| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1354/Э |
| Дугаар | 1373 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1373
2019 09 04 2019/ШЦТ/1373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Тад холбогдох 1906 04727 1808 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1975 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Авзага хийц” ХХК-д харуул ажилтай, Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 3 дугаар баг, Жаргалант гэх газар оршин суух хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг 1200 тоотод түр оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Ггийн Т /РД:............./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Т нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцэст байрлах цайны газарт иргэн Я.Батбаяртай маргалдан заамдаж газарт унагаан зүүн хөл рүү нь хутгалж биед зүүн гуяны гадна хэсэгт шарх, дотор дунд хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Батбаярын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байх гэрээсээ гараад Улиастайн хуучин эцэс дээр байрлах цайны газар нийслэл салат аваад идэж байсан. Тэгтэл цайны газар цээж нүцгэн залуу эхнэртэйгээ маргалдаж орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан “чимээгүй байгаач, тайван хоол идмээр байна...” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу намайг хоёулаа гадаа гаръя гэсэн. Тэгээд гараад намайг заамдаж газар унагасан. Тэгээд би буцаад босож иртэл миний зүүн хөл рүү хутгалсан байсан. Тэгээд нөгөө залуу цайны газар луу буцаад орчихоор нь би араас нь ороод эхнэрт нь “танай нөхөр намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь намайг “зайл цаашаа” гэхээр нь би гараад автобусанд суугаад цагдаа дээр ирсэн... Намайг хутгалчихаад буцаж цайны газар руу орохдоо нэг цагаан иштэй хутга бариад явж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тын гэрчээр өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би ажлаасаа өглөөний 10:30-н үед буугаад гэртээ харьж унтаж байгаад 14 цагийн үед боссон. Тэгээд эхнэрийн ажил болох Улиастайн хуучин эцсийн цайны газарт очоод эхнэр болох Алтанчимэгээс утсаа авах гэтэл “Хүүхэд аваад явсан” гэж хэлэхээр нь уур хүрээд эхнэртэй маргалдсан. Тэгэхэд тухайн цайны газар хоол идэж сууж байсан 40 орчим насны залуу босч ирээд “хоол идэж байхад дуугай байгаач, гарч хэрэлд та 2” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд тухайн залуутай маргалдахад цайны газар байсан модон сандал аваад намайг цохисон. Тэгээд намайг сандлаар цохисон залууг тус цайны газраас чирж гаргаад гадаа барьцалдаж аваад баруун гуя хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгэхэд төд удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх.8/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9796 дугаартай:
“1.Я.Батбаярын биед зүүн гуяны гадна хэсэгт шарх, дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч Г.Батбаярын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцэст байх цайны газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Батбаяртай маргалдаж улмаар тус цайны газраас гарч барьцалдаж авсан. Тэгээд хохирогч Г.Батбаярын зүүн хэсэгт 1 удаа хутгалж гэмтээсэн. Тухайн үед би уураа барьж дийлэлгүй Г.Батбаярыг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Т нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцэст байрлах цайны газарт иргэн Я.Батбаяртай маргалдан заамдаж газарт унагаан зүүн хөл рүү нь хутгалж биед зүүн гуяны гадна хэсэгт шарх, дотор дунд хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Батбаярын өгсөн: “... Тэгээд гараад намайг заамдаад газар унагасан. Тэгээд би буцаж босоод иртэл миний зүүн хөл рүү хутгалсан байсан... Намайг хутгалчихаад буцаад цайны газар руу орохдоо нэг цагаан иштэй хутга бариад явж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тын гэрчээр өгсөн: “... Тэгээд намайг сандлаар цохисон залууг тус цайны газраас чирж гаргаад гадаа барьцалдаж аваад баруун гуя хэсэгт нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.8/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9796 дугаартай:
“1. Я.Батбаярын биед зүүн гуяны гадна хэсэгт шарх, дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд хохирогч Г.Батбаярын зүүн хэсэгт 1 удаа хутгалж гэмтээсэн. Тухайн үед би уураа барьж дийлэлгүй Г.Батбаярыг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх. 30/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Я.Батбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Г.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Г.Т нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Я.Батбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Г.Тын эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Тад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Ггийн Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Тад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Тад сануулсугай.
5. Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Батбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР