| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2021/01721/И |
| Дугаар | 210/МА2025/01122 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01122
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03198 дугаар шийдвэртэй,
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“*******” ХХК-д холбогдох
Барилгын дээврийн чанарын доголдлыг арилгахад шаардагдах 643,592,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “*******” ХХК /одоогоор “******* ХХК/-тай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МХ2-15/01 дугаар Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2,932 м.кв талбайтай *******-2 худалдааны төвийн барилга угсралт, дотор гадна инженерийн шугам сүлжээ, автозам, гадна талбайн тохижилтыг гүйцэтгэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний нийт үнийн дүнд 1,350,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор харилцан тохиролцсон.
1.2. “******* ХХК нь барилга угсралтын ажлын хүрээнд “*******-2” худалдааны төвийн дээврийг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, Барилгын тухай хууль, барилгын норм нормативын дагуу, талуудын тохиролцсон материалаар чанартай хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-д “Гэрээний баримт бичгүүдэд заагдсан ажлыг хугацаанд нь стандартын шаардлагад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэнэ. Ажлын чанарын баталгаат хугацааны дотор гарсан эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засаж янзална”, 6.2.10-т “Барилгад оруулах материал, эдлэлийг хамтран сонгож тогтоосны дараа нийлүүлэлт хийнэ”, 6.2.11-д “Аливаа материал, эдлэл нь стандартын шаардлагад нийцсэн чанартай байна” гэж заасан.
1.3. Гүйцэтгэгч нь захиалагчаас гэрээнд заасан чанарын шаардлага хангасан материалын санхүүжилтийг бүрэн авсан хэдий ч барилгын дээвэрт Гуан жоугийн яармагаас хэт нимгэн төмөр хуудсыг захиалагчтай хэлэлцэлгүй дангаар сонгон авчирч, угсран, бэхэлгээ шурупийг унь “СИ” төмөрт нэг шулуунд тавиагүй, буруу тавигдсан шуруп олон газар мултарч хуудас төмөр сэрдийснээс бороо цасны ус орж гоождог, өвөл цанталтаас худалдааны заал хүйтэн болж, үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл үүсдэг. 2018 онд ашиглалтад орсон барилга гэхэд агаар чийгийн үйлчлэлд автсан эрдэс дулаалга ширгэж үгүй болж сэрдийсэн, хэт нимгэн учир хотолзсон байдалтай байна.
1.4. Энэ талаар “******* ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж, тус доголдлыг арилгахаар харилцан тохиролцож протокол үйлдсэн, үүний дагуу албан бичгүүд хүргүүлсэн хэдий ч доголдлыг арилгаагүй үр дүнд хүрээгүй.
1.5. Манай компанийн хувьд Мэргэжлийн хяналтын газарт хандан барилгын дээврийн чанартай холбоотой Улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаар удаа дараа хандсан ч томилогдсон байцаагчдын хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргаанаас доголдолтой холбоотой маргааныг зааглаж авч үзэлгүйгээр энэ барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч, захиалагч талуудын маргаан шүүхээр эцэслэгдээгүй байгаа учир шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгдөг.
1.6. Гадаа дулаарч бороо, усны улирал эхэлж цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээврийн их засварт 643,592,545 төгрөг шаардлагатай тул хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “*******” ХХК нь Улсын комисс хүлээж аваагүй байхад 2016 оны шинэчлэн найруулсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 2016 оны 07 дугаар сарын 08-нд -2 дэлгүүрийг нээж ажиллуулсан болно. 2016 оны 11 дүгээр сард цас орж мөстсөн үед “-2” дэлгүүрийн дээврийн цасыг арилгуулахаар дэлгүүрийн бүх ажилчдыг дээвэр дээр гаргаж замын цас арилгадаг сүх шиг үзүүртэй урт төмөрт гагнасан багажаар цохисноос дээврийн дээд үений төмрийг энд тэндгүй цоолсон байсан, мөн “СИ” төмрийн хооронд дэвсэж цасыг доргиож буулгахдаа нимгэн төмрийг хотойлгосон нь ашиглалтын буруу үйл ажиллагаанаас болсон.
2.2. Дээврийн хийц сэндвичин хавтан байсныг захиалагч, барилга бүтээцийн зургийн автор, захиалагчийн техникийн хяналтын инженер уг төмрөөр хийхийг гүйцэтгэгчтэй ярилцаж материалыг хамтран сонгосон, БНХАУ-аас авчирсан төмрөөр угсрахыг зөвшөөрсөн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах заалтын дагуу шаардлага хангахгүй материал нийлүүлсэн гэж үзсэн бол угсруулахгүй солиулах, тухайн материалын чанар, аюулгүй байдал, техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулах бүрэн эрх нь байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
2.3. Барилгын дээврийн ажлыг далд ажлын актаар хүлээн авсан, зураг төсөл зохиогчийн дүгнэлт дээр дээврийн дүгнэлт гаргасан. Иймд “*******” ХХК-ийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах гэсэн заалтын дагуу “*******” ХХК-ийн барилгын дээврийн чанар доголдлыг арилгахад шаардагдах зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 643,592,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,701,813.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,375,913 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. “ ” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7,000 м.кв газар дээр 2,932 м.кв талбай бүхий "*******-2" худалдааны төвийн барилга угсралт, дотор, гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна талбайн тохижилтын хамт 1,395,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.
4.2. Гэрээний дагуу 2,932 м.кв талбай бүхий "*******-2 худалдааны төвийн байр, түүнтэй залгаа 72 м.кв талбай бүхий орлогын байруудыг 2016 оны 05 дугаар сард барьж дуусгасан бөгөөд маргааны зүйл болох дээврийн ажлыг " " ХХК-ийн барилгын ажлын зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналтын инженер, барилгын бүтээц хийцийн инженер ын боловсруулж баталсан дээврийн ажлын гүйцэтгэлийн зурагт заасан хэмжээ бүхий 0,3-0,5 мм зузаантай төмрийг БНХАУ-аас захиалан авч, түүний хяналт доор уг төмрөөрөө 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дээврийн ажлыг гүйцэтгэж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дээврийн ажил гүйцэтгэсэн актаар ажлыг дуусган хүлээлгэн өгсөн.
Гэвч " " ХХК нь ашиглалтад ороогүй барилга байгууламжид дэлгүүр нээн ажиллуулах зорилгоор 2016 оны 05 дугаар сард 1,000 кг жинтэй 2 ширхэг хөргөлтийн мотор, шатамхай хий дамжуулах 4 хоолойг 72 м.кв бүхий орлогын байрны дээвэрт суурилуулж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс дэлгүүрийн нээлтээ хийж барилгыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн 2 хөргөлтийн мотор, шатамхай хий дамжуулах 4 хоолойг суурилуулахдаа орлогын байрны дээврийн хар цаасыг гэмтээж, дээврийн хийцийг өрөмдөн цоолж, мотор тогтоох хөндлөн дэр мод, хашлага хийснээс болж орлогын байрны залгаа үндсэн дэлгүүрийн барилгын дээврийг мөн гэмтээснээс саадгүй урсан өнгөрөх ёстой цас, борооны ус тэнд хуримтлагдан бөөгнөрөх болсон. Үүнээс улбаалан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орсон борооны улмаас 72 м.кв талбай бүхий орлогын байр болон дэлгүүрийн залгаагаар борооны ус нэвчиж, орлогын байрны үүдээр ус үерлэн оржээ.
Мөн 2016 оны 11 дүгээр сард цас орж мөстсөн үед захиалагч нь *******-2" дэлгүүрийн дээврийн цасыг арилгуулахаар дэлгүүрийн ажилчдыг дээвэр дээр гаргаж, хүнд төмрөөр цас арилгуулах нэрийдлээр дээврийн төмрийг Дохиулснаас болж дээврийн дээд үений төмрийг олон газар цоолж, СИ төмрийг дэвсэж цасыг доргиож буулгахдаа дээврийн төмрийг хотойлгосон байсан.
4.3. “ " ХХК нь "” ХХК-ийн гүйцэтгэсэн "*******-2" худалдааны төвийн ашиглалтад оруулаагүй барилгад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс дэлгүүрийн нээлт хийж үйл ажиллагаагаа явуулан барилгыг өөрийн эзэмшил, ашиглалтад бодитоор хүлээн авсан. Гэтэл шүүхээс “Өөрөөр хэлбэл барилгыг дээрх баримтаар 2018 оны 03 дугаар сарын 06-нд барилга хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн байна.” гэх дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн уг дүгнэлт нь эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтад үндэслэгдээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь барилга хүлээлцсэн уг актад /Барилгыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан./ гэж байхад шүүх сүүлд гаргасан уг албан бичгийн огноог барилга ашиглалтад орсон өдрөөр тооцсон нь бодит байдалд нийцэхгүй байна.
Тодруулбал “*******-2” худалдааны төвийн барилгыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бодитоор хүлээн авсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бид их хэмжээний зээл авсан тул дэлгүүрийг яаралтай нээн ажиллуулах шаардлагатай байсан гэдэг” зохигчийн маргаагүй тайлбар, " " ХХК-ийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ, 1,000 кг жинтэй 2 ширхэг хөргөлтийн мотор байрлуулахдаа дээврийн хар цаас, төмрийг нүхэлж цоолсноос улбаалан орлогын байрны ханаар ус нэвчсэн талаарх мэдэгдэл, орлогын байр борооны усанд автаж байгааг засварлуулах 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн протокол зэргээр нотлогддог.
Улсын комисс хүлээн аваагүй, ашиглалтад ороогүй барилгад дэлгүүр нээн үйл ажиллагаа явуулж байгаа " " ХХК-ийн үйлдэл нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй байгууламжийг ашиглахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн бөгөөд ашиглалтын буруу үйл ажиллагаанаас буюу нэхэмжлэгчийн үйлдлээс болж ашиглалтад оруулаагүй барилгад их хэмжээний эвдрэл, гэмтэл гарч байсан тул аргагүй эрхэнд гүйцэтгэгч компанийн зүгээс өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "*******-2" дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоолгох хүсэлт хүртэл гаргаж байсан. Иймд шүүхийн дээрх дүгнэлт бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй гэж үзэж байна.
4.4. Барилгын дээврийн гүйцэтгэл болон шинжээчийн дүгнэлтийн талаар
*******-2 барилгын дээврийн ажлын гүйцэтгэлийн зургийг “ ” ХХК-ийн барилгын ажлын зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналтын инженер, барилгын бүтээц хийцийн инженер боловсруулж баталсан. Уг зураг төслийн дагуу дээврийн ажлыг гүйцэтгэх гэхэд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Барилгын зураг төслийн хяналтын хэлтсээс "барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай" дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтдээ “Барилгад хэрэглэгдэх дулаалгын болон сендвич хавтан материалыг норм, дүрмийн дагуу шатдаггүй материал төлөвлөх, ОБЕГ-ын гамшиг судлалын хүрээлэнгээр галд тэсвэршилтийг тогтоолгох, ажлын зураг дээр зөвшилцөн засаж, нормын дагуу засвар хийгдсэн зургаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байх шаардлагатай. Барилга эхлэхээс өмнө зураг төсөлд өөрчлөлт оруулах тохиолдолд Онцгой байдлын байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Уг дүгнэлтийн дагуу дээврийн ажлын гүйцэтгэлийн зураг төсөлд өөрчлөлт оруулж батлуулан ажил эхлэхээс 3 хоногийн өмнө бидэнд өгч ажлыг гүйцэтгүүлэх бодит шаардлага “ ” ХХК-д үүссэн.
Талуудын хооронд байгуулагдсан "Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ"-ний 6.1-д "зурагт өөрчлөлт орох тохиолдолд өөрчлөлтийг тусгасан зургийг тухайн ажлыг гүйцэтгэхээс 3 хоногийн өмнө гүйцэтгэгчид өгсөн байна. Хэрэв өөрчлөлтийн зураг заасан хугацаанд өгөөгүйгээс ажил зогсвол захиалагч нь хоног тутам тухайн үе шатны ажилд ногдох үнийн дүнгийн 1 хувиар алданги төлнө." гэж заасан боловч барилгын дээврийн ажлын гүйцэтгэлийн өөрчлөлтийн зургийг бидэнд огт батлуулж өгөөгүй.
Энэхүү барилгын дээврийн ажлын гүйцэтгэлийн өөрчлөлтийн зургийг " " ХХК нь хожим 8 жилийн дараа 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээдээр нөхөн хийлгэж хэрэгт хавсаргасан. Ийнхүү барилгын дээврийн ажлын гүйцэтгэлийн өөрчлөлтийн зураг гараагүй нь дээврийн ажлыг гүйцэтгэхэд саад болж байхаас гадна " " ХХК нь бидэнд ажил зогссон хоног тутам алданги төлөх нөхцөл бий болж байсан тул барилгын ажлын зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналтын инженер хөөсөнцөр дулаалгатай сендвич хавтанг галд тэсвэртэй минерал дулаалгатай болгоод дээврийн ажлыг гүйцэтгүүлнэ хэлсэн.
Захиалагч түүний ажлын зураг төсөл зохиогч, хяналтын инженер, барилгын бүтээц хийцийн инженер ажлыг үргэлжлүүлэн хий гэсэн тул түүний боловсруулж баталсан дээврийн ажлын гүйцэтгэлийн зурагт заасан хэмжээ бүхий 0,3-0,5 мм зузаантай төмрийг БНХАУ-аас захиалан авч, ын заавар, хяналтан дор барилгын дээврийн ажлыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гүйцэтгэж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №10 дугаартай "Дээврийн ажил гүйцэтгэсэн акт" үйлдэж дээврийн ажлыг дуусган хүлээлгэн өгч, дараагийн үе шатны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан.
Энэхүү дээврийн ажлын гүйцэтгэлийг хийх үед хяналтын инженер дээврийн гүйцэтгэлийн өөрчлөлтийн зургийг гаргаж өгөөгүй, амаар ажлын гүйцэтгэлийн талаар заавар, зөвлөмжөөр хангаж хянаж байсан боловч хожим " " ХХК болон хяналтын инженер өөрийн зураг төслийн дагуу захиалуулсан дээврийн төмрийг хэт нимгэн, захиалж авч ирсэн дээврийн төмрийг хараагүй, дээврийг бидэнд мэдэгдэлгүйгээр хийгээ хожим хүлээлгэж өгсөн гэх мэт бодит үнэнд үл нийцэх, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай мөн нийцэхгүй зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргасаар байна. Мөн барилгын дээврийн ажлыг гүйцэтгэж байх үед сендвич хавтангаар дээврийн ажил гүйцэтгэх нарийвчилсан шаардлага бүхий норматив баримт бичиг барилгын салбарт батлагдаагүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй.
4.5. Шинжээчийн дүгнэлтийн тухайд, Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ ” ХХК-ийн хүсэлтийн дагуу Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, барилгын дээвэр Монгол Улсын стандарт норм, дүрэм, журмын дагуу баригдсан эсэх, барилгын дээвэр чана байдлын талаар доголдолтой эсэх, барилгын дээврийг засварлах шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтээр өөрчлөлтийн зураг төсөл хийлгээгүй. /гэрээнд заасны дагуу захиалагч өөрчлөлтийн зургийг гаргах ёстой./, Барилгын дээврийн 1 дүгээр тэнхлэгийн дагуу /Ё-3/ тэнхлэгийн хооронд дээврийн металл хавтангийн зөрүүлэг нь эсрэг хийгдсэн, Дээврийн хавтанг малгай төмрийг тэнхлэг /А-Д/-ийн дагуу салхины эсрэг ам дарж хийсэн. Барилгын дээврийн ажлын өөрчлөлтийн зураг төслийг гаргаж зохиогчоор батлуулах шаардлагатай. Дээр дурдсанчлан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн барилгын дээврийн өөрчлөлтийн зургийг " " ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээдээр нөхөн гүйцэтгүүлж гаргуулсан байдаг. Дээврийн парпетны малгай болон бүх боолтон холбоосыг дээврийн нугалаасан дээр бэхлэх шаардлагатай гэсэн байдаг.
Уг дүгнэлтийг гаргасан шинжээчид болох , нар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцож тайлбар мэдүүлэн өгөхдөө даргалагч шүүгчийн барилгын дээвэр засварлах шаардлагатай гэсэн байна. Засаж сайжруулахад Т хэлбэрийн төмрийг хийгээд явчих боломжтой юу?, эсхүл бүх дээврийг ахин шинээр хийх ёстой гэж үзэж байна уу?" гэх асуултанд шинжээч "шинээр биш. Одоо үндсэн боолтон бэхэлгээ хийгдсэн байгаа 2 хавтангийн уулзварын бэхэлгээ хийгдэхгүй бол энэ боолтон бэхэлгээнүүд нь суларна. Одоо байгаа дээврийг бүхэлд нь солихгүйгээр Т бэхэлгээ хийж, зөрүүлэн зөв болгож засах шаардлагатай. Түүнээс бүр авна гэсэн зүйл биш" гэж хариулсан.
Уг дүгнэлт гарсны дараа шүүхээс мөн л нэхэмжлэгч “ " ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дээврийн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардлыг тогтоолгох зорилгоор "Барилгын төсөвчдийн холбоо"-г шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр “Дээврийн ажил нь БНбД 31-07-05-ын бүлэг 8, 9, 10-ыг мөрдөж ажиллаагүйн улмаас доголдол үүссэн байх магадлалтай тул барилгын талбай дээрээс дээврийн бодит хэмжилтүүдийг хийсэн. Дээврийн бодит хэмжээ 50,6м х 60м байсан бөгөөд эндээс хийгдэх ажлуудын тоо хэмжээг тодорхойлон "барилгын төсөв зохиох дүрэм"-ийн дагуу төсөв зохиох estimator-Pro программд оруулж, дээврийн засварын ажлын нийт төсөвт өртгийг тооцон үзэхэд 643,592,545 төгрөг гарч байна” гэсэн байдаг.
Барилгын төсөвчдийн холбооны шинжээч дүгнэлтээ гаргахдаа ын анх гаргасан барилгын дээврийн ажлын гүйцэтгэлийн зургийг үзэлгүйгээр хожим 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээдээр нөхөн гүйцэтгүүлж гаргуулсан барилгын дээврийн өөрчлөлтийн зургийг үндэслэл болгосон байхаас гадна Онцгой байдлын ерөнхий газрын Барилгын зураг төслийн хяналтын хэлтсийн гаргасан дүгнэлтээр хориглосон, бидний сольж хийсэн хөөсөнцрөө дахин дээвэр хийхээр тусгасан, мөн барилгын дээврийн ажлыг бүхэлд нь шинээр солих шаардлагагүй гэх дүгнэлт гарсан байтал дээврийг шинээр сольж хийх төсөвт өртөг гаргасан байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх энэхүү хоёр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ газар дээр нь бодитоор үзэж, хянан шалгаж, доголдлыг илрүүлсэн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн "барилгын дээврийн ажлыг шинээр парпетны малгай болон бүх боолтон холбоосыг дээврийн нугалаасан дээр гүйцэтгэх шаардлагагүй, Т бэхэлгээ хийж, зөрүүлэг зөв болгож, Дээврийн бэхлэх шаардлагатай" гэсэн тайлбар дүгнэлтийг дахин гүйцэтгэх тооцооллын дагуу хариуцагчаас 643,592,545 төгрөг гаргуулахаар Барилгын төсөвчдийн холбоо шинжээчийн барилгын дээврийн ажлыг шинээр огт үнэлээгүй, зөвхөн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа бол зөвхөн дүгнэлтээр илэрсэн доголдлыг засварлахад гарах зардал /Т хэлбэрийн бэхэлгээ хийх, зөрүүлгийг салхины эсрэг болгож засах ажил/-ыг хариуцагчаас гаргуулах ёстой байтал уг дүгнэлтээр илэрсэн Доголдлыг арилгуулахдаа хожим өөрчлөгдөн зурагдсан зургийн дагуу барилгын дээврийг бүхэлд нь сольж шинээр хийх төсвийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.Өөрөөр хэлбэл, шүүх шинжээчийн дүгнэлтээр илэрсэн доголдол арилгах засварын ажлын зардлыг шинээр дээвэр хийхэд шаардагдах зардлаар орлуулсан буюу огт өөр ажлын зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
4.6. Хариуцагч "” ХХК-ийн татгалзлын нэг үндэслэл нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан. Гэтэл шүүхээс "2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилга хүлээлцсэн актаар баталгаат хугацаа 3 жил буюу 2020-07-08-ны өдөр хүртэл, тохируулга зүгшрүүлэлтийн 1 жилээс хойш баталгаат хугацааны дагуу 3 жил гэсэн баримт хэрэгт авагдсан.", Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үес эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.", "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тухай ерөнхий зарчим ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагчийн зүгээс тавих шаардах эрхийн хувьд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолох хэлбэрээр хэрэгжинэ.", "Ажил /баталгаат/ гаргах хугацаа өнгөрөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гомдлын шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн үр дүнгийн доголдлын талаар шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм." гэх дүгнэлтийг хийж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “... барилга, байшингийн ийм шаардлага гаргаж болно.". Мөн хуулийн 354.2-д "хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "... түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж тус тус заасан.
" " ХХК нь барилгын ажлыг бүхэлд нь хүлээн авч ашиглалтад оруулаагүй барилгад дэлгүүрийн нээлт хийж дэлгүүр ажиллуулж эхэлсэн, ашиглалтын буруутай үйл ажиллагааны улмаас тааз, дээвэр цоорсныг бороо орохоос өмнө мэдэж байсныг “ " ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн протоколд дээвэр эвдэрч цоорсонд гүйцэтгэгчийг буруутгасан үг үсэг байхгүй, түүнд хүлээлгэсэн үүрэг даалгавар, тавьсан мэдэгдэл шаардлага байхгүй болно.
" " ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн протокол нь дээврээс бус орлогын байрны үүдээр үерийн ус орсонтой холбоотой, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт нь дээврийн ажлын чанар үр дүнгийн талаар биш дуусаагүй ажлуудын талаарх протокол болох учир эдгээр баримтуудыг үндэслэн "” ХХК-д удаа дараа хандан мэдэгдэл гаргаж байсан гэх үндэслэл болохгүй. Харин хариуцагч "” ХХК-ийн зүгээс удаа дараа ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас бий болсон гэмтэл тул үүнийг бид засварлахгүй, эсвэл хамтарсан комисс байгуулж шалтгааныг тогтоохоос нааш дээврийн ажилд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэдгээ амаар болон утсаар, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай", 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан комисс томилох тухай албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж албан бичгүүдийн хариуг цаг тухай бүр удаа дараа өгсөөр ирсэн.
Барилга байгууламжийн ажлын чанар үр дүнгийн талаарх гомдлын шаардлага нь нарийвчилсан зохицуулалтай бөгөөд Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т заасны дагуу барилгын ажлын чанарын доголдол, норм нормативыг зөрчсөн асуудал нь зураг төсөл зохиогчийн гаргасан дүгнэлт, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдсэн мэдэгдэл тэдгээр байгууллагаас гарах шийдвэрээр баталгаажих ёстой билээ. Гэтэл эдгээр дүгнэлт, мэдэгдэл хэргийн материалд байхгүй болно. " " ХХК нь барилга байгууламжийн хийц, бүтээц, материал эдэлхүүнд хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэж баталгаажуулж, дээврийг баригдахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар материалын чанарт гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа ч энэ үеэс тооцогдох ёстой байсан. Гэвч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлэн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд 2015 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2015 оны 11 дүгээр сард багтаан барилгыг хүлээлгэж өгөх ёстой байсан ч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй.
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажил хүлээлцэх актын дагуу хүлээн авсан. Барилгын ажлыг хүлээлцсэн талаар хариуцагч тал үгүйсгэж тайлбарласан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зүгшрүүлэлтийн хугацаа 1 жил, Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацааг 3 жил байхаар тогтоож акт үйлдсэн. Нэхэмжлэгч тал барилгын дээврийг гэмтээсэн гэж хариуцагчийн өмгөөлөгч үндэслэлгүй худал тайлбар гаргасан.
Шинжээч барилгыг цаашид ашиглах боломжтой болон норм, дүрэм зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэгч тал 2024 он хүртэл жил бүр борооноос хамгаалсан барилгын засвар үйлчилгээг хийсэн. Энэ талаар 2 дугаар хавтас хэргийн төгсгөл хэсгээс 3 дугаар хавтаст хэргийн эхний 30 дугаар талд нотлох баримтаар авагдсан. 2 шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан хариуцагч тал маргаж байгаагүй.
Гомдол гаргаж байсан боловч буцаасан. Барилгын төсөвчдийн холбооны шинжээч зөвхөн засварлах төсвийг гаргаагүй, барилгын дээврийг солих нийт төсвийг гаргуулсан гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр барилгын дээврийг засварлах бус шинээр нь солих шаардлагатай гэж дүгнэсэн. Барилгын норм дүрмийн 8, 9, 10-т заасныг зөрчсөн байх магадлалтай тул солиход шаардагдах 643,592,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Барилгын инженер, зураг төсөл зохиогч нь өөрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх муу материалаар дээврийн ажлыг хийх заавар, зөвлөгөөг өгөөгүй. Тухайн инженер нь нас барахаасаа өмнө хариу тайлбаруудыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хүргүүлж байсан. Хөөн хэлэлцэх хугацааг хуульд зааснаар тоолсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан барилгын дээврийн чанарын доголдлыг арилгахад шаардагдах 643,592,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МХ2-15/01, МХ2-15/01 тоот “Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ /гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний тусгай нөхцөл/” байгуулагдсан, уг гэрээнүүдээр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв газар дээр 2932 м.кв талбайд “*******-2” худалдааны төвийн барилга угсралт, дотор, гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна талбайн тохижилтын хамт 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр ашиглалтад оруулах, 1,395,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, санхүүжилтийн нийт гүйцэтгэл байхаар тус тус харилцан тохиролцжээ.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр “*******” ХХК *******-ийн нэрийг “*******” ХХК болгож 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
3.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/150 тоот дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 48,0*60,0м 1 давхар хүчин чадал бүхий үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Талууд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилга хүлээлцсэн акт үйлдсэн, уг актад “” ХХК 2015 оны 08 дугаар сарын 07-нд МХ2-15/01 тоот гэрээгээр түлхүүр хүлээлгэж өгөхөөр *******-2 худалдааны төвийг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж барилгыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан, туршилт тохируулгын ажлыг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хийсэн, баталгаат хугацаа 3 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, тохируулга зүгшрүүлэлтийн 1 жилээс хойш баталгаат хугацааны дагуу 3 жил, ... дээврийн төмөр хотолзсон, ус олон газраас гоождог, орлогын ханын дагуу ус гоождог гэж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн ажил гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “барилга хүлээлцэх акт”-аар хүлээлгэж өгсөн гэж дүгнэснийг буруутгахгүй юм.
5.1. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч болох хариуцагч компанийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэжээ. Учир нь Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр
-“” үйлчилгээний төвийн барилгын дээвэр нь БНбД 31-07-05-ийн 7 дугаар зүйлийн 7.2 /Хуудаснуудын уулзварыг суурьт бэхлэхдээ хуудаснуудын нугалаас дундуур бэхэлгээ төмөр гүйлгэж Т маягийн догол төмрийг хадаж бэхэлнэ/, 7.3-ын 5 дугаар хүснэгтийг зөрчсөн,
-барилгын дээврийн ажлыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17/2016 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, өөрчлөлтийн зураг төсөл хийлгээгүй, барилгын дээврийн 1 дүгээр тэнхлэгийн дагуу /Ё-3/ тэнхлэгийн хооронд дээврийн металл хавтангийн зөрүүлэг нь эсрэг хийгдсэн, дээврийн хавтанг бэхлэх боолтон холбоосыг хуудаснуудын нугалаасан дээр боогоогүйгээс нүх, сүх их гарсан,
-12 метрийн өргөнтэй дээвэрт дээврийн хавтанг 6 метрээр 2 хувааж гүйцэтгэж уулзвар хэсгийг силиконоор шаваас хийсэн, зураг төсөлд дээврийн хавтангийн уртыг 6 метрээр хуваахаар заагаагүй, дээврийн парпетны малгай төмрийг тэнхлэг /А-Д/-ийн дагуу салхины эсрэг чиглэлд ам дарж хийсэн, ашиглалтын явцад хэрэглээний бага хэмжээний нүх, сүв гаргасан, барилгын дээврийн ажлыг БНбД 31-07-05-ын дагуу гүйцэтгэх шаардлагатай,
-барилгын дээврийн ажлын өөрчлөлтийн зураг төслийг гаргаж зохиогчоор батлуулах шаардлагатай,
-дээврийн парапетны малгай болон бүх боолтон холбоосыг дээврийн нугалаасан дээр бэхлэх шаардлагатай гэжээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж үзэх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой гэж дүгнэнэ.
Улмаар хариуцагч тал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчжээ.
5.2. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний доголдол гаргаагүй гэж маргасан нь үндэслэлгүй болжээ. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МХ2-15/01, МХ2-15/01 тоот “Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ /гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний тусгай нөхцөл/”-ний 9 дэх хэсэгт “гүйцэтгэгч ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ гүйцэтгээгүй буюу маргааны зүйл болсон барилгын дээврийн ажил батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүй байхаас гадна уг ажлыг зураггүйгээр гүйцэтгэсэн байна.
Ажил гүйцэтгэгч тал ийнхүү ажлыг гүйцэтгэхдээ гэрээний холбогдох заалт хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс гадна барилгын ажил гүйцэтгэх мэргэжилтний хувьд уг ажлыг гүйцэтгэхээс татгалзаагүй байна. Захиалагч талын техникийн хяналтын инженер дээврийн ажлын материалыг төмрөөр хийхээр тохиролцож хамтран сонгосон, ажил угсрахыг зөвшөөрсөн гэх байдал нь ажлын зураггүйгээр ажил гүйцэтгэснийг зөвтгөхгүй юм.
Түүнээс гадна уг материалаар дээврийн ажлын гүйцэтгэхэд гүйцэтгэл нь шаардлага хангаагүй нь шинжээчийн дүгнэлтэд “өөрчлөлтийн зураг төсөл хийлгээгүй, барилгын дээврийн 1 дүгээр тэнхлэгийн дагуу /Ё-3/ тэнхлэгийн хооронд дээврийн металл хавтангийн зөрүүлэг нь эсрэг хийгдсэн, дээврийн хавтанг бэхлэх боолтон холбоосыг хуудаснуудын нугалаасан дээр боогоогүйгээс нүх, сүх их гарсан, 12 метрийн өргөнтэй дээвэрт дээврийн хавтанг 6 метрээр 2 хувааж гүйцэтгэж уулзвар хэсгийг силиконоор шаваас хийсэн, зураг төсөлд дээврийн хавтангийн уртыг 6 метрээр хуваахаар заагаагүй, дээврийн парпетны малгай төмрийг тэнхлэг /А-Д/-ийн дагуу салхины эсрэг чиглэлд ам дарж хийсэн” гэж тусгагдсанаар тогтоогдож байна.
5.3. Хариуцагч тал дээврийн ажлын чанарт нэхэмжлэгч талын үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлахдаа барилгын дээвэр дээр 1,000 кг жинтэй хөргөх байгууламж байрлуулсан, нэхэмжлэгч талын ажилчид дээврийн цас цэвэрлэхэд дээврийг гэмтээсэн гэжээ.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “ашиглалтын явцад хэрэглээний бага хэмжээний нүх, сүв гарсан” гэсэн бөгөөд хариуцагчаар баримтаар гаргаж өгсөн гэрэл зургаар уг дүгнэлтэд бичигдсэн байдлыг өргөжүүлж үйл баримтыг тогтоох боломжгүй болно. Иймд нэхэмжлэгч байгууллагын буруутай үйлдлээс дээвэр эвдэрч гэмтсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэнэ.
6. Доголдол арилгуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6.1. Талуудын хооронд үйлдэгдсэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилга хүлээлцсэн актад барилгын баталгаат хугацаа 3 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон байна. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5, 349 дүгээр зүйлийн 349.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар заасантай нийцжээ. Уг хугацааг ажил хүлээн авснаас хойш тоолох бөгөөд ажлыг актаар хүлээлцсэн хугацаанаас тоолох нь зөв юм.
Нэхэмжлэгч талын гомдлыг шаардлага гаргах хугацаа 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох юм. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”-ээр тооцвол 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах учиртай. Нэхэмжлэгч тал 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ.
7. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан, нэхэмжлэгч тал удаа дараа гомдлын шаардлага гаргаж байсан нь “” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 229 тоот албан бичиг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн протокол, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 25/17 тоот актад тусгагдсан үйл баримтаар тогтоогдоно гэснийг үгүйсгэх боломжгүй.
8. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ ажил гүйцэтгэгч хариуцахаар заажээ. Доголдлыг арилгах зардлыг Барилгын төсөвчдийн холбооны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр 643,592,545 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч тал баримтаар няцаагаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг уг хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн зөв болжээ.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,375,913 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА