| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/00233/И |
| Дугаар | 210/МА2025/01119 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01119
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 193/ШШ2025/00325 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд 55,124,250 төгрөг, алдангид 27,562,125 төгрөг, нийт 82,686,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-аас нийт 9,701,100,000 төгрөгөөр өөрийн барьж буй 4 блок барилгын хэрэгцээнд шаардлагатай бүх арматур төмрийг худалдан авахаар тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5,045,465,000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ болон 4,655,635,000 төгрөгийн үнэ бүхий арилжааны гэрээг тус тус байгуулсан.
1.2. Тус хоёр гэрээний тусгай нөхцлийн 3-т арматур төмрийг хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,169,490,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг авахаар тохирч төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанийн данс руу шилжүүлсэн.
1.3. Төлбөрийг шилжүүлж үүрэг гүйцэтгүүлснээр 22/070202 тоот дугаартай арилжааны гэрээний үүрэг мөн адил дүнгээр биелэгдэх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь бэлэн төлбөрийг хүлээн авснаас хойш арматур төмрийг бүрэн нийлүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд өгөлгүй хугацаа хожимдуулж бага багаар өгсөөр эцэст нь бид хариуцагчаас бэлэн мөнгө болон бартерийн авлагатай болсон.
1.4. Талууд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талууд санхүүгийн тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хүлээн авсан бэлэн мөнгөний үлдэгдэл 123,874,250 төгрөг, арилжааны гэрээний үүрэгт 1,169,490,000 төгрөгийн арматур төмрийг эцсийн байдлаар 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлж дуусгахаар тохиролцсон.
1.5. Актыг баталгаажуулснаас хойш манай компанийн зүгээс арилжааны гэрээний төлбөрт өгөх төслийн бартерийн орон сууцыг захиалгын гэрээ хийж баталгаажуулж авах талаар мөн бэлэн бартерд эд хөрөнгө санал болгож байсан ч хариуцагчийн зүгээс тодорхой хариу өгөөгүй. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 68,750,000 төгрөгийн арматур төмөр нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагчтай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2/070201 тоот дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бэлэн төлбөрийн үлдэгдэл 55,124,250 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 27,562,125 төгрөг, нийт 82,686,375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани ******* ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 55,124,250 төгрөгийн арматур нийлүүлээгүйг зөвшөөрч байна. Алдангид 27,562,125 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн удирдлагууд алдангийн талаар ярилцаад зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ жил үйлдвэрээ ажиллуулаад эхлэх юм бол 55,124,250 төгрөгийн арматураа нийлүүлж өгнө гэж хувьцаа эзэмшигч захирлуудын шийдвэр гарсан байгаа учир нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,124,250 төгрөг, алданги 27,562,125 төгрөг, нийт 82,686,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 572,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 193/ШЗ2025/00987 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлд худалдагч тал гэрээгээр тогтоосон барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд худалдан авагч тал гэрээний төлбөрийг үл маргах журмаар буцаан нэхэмжлэх бөгөөд ингэхдээ нийлүүлээгүй хоног тутамд нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгээс 0,1 хувийн алдангийг тооцно гэж тохиролцсон байна гэж худалдах, худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөрт 55,124,250 төгрөг, алдангид 27,562,125 төгрөг, нийт 82,686,375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн хувьд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 55,124,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2 байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсон гэж маргаж буй байр сууриа шүүхэд илэрхийлсэн байхад шүүхээс алдангийн зохицуулалтад дүгнэлт хийлгүйгээр хариуцагчаас 27,562,125 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 27,562,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тйалбарын агуулна:
5.1. 2022 онд нийт 1,169,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Хариуцагч тал 2023 онд арматур нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд нэхэмжлэгч талаас арматур нийлүүлэх талаар удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч нийлүүлээгүй.
Алдангийг хуульд нийцүүлж гэрээнд заасан нөхцөлөөр тодорхойлж тооцоолсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд 55,124,250 төгрөг, алдангид 27,562,125 төгрөг, нийт 82,686,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ болон арилжааны гэрээ байгуулагдсан.
3.2. Худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК нь Монгол Улсын чанар стандартад нийцсэн 3,481.2 тонн арматурын төмрийг нийлүүлж, ******* ХХК нь үнэд 5,045,465,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнээс ******* ХХК-ийн үйлдвэрт бэлэн байсан 1,169,490,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг ******* ХХК худалдан авч үнийг төлсөн.
3.3. Арилжааны гэрээгээр ******* ХХК нь Монгол Улсын чанар стандартад нийцсэн 3,481.2 тонн арматурын төмрийг нийлүүлж, ******* ХХК нь үнэд 4,655,635,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Талууд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдэж, уг актаар ******* ХХК нь 1,293,364,250 төгрөгийн мөнгө болон бараа материалын авлагатай байсан ба ******* ХХК нь 259,5 тонн арматурыг 2023 оны 05 дугаар сард хүлээлгэж өгөх, үлдсэн бараа материалыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлж дуусгахаар тохиролцсон.
5.1. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ******* ХХК нь 1,169,490,000 төгрөгийг хүлээн авч, ******* ХХК-д 1,114,363,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлсэн. Хариуцагч ******* ХХК нь 55,124,250 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг нийлүүлээгүй талаар маргаагүй.
6. Талууд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 55,124,250 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хариуцагч ******* ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийлүүлэхээр тохиролцсон боловч барааг актад заасан хугацаанд төлөөгүй байна.
Талууд гэрээг цуцалж, үр дагаврыг арилгахаар тохиролцсон бөгөөд тохиролцсон мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар анхан шатны шүүх дүгнээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулав.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн тусгай нөхцлийн 5-д худалдагч тал гэрээгээр тогтоосон барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд худалдан авагч тал гэрээний төлбөрийг үл маргах журмаар буцаан нэхэмжлэх бөгөөд ингэхдээ нийлүүлээгүй хоног тутамд нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгээс 0,1 хувийн алдангийг тооцно гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7.1. Хариуцагч талаас алдангийг төлөхгүй байхаар хоёр байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлооогүйгээс гадна гэрээнд заасан тохиролцоог өөрчлөх үндэслэлгүй болохгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 193/ШШ2025/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэсэн заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,761 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА