Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1380

 

 

 

 

 

  2019         09         05                                         2019/ШЦТ/1380

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жд холбогдох 1906 03807 1633 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, мах, сүү үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, “Мини Тоурер” ХХК-д туслах тогооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булгийн 21 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрлийн 40 дүгээр байрны 56 тоотод түр оршин суух, ам бүл 2, ахын хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Хийн Ж /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ууганбаярын нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Х.Жы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ууганбаярын өгсөн: “... би Жокыг дайраад байхаар нь учирлаж, ахын дүү ингэж болдоггүй юм гэх зэргээр тайлбарлан хэлж байтал гэнэт 2 цохиод авсан тэгээд миний хамар, нүд зэргээс цус гараад Анужин, Содбаяр 2 намайг аваад сааданд суулгасан...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Содбаярын өгсөн: “... Ууганбаяр нь Жы эгц урдаас хараад 2 гараа өмдний халаасандаа хийсэн, зодолдох гээд зогсож байхаар нь би салганадаа гэж бодоод очиж байтал Ууганбаяр нь Жы цээжин тус газар нэг удаа мөргөхөөр нь Ж түүнийг түлхээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Ууганбаярын хамарнаас цус гармагц Анужин бид хоёр Ууганбаярыг аваад байрны голын сааданд суугаад юм ярьж байтал Ж над руу залгаад намайг хаана байгаа юм гэхээр нь би байгаа газраа зааж өгсөн чинь Ууганбаяр түүнийг дуудчих гэхээр нь би түнийг дуудсан чинь Ууганбаяр, Ж нар гар бариад эвлэрээд нэг, нэгээсээ уучлалт гуйгаад салсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажилаагаанд гэрч Д.Баасансүрэнгийн өгсөн: “... Ууганбаяр бидний дундуур орж ирээд Жы цээжин тус газар нэг удаа мөргөхөөр нь Ж түүнийг мөргөөд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7803 дугаартай “... Ц.Ууганбаярын биед зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстад цус харвалт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жы яллагдагчаар өгсөн: “... миний цээж рүү толгойгоороо нэг удаа мөргөхөөр цээжнээс түлхэх холдуулсан, тэгтэл дахиад дайраад байхаар нь өөрийгөө хамгаалаад гараараа цааш нь түлхтэл нүд рүү нь хүрсэн. Тэгтэл Ц.Ууганбаяр нүдээ бариад доошоо тонгойгоод суусан, тэгтэл Баасансүрэн ирээд миний гар луу чулуугаар хэд хэдэн удаа цохихоор нь чулууг нь булааж аваад хаяхад Баасансүрэн зугтаагаад явахаар нь араас нь хөөгөөд явсан... Ц.Ууганбаяр ах “за за уучлаарай” гээд бид нар гар эвлэрээд гар гараа барилцаад гэр гэртээ харьсан. Тэгтэл маргааш нь Ц.Ууганбаяр ах цагдаад нүд хөхөрсөн байна гээд өргөдөл өгсөн байсан... Би хохирогч Ц.Ууранбаярын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг гарсны маргааш хохирогч Ц.Ууганбаярыг эмнэлгээр дугуулж явж үзүүлж томографийн зураг, Улсын нэгдүгээр эмнэлэгт нүдний эмчид үзүүлж, хамрын эмчид мөн үзүүлсэн, гарсан зардлыг би өөрөө төлсөн...” гэх мэдүүлэг /хх.36-37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ууганбаярын нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ууганбаярын өгсөн: “... би Жокыг дайраад байхаар нь учирлаж, ахын дүү ингэж болдоггүй юм гэх зэргээр тайлбарлан хэлж байтал гэнэт 2 цохиод авсан тэгээд миний хамар, нүд зэргээс цус гараад Анужин, Содбаяр 2 намайг аваад сааданд суулгасан...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Содбаярын өгсөн: “... Ууганбаяр нь Жы цээжин тус газар нэг удаа мөргөхөөр нь Ж түүнийг түлхээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажилаагаанд гэрч Д.Баасансүрэнгийн өгсөн: “... Ууганбаяр бидний дундуур орж ирээд Жы цээжин тус газар нэг удаа мөргөхөөр нь Ж түүнийг мөргөөд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон, хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7803 дугаартай “... Ц.Ууганбаярын биед зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстад цус харвалт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жы яллагдагчаар өгсөн: “... миний цээж рүү толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь цээжнээс түлхэж холдуулсан, тэгтэл дахиад дайраад байхаар нь өөрийгөө хамгаалаад гараараа цааш нь түлхтэл нүд рүү нь хүрсэн. Тэгтэл Ц.Ууганбаяр нүдээ бариад доошоо тонгойгоод суусан... Би хохирогч Ц.Ууранбаярын биед гэмтэл учруулсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Жы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ц.Ууганбаяр нь одоогоор нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд Хохирогч Ц.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Жаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Жы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Жд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т овогт Хий Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Жд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Жд сануулсугай.

          5. Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Жаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР