Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1372

 

 

 

 

 

  2019         09         04                                         2019/ШЦТ/1372

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч М.Оа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Оад холбогдох 1806 08423 1771 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Завханмандал суманд 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолын хэсэг гудамж, Булгийн ам гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 9 дүгээр гудамжны 295А тоотод түр оршин суух, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Мийн Оа /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Оа нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын хойд талын Төрийн банкны бэлэн мөнгөний машинд иргэн Ж.Гэрэлийн хийсэн 380.000 төгрөг буцан гарч ирснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оагийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Гэрэлийн өгсөн:  “... 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд хаалганы тэнд байдаг Төрийн банкны ATM орж данс руугаа 400.000 төгрөг хийхэд 20.000 төгрөг гологдож гарч ирсэн. Ингээд 20.000 төгрөгөө аваад Хятад руу яваад 2018 оны 10 дугаар сарын эхээр ирээд данснаасаа мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байсан Төрийн банкнаас орж асуухад мөнгө орж ирээгүй байна гэхээр нь өргөдөл бичиж шалгуулахад миний дараа ХААН банкны картаар үйлчлүүлсэн хүн миний мөнгийг авч байгаа бичлэг байна гэсэн ба ХААН банкнаас ярихад би аваагүй гээд хүлээн зөвшөөрөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан... миний мөнгийг авсан гэх эмэгтэй хүнээс 380.000 төгрөгөө шилжүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.17-19, 58-59/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оагийн гэрчээр өгсөн: “... Тухай өдөр 11 цагийн үед Нарантуул захын ард байрлах Төрийн банкны АТМ-с 200.000 төгрөг авахаар орсон бөгөөд орох үед мөнгө гардаг хэсгээс мөнгө цухуйж гарсан байдал байхаар нь тэр мөнгийг аваад өөрийн картыг уншуулж 200.000 төгрөг аваад тэндээс гараад Нарантуул зах руу орж юмнуудаа авчихаад гэр лүү очоод уг мөнгийг тоолоход нийт 380.000 төгрөг байсан бөгөөд би уг мөнгийг 14 хоног хадгалсан боловч ямар ч хүн ярихгүй байсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад уг мөнгийг хэрэглэж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оагийн яллагдагчаар өгсөн: “... Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд ортол бэлэн мөнгөний машинаас мөнгө гараад ирсэн байхаар нь ойр орчимд хүн байхгүй болохоор нь тэр мөнгийг нь аваад тоолж үзэхэд 380.000 төгрөг байсан... Тухайн мөнгийг би 14 хоног өөртөө байлгаж байгаад Хас банкны цалингийн зээлийн төлөлтөндөө хийсэн... Би учруулсан хохирлоо барагдуулсан...”  гэх мэдүүлэг /хх. 53-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Оа нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын хойд талын Төрийн банкны бэлэн мөнгөний машинд иргэн Ж.Гэрэлийн хийсэн 380.000 төгрөг буцан гарч ирснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Гэрэлийн өгсөн:  “... Төрийн банкнаас орж асуухад мөнгө орж ирээгүй байна гэхээр нь өргөдөл бичиж шалгуулахад миний дараа ХААН банкны картаар үйлчлүүлсэн хүн миний мөнгийг авч байгаа бичлэг байна гэсэн ба ХААН банкнаас ярихад би аваагүй гээд хүлээн зөвшөөрөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан... миний мөнгийг авсан гэх эмэгтэй хүнээс 380.000 төгрөгөө шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.17-19, 58-59/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оагийн гэрчээр өгсөн: “... Тухай өдөр 11 цагийн үед Нарантуул захын ард байрлах Төрийн банкны АТМ-с 200.000 төгрөг авахаар орсон бөгөөд орох үед мөнгө гардаг хэсгээс мөнгө цухуйж гарсан байдал байхаар нь тэр мөнгийг аваад өөрийн картыг уншуулж 200.000 төгрөг аваад тэндээс гараад Нарантуул захруу орж юмнуудаа авчихаад гэрлүү очоод уг мөнгийг тоолоход нийт 380.000 төгрөг байсан бөгөөд би уг мөнгийг 14 хоног хадгалсан боловч ямар ч хүн ярихгүй байсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад уг мөнгийг хэрэглэж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оагийн яллагдагчаар өгсөн: “... Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд ортол бэлэн мөнгөний машинаас мөнгө гараад ирсэн байхаар нь ойр орчимд хүн байхгүй болохоор нь тэр мөнгийг аваад тоолж үзэхэд 380.000 төгрөг байсан... Тухайн мөнгийг би 14 хоног өөртөө байлгаж байгаад Хас банкны цалингийн зээлийн төлөлтөндөө хийсэн...” гэх мэдүүлэг /хх.53-55/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Оагийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ж.Гэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд М.Оаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Оагийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

М.Оа нь хохирлын 380.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ж.Гэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Оагийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Оад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Оад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          М.Оа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. С овогт Мийн Оаг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Оад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Оад сануулсугай.

          5. М.Оа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 380.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Гэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР