| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05443/И |
| Дугаар | 4749 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 4749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5766878 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө “Сүлжээ” ХХК-ийн байранд оршин байх “Хаан хүнс сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЕП92113012 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26-691а тоотод оршин суух Тогтохынхон овогт Мөнхтогтохын Төгөлдөрт холбогдох,
3.120.086 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхсайхан
Хариуцагч М.Төгөлдөр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Төгөлдөр манай компанид 2015 оны 9 дүгээр сараас эхлэн 2015 оны 12 дугаар сарын хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Манай компаний гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-01 тоот тушаалаар баталсан худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2 дугаарт “зээлээр бүтээгдэхүүн олгох харилцагчийг тодорхойлж гэрээ хийснээр бүтээгдэхүүн олгох, зээлийн эрсдэлийг хариуцах, 3.4 дүгээрт “зээлийн үлдэгдэлтэй харилцагчийн тооцоог гэрээний дагуу хийж авлагыг барагдуулах, 4.12 дугаарт “өөрийн буруугаас, ажил олгогчооё үл хамаарсан нөхцөл байдлаас шалтгаалан ажил олгогчид хохирол учруулбал учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлнө” зэрэг түүний гүйцэтгэх ажиллагааг нэг бүрчлэн тодорхойлсон байдаг. Тэрээр ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн харилцагч нарт зээл олгосон бөгөөд зарим үед орлого дутуу тушаах зэрэг алдаа дутагдалууд гарагж байсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай компани нягтлан бодогч б.солног, худалдааны төлөөлөгч М.Төгөлдөр нар тооцоо нийлж үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд М.Төгөлдөр нь нийт 3.120.086 төгрөгийг компаний дансанд тушаагаагүй байсан зөрчил илэрсэн. Төгөлдөр нь ийнхүү тооцоо нийлсэн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.120.086 төгрөгийн 1.836.686 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх тухай өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн. Ийнхүү өргөдөл гаргаснаас хойш тэрэр ажилдаа ирээгүй бөгөөд манай компанид учруулсан хохирлоо одоог хүртэл ямар нэгэн хэмжээгээр барагдуулаагүй байна. Иймд М.Төгөлдөрийн компанид учруулсан хохирол болох 3.120.086 төгрөгийг холбогдох хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Төгөлдөр миний бие “Хаан хүнс сүлжээ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр надаас 3.120.086 төгрөгийг нэхэмжилж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд худалдааны төлөөлөгчийн дагалдан хийж дуусах хугацааг 1 сараар тохирч тус компанид дагалдангаар ажиллаад 15 хоног болж байхад тус компаниас надад өмнөх худалдааны төлөөлөгч Ганбаяр гэгчийн борлуулалт хийж байсан 5-н шар, 3, 4 дүгээр хороолол, андуудын чиглэлийн газрыг хүлээлгэж өгсөн. Дээрх газруудыг хүлээлцэх явцад нягтлан бодогч, ахлах менежерийн аль нь ч хамт яваагүй бөгөөд өмнөх худалдааны төлөөлөгч Ганбаяртай хоёрхон хоног явж борлуулалт хийх газруудыг заалгаж хүлээж авсан ба Ганбаярын өр, авлагыг надад хүлээлгэж өгөөгүй. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд борлуулагчаар ажилласан бөгөөд энэ ажиллаж байх хугацаанд өмнөх борлуулагч нараас зээл авсан харилцагч нар алга болсон, түрээслэгч солигдсон гэх мэт зөрчлүүдийг илрүүлж, ахлах менежер О.Тэмүжин болон нягтлан бодогч солонго нарт мэдэгдэж, танилцуулахад очиж, үзэж шалгана гэж хэлээд авч хэлэлцээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус компани ажлын байрны цомхотгол хийж, миний бие халагдсан бөгөөд өөрийн явж борлуулалт хийж басйан газруудыг ерөнхий нягтлан бодогчоо хүлээлэгж өгөх явцад өмнөх худалдааны төлөөлөгч Ганбаяр, түүний өмнөх төлөөлөгч Анхбаяр нарын хэн нь анх зээл өгсөн нь мэдэгдэхээ байсан өр, авлагын хариуцлагыг хэн нь хүлээх нь мэдэгдэхгүй, нягтлангууд нь ч өөрсдөө учираа олохоо байсан надад хамаагүй, өмнөх борлуулагч нартай холбоотой өр, зээлтэй харилцагч нарын өрийг намайг учир мэдэхгүйгээр далимдуулж чи л төлөх ёстой хэмээн шахаж шаардан хууль бус шаардлага тавьж дарамталсан. Намайг анх аижлд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ч ажлын байрны тодорхойлолт, зааварчилгаа өгөөгүй, ямар ч тушаал дүрэм, журам, үндсэн ажилтан гэсэн тушаал танилцуулаагүй, зүгээр л борлуулалтаа сайн хий, зээл дахиад нэмж өг, өөр олон шинэ харилцагч нэмж ол гэсэн зааварчилгаа өгч ажиллуулж байсан юм. Би энэ бүх хариуцлагыг хүлээж чадахгүй хэмээн гүйцэтгэх захирла Ц.Мөнхсайхан, ерөнхи йнягтлан бодогч Батбаяр нарт удаа дараалан тайлбар, хүсэлт гаргахад хүлээж авахгүй байснаа сүүлдээ намайг айлган сүрдүүлж, одоо энэ тодорхойлолттойгоо танилц, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зур хэмээн шахаж шаардахад нь би зөвшөөрөөгүй. Ажлаас гарсаны дараа захирал, ерөнхий нягтлан хоср утсаар болон ажил дээрээ дуудаж намайг янз бүрээр сүрдүүлж, дарамталдаад байхаар нь би аргагүй эрхэнд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа халагдсан өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд надаас өмнө ажиллаж байсан борлуулагч нарын зээл өгсөн, өртэй байсан харилцагч нарын араас хөөцөлдөж 30 гаран харилцагчтай уулзан, өрийг барагдуулж, “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд тушаасан. Ингэж хөөцөлдөж явах хугацаанд ерөнхий захирал Ц.Мөнхсайхан өдөр болгон ажлын байран дээр ирэхийг шаардаж, чи одоо хүртэл миний ажилтан хэвээрээ байгаа шүү гэж загнан, одоо ажиллаж байгаа газрын захиралтай хүртэл ярьж сүрдүүлсэн ба бие аргагүй эрхэнд би ядаж мэдэж байгаа хэдэн газрынхаа эздийг олж өгч чадах вэ тэднийг олж өгч туслая гэж хэлэхэд Ц.Мөнхсайхан чи энэ 3.120.086 төгрөгийг хэдийд олж өгч чадах вэ тэдийг олж өгч чадна гэдгээ болон миний хэлсэн зүйлийг гараар бичиж өгвөл би байнга дуудахгүй, учраа олж болох байх гэхээр нь би хэлсэн үгэнд нь итгэж, өргөдөл дээр бичсэн үг бүрийг гүйцэтгэх захирлын хэлснээр бичсэн нь миний алдаа болохоос миний бие энэ компанид борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 260.100 төгрөгийг зээлийг өөрийн гараар 2 харилцагчид өгсөн нь үнэн болохоор харилцагч нарыг олж өгч туслана, орлогын мөнгөнөөс 423.940 төгрөгийг тушаагаагүй, өөрөө хэрэглсэн нь үнэн үүнээс ямар нэгэн өр гаргаж байсан асуудал байхгүй бөгөөд 7 хоногийн цалин 144.000 төгрөгийг аваагүй байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шарадлага болох 3.120.086 төгрөгөөс би өөрөө орлогоосоо авч хэрэглэсэн 423.940 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, энэ мөнгөнөөс аваагүй байгаа цалингийн 144.000 төгрөгийг хасч үлдэгдэл 279.940 төгрөгийг төлнө, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.840.146 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл энэ зээлийн өр надад хамааралгүй, энэ асуудлаас болж би маш их хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3.120.086 төгрөгөөс 2.840.146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хаан хүнс сүлжээ” ХХК нь хариуцагч М.Төгөлдөрт холбогдуулан 3.120.086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 279.940 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч М.Төгөлдөр нь 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2-д “зээлээр бүтээгдэхүүн олгох харилцагчийг тодорхойлж гэрээ хийснээр бүтээгдэхүүн олгох, зээлийн эрсдлийг хариуцана”, 3.4-т зээлийн үлдэгдэлтэй харилцагчийн тооцоог гэрээний дагуу хийж авлагыг барагдуулах”, үүргийг хүлээж ажиллахаар заажээ./хх-ийн 12-13 дугаар тал/
Хариуцагч М.Төгөлдөр нь “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд ажиллаж байхдаа 3.120.086 төгрөгийг компанид тушаагаагүй зөрчил гаргасан болох нь талуудын тооцоо нийлсэн акт, хариуцагч М.Төгөлдөрийн тооцоог хүлээн зөвшөөрсөн тухай өргөдөл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна /хх-ийн 8 дугаар тал/
Хариуцагч М.Төгөлдөр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.120.086 төгрөгийг зөвшөөрөхгүй, өмнөх худалдааны төлөөлөгчийн олгосон зээл бөгөөд удирдлагын дарамт шахалтын улмаас тооцоог хүлээн зөвшөөрсөн, 423.940 төгрөгийг орлогоосоо авч хэрэглэсэн тул үүнээс аваагүй цалин 144.000 төгрөгийг хасаж үлдэх 279.940 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т “дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй” тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж зааснаар 3.120.086 төгрөгийн хариуцан барагдуулах үүрэгтэй байна.
Иймд хариуцагч М.Төгөлдөрөөс 3.120.086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Төгөлдөрөөс 3.120.086 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагаас 64.880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан хүнс сүлжээ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ