гуйгаад байхаар нь хамт явсан... Би мэдээгүй цаад талын өрөөнд байсан.  Нармандах том өрөөнд зурагтын хажуугийн орон дээр согтуу хэвтэж байсан, Нийг авч явсныг мэдээгүй. Нармандах мөнгө ав гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх. 105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 05 сарын 17-ны өглөө 07 цагийн үед манай байрны гадна Дөлгөөн гэдэг эгч найз Нармандахын хамт сууж байсан. Тэгээд би тэр хоёр дээр явж очоод хамт юм ярьж сууж байгаад  Дөлгөөн эгч “хамт Нармандахын найзынд пиво ууя” гэсэн, тэгэхээр нь би за гээд хамт явсан. Тэгээд айлд очоод намайг Дөлгөөн эгч, Нармандах ах хоёр ХААН банкны картаа өгөөд “хүнсний дэлгүүрээс архи пиво аваад ир” гэсэн, тэгэхээр нь би за гээд тэднийхээс гараад жоохон доошоо яваад хүнсний дэлгүүрээс хүрэн савтай, 2,5 гр савалгаатай, Нийслэл нэртэй хоёр пиво аваад буцаж орсон, тэгээд тэр айлд бид нар пиво ууж байгаад Нармандах ах согтоод том өрөөнд унтаад өгсөн, тэгэхээр нь би ахаа картаа өгчих гээд гуйж байгаад өгөхгүй байхаар карманаас нь аваад гараад явчихсан юм. Тэгээд пиво авсан хүнсний дэлгүүрээс 20.000 төгрөг аваад ХААН банкны асуусан чинь “доошоо яваад ХААН банкны ATM” байгаа гэхээр нь такси бариад явсан аль ATM гэдгийг нь мэдэхгүй байна, ХААН банкны АТМ-с тэнд мөнгө авч байсан явуулын эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс гуйж байгаад 150.000 төгрөгөөр гурван удаа нийт 450.000 төгрөг авсан. Гэртээ очсон чинь ээж байхгүй байхаар нь үүдний жижүүр дээр байж байгаад жижүүр ахаас гар утсыг нь худалдаж аваад Сансарын туннель дээр авч очоод засуулсан, тэгээд би гэртээ ирээд ээжид би “хүн утас өгсөн” гэж худлаа ярьсан, тэгээд тэр утас удалгүй бас эвдэрчихсэн, одоо манай гэрт байгаа... Би Нармандахыг тэр өдөр танилцсан урьд нь таньдаггүй байсан. Нармандах ах намайг дэлгүүрээс пиво авчруулахдаа пин кодоо цаасан дээр бичиж өгсөн... Би Зулаа гэдэг найз дээрээ очих гээд мөнгө хэрэгтэй болчихоод хулгай хийсэн. Би ганцаараа хулгай хийсэн өөр хүн байхгүй байсан... Би тэр өдөр том хүрэн савтай 2 пиво хувааж уусан. Би жоохон согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.112/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-12/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.47-51/,

          Э.Нийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.24/,

          Сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтүүд /хх.29-31, 41-44/,

          Өмгөөлөгчийн хүсэлт /хх.36/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.57/,

          Хохирол төлсөн баримтууд /хх.85, шинээр гаргаж өгсөн 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Э.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 656-30 тоотод иргэн А.Цэцэгмаагийн өмчлөлийн 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх,

2. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 656-30 тоотод иргэн А.Цэцэгмаагийн өмчлөлийн 779.940 төгрөгийн үнэ бүхий Дэлл маркийн A3 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

3. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 65б-30 тоотод нагац эгч А.Цэцэгмаагийн хүзүүнд зүүлттэй байсан 220.000 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар тастан авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.7-12/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Самсунг Эс 7 маркийн гар утасны үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 260,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цэцэгмаагийн өгсөн: “... Манай дүүгийн хүүхэд болох Н 2019 оны 01 дүгээр сард намайг утсаа цэнэглэчихээд сууж байхад “утсаа өгчих” гэхээр нь “цаана чинь ээжийн чинь утас байгаа” гэхэд цэнэглэгчийг нь салгаад шууд аваад гараад явсан... Мөн миний утсыг авсныхаа маргааш DELL A3 маркийн нөүтбүүкийг аваад явсан байсан… Миний гинжийг авангаа “энийгээ өгчих” гээд өөдөөс яваад ирсэн тухайн үед би юуг нь мэдээгүй, тэгтэл шууд над дээр ирээд миний хүзүүнд байсан гинжнээс бариад авсан. Тэгэхээр нь би “болиоч яах гээд байгаа юм бэ” гээд хашгиртал түгжээг нь тайлах гээд чадалгүй тасдаад аваад явсан, би хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүн тул төдийлөн эсэргүүцэж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Дэлл маркийн А3 марикийн зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээг “Дамно” ХХК нь 779.940 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.49/,

Хохирогч А.Цэцэгмаагийн өмчлөлийн Монетон гинжийг "Тод Үнэлгээ" ХХК нь 220,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх. 51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байж байгаад би Цэцэгмаа эгчээс “утсаа өгч бай би найз руу яриадахъя” гээд авсан, тэгээд би гэрээс гарч явсан, Цэцэгмаа эгч “утас аваад ир” гээд араас орилж байсан. Би тэр гар утсыг гэрийнхээ гадна танихгүй явуулын машинтай хүнд 10.000 төгрөгөөр зарсан тэр мөнгөө одоо яаснаа мартчихсан байна. Тэгээд би найзындаа хоноод маргааш нь гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө гэртээ ирсэн манай гэр цоожтой байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгаа онгойлгуулаад гэртээ ороод Цэцэгмаа эгчийн Dell маркийн зөөврийн компьютер нөгөө талын өрөөнд байхаар нь мэдэгдэлгүй даавуун цүнхэнд хийгээд авч явсан. Би Сансарын туннель дээр байдаг ломбардын эзэнд “150.000 төгрөгөөр заръя” гэсэн чинь тэр хүн “ардаа хагарчихсан байна, 70.000 төгрөгөөр авъя” гэхээр нь за гээд зарсан. Би тэр мөнгөөр нь Сансарт цайны газарт орж хоол авч идээд үрээд дуусгасан. Дараа нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад Цэцэгмаа эгчийн хүзүүнд байсан монетон гинжийг хүзүүнээс нь тайлаад авах гэсэн чинь боль гээд уйлаад байсан, тэгэхээр нь би гинжийг нь тасдаж аваад шууд гэрээсээ гараад явсан. Би тэр монетон гинжийг Сансарын туннель дээр байдаг нэрийг нь сайн мэдэхгүй ломбардын эзэнд хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна зарсан, мөнгөөр нь би яаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх. 83/,

4. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Амартүвшингийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Г.Нармандахын эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 471.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нармандахын өгсөн: “... Амартүвшин гэдэг найзын гэрт Дөлгөөн, Нараа, бид гурав ороод 0.5 граммын Чингис 2.5 литрийн пиво ууж байгаад би тасраад унтаж байх хойгуур Нараа гэдэг охин миний хэтэвчнээс ХААН банкны картыг хулгайлж яваад нийт 450.000 төгрөг уншуулж авсан байсан... Өмнө нь архи пиво авахдаа миний картыг аваад явсан, тэгэхэд би нууц кодоо хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх. 95-96/,

Хохирогч Н.Нармандахын ХААН банкны 5018281112 дугаар данснаас 471,500 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх. 101/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дөлгөөний өгсөн: “... тэгээд бид нар согтоод унтаж байх хойгуур Н манай найз Нармандахын ХААН банкны картыг аваад явсан байсан. Тэгээд Наранмандахын гар утсанд Саран дэлгүүр гэсэн 21.500 төгрөгийн дансны гүйлгээ хийсэн мэдээлэл ирсэн. Бид хоёр Саран нэртэй хүнсний дэлгүүр дээр очоод асуусан чинь намхан шар үстэй охин орж ирсэн гэсэн худалдагч эгчээс ойрхон ATM хаана байгаа вэ гэж асуухаар нь Оргил худалдааны төвийн ATM -ыг зааж өгсөн гэсэн, тэгээд удаагүй байж байтал 150.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээ орж ирсэн нийт 450.000 гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх. 105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нийн яллагдагчаар өгсөн: “... тэгээд тэр айлд бид нар пиво ууж байгаад Нармандах ах согтоод том өрөөнд нь унтаад өгсөн, тэгэхээр нь би “ахаа картаа өгчих” гээд гуйж байгаад өгөхгүй байхаар карманаас нь аваад гараад явчихсан юм. Тэгээд пиво авсан хүнсний дэлгүүрээс 20.000 төгрөг аваад ... ХААН банкны АТМ-нээс тэнд мөнгө авч байсан явуулын эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс гуйж байгаад 150.000 төгрөгөөр гурван удаа нийт 450.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.112/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх.7-12/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.47-51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргүүдийн үндсэн шинжийг тус тус агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Э.Н нь хохирогч А.Цэцэгмаад 1.259.940 төгрөг, хохирогч Г.Наранмандахад  471.500 төгрөг тус тус нөхөн төлж хохирлыг барагдуулсан учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Э.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохгүй тул энэ тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Э.Н урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Эын Нийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Нт оногдуулсан нийт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Э.Н урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Цэцэгмаад 1.259.940 төгрөг, хохирогч Г.Наранмандахад  471.500 төгрөг тус тус нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                         

                                    ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР