Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01120

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03972 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг, хохиролд 11,000,000 төгрөг нийт 13,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* баруун талд байрлах 23 давхар барилгын 4, 14 давхрын заслын ажил буюу цагаан замаск болон обой, эмульс хийх, ажлын хөлсөнд 1 давхрын ажлыг 9,000,000 төгрөгөөр, нийт 18,000,000 төгрөг авахаар тохиролцсон.

1.2. Материал дутуугаас 4 давхрын ажлыг ганцаараа хийж, цагаан замаск, кноп болон гипсийн ажлыг дутуу орхисон бөгөөд хийсэн ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг төлснийг авсан. Хариуцагч талаас 14 давхрын ажлыг хий гэсний дагуу туслах ажилтантай 2-лаа ажилласан.

1.3. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж байхдаа гараа гэмтээснээс эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Гэтэл хариуцагч тал ажлаа явсан гэж ажлын хөлс өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 14 давхарт 1 сар гаруй ажиллахдаа бүх кнопын ажлуудыг туслахтайгаа хийсэн байхад ажлын хөлсөнд нэг ч төгрөг өгөөгүй.

1.4. Би барилгын засал чимэглэлийн ажлыг хувиараа гэрээ хийж ажилладаг. Дансны хуулгаас харахад сарын 3,000,000-5,000,000 төгрөгийн орлоготой. Гараа гэмтээснээс болоод 3 сар ажил хийгээгүй тул 3 сар ажилласан бол 9,000,000 төгрөгийн орлого олох байсан.

1.5. Иймд 14 давхарт хийсэн ажлын хөлсөнд 2,700,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9,000,000 төгрөг, нийт 13,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй 4 давхрын заслын ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан бөгөөд 2 үе цагаан замаск татах ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг, зүлгүүр эмульс хийх ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг, обой наах ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ажил эхлэхээс өмнө урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг өгсөн.

2.2. Гэтэл 4 давхарт хийгдэх цагаан замаскийн ажил 30 хувь хүрэхээргүй хийгдсэн. 14 давхарт мөн ижил гэрээ хийгдсэн ч эхний үеийн цагаан замаскийг зориулалтын бус эмульсийн машинаар шүршсэнээс хэт нимгэн, зарим хэсэгтээ асуудал гарсан. Нэхэмжлэгч ажлаа хаяж явснаас гэрээнүүдийг талууд эцэслэн дүгнээгүй. Мөн тэрээр хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлаа хангаагүй нь улмаас өөрийнхөө биед гэмтэл учруулсан.

2.3. Хууль зүйн мэдлэггүйгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа нь хариуцагч тал өмгөөлөгчийн хөлсийг хариуцах үндэслэлгүй.

2.4. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулахаар зохицуулсан. Талуудын хооронд болсон үйл явдал 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон уг хохиролтой асуудлыг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажлын хөлс 2,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хийх ёстой ажлаа эхлэхээс өмнө 1,800,000 төгрөгийг урьдчилан авсан бөгөөд гараа гэмтээсэн гэх шалтгаанаар ажлаа хийгээгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээг эцэслэн дүгнээгүй, хэдэн төгрөгийн ажил хийсэн талаар нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн хэлснээр урьд авсан 1,800,000 төгрөгийг хасахгүйгээр ажлын хөлсөнд 2,700,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Барилгын 4 болон 11 давхарт ажил гүйцэтгэсэн. 4 давхарт хийсэн ажлын хөлсөнд 1,800,000 төгрөгийг өгсөн. Барилгын ажил дутуу буюу гипсгүй байсан бөгөөд бусад талбайн ажлыг хийгээд 14 давхрын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Миний хувьд ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 2,700,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9,000,000 төгрөг, нийт 13,700,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 02, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 14 дүгээр давхарт хийсэн ажлын хөлс гэж тайлбарлажээ. Хариуцагч тал уг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй гэж дүгнэхээр байна. Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч *******д нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргуулан өгч, тайлбар гаргах хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэж тогтоожээ.

Хэргийн 28 дахь талд *******гийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хийх нь гэсэн баримт байх боловч уг баримтыг үйлдсэн огноо, этгээдийн нэр, гарын үсэг байхгүй байна. Улмаар хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар амаар гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд шүүх тайлбарыг хүлээн авах байжээ.

Иймд хариуцагч ******* ХХК нь 14 дүгээр давхрын ажлын хөлсөнд 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй болно.

Түүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажлын хөлсөнд авсан 1,800,000 төгрөг нь 4 дүгээр давхарт хийсэн ажлын гүйцэтгэлд хамаарах агуулгаар тайлбар гаргасныг хариуцагч тал мөн эсэргүүцээгүй тул ажлын хөлсөнд шаардсан 2,700,000 төгрөгөөс хасч тооцохгүй болно. Иймд хариуцагч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 9,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсанд хариуцагч буруугүй тул олох ёстой байсан орлогод тулгуурлаж сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнийн дүнгээр хохирол тооцохгүй гэсэн шүүхийн дүгнэлт мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйтэй холбоотойгоор зохигчийн хүсэлтийн үндэслэн шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА