Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1387

 

 

 

 

 

  2019         09         06                                         2019/ШЦТ/1387

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Баярням /ҮД:0226/,

Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Г.Чингис /ҮД:2895/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У, З.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00475 0945 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

  1. Монгол Улсын иргэн, Дархан хотод 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Англи хэлний 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул сумын хуучин хороолол, 13 баг, 22 дугаар байрны 77 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогтой Бын У /РД:......../,
  2. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 22 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Хуулийн 3 дугаар дамжааны оюутан, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Зэлмэ овогт Зы Э /РД:......./,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

З.Э, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ойролцоох Сэлбэ голын хажууд явж байсан иргэн О.Төгөлдөрийн нүүр хэсэгт цохиж улмаар 275.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-10 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6-7, 10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Төгөлдөрийн өгсөн:  “... Их утаатай байсан болохоор сайн харж чадаагүй. Тэр 3 хүн урдаас ирээд хоорондоо ямар нэгэн юм шивнэж байснаа тулж ирээд нэг нь шууд намайг гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би босоод халаасаа үзтэл миний өмсөж байсан куртикны зүүн талын халаасанд байсан байсан Хуавэй Пи-10 маркийн гар утас маань алга болсон байсан. Түрийвч өмдний халаасанд байж байсан. Цохиулсны дараагаар цээж хавиар жаахан өвдсөн. Одоо өвдөж байгаа юм байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Утсаа би 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тамирын өгсөн: “... Ингээд бид 3 Сэлбийн эрэг дагуух ТҮЦ рүү хүн гүүрний цаана явж байтал өөдөөс нэг залуу алхаад ирж байсан чинь уг залууг У үгийн зөрүүгүй шууд цохиж аваад дээрээс нь дараад куртикнаас нь зуурсан. У хохирогч О.Төгөлдөрийг цохичихоод ямар нэгэн зүйл яриагүй, би Эыг уг хохирогч залуугийн утсыг яаж авсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх.32/,

“Дамно” ХХК-й 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б32-19-328 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх.40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Эын яллагдагчаар өгсөн: “... нөгөө залуу босоод явчихсан ба уг залуугийн унасан газарт нь нэг хар юм байхаар нь очоод хартал гар утас нь байж байсан. Би Б.Ут тэр залуугийн утас нь уначихсан байна шүү дээ гэтэл Б.У зүгээр аваад явчихаа гэж хэлсэн... би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.93-94/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч О.Төгөлдөрийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасан маань үнэн. Хохирогч О.Төгөлдөрийн гар утсыг З.Э газарт байхад нь очиж авсан. З.Э бид хоёр хохирогч О.Төгөлдөрөөс авсан утсаа фэйсбүүк дээр зарна гэж зар тавиад үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан юм... би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...”  гэх мэдүүлэг /хх.97-98/,

Б.Уын хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уянга/хх.31/, Ю.Хүрэлцэцэг/хх.35/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсууд /хх.42, 70/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.43, 51-53, 67-69, 72/,

Эрүүийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх.93-94/,

Хавтаст хэрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хх.99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

З.Э, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн их сургуулийн ойролцоох Сэлбэ голын хажууд явж байсан иргэн О.Төгөлдөрийн нүүр хэсэгт цохиж улмаар 275.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-10 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6-7, 10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Төгөлдөрийн өгсөн:  “... Тэр 3 хүн урдаас ирээд хоорондоо ямар нэгэн юм шивнэж байснаа тулж ирээд нэг нь шууд намайг гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би босоод халаасаа үзтэл миний өмсөж байсан куртикны зүүн талын халаасанд байсан байсан Хуавэй Пи-10 маркийн гар утас маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тамирын өгсөн: “... Ингээд бид 3 Сэлбийн эрэг дагуух ТҮЦ рүү хүн гүүрний цаана явж байтал өөдөөс нэг залуу алхаад ирж байсан чинь уг залууг У үгийн зөрүүгүй шууд цохиж аваад дээрээс нь дараад куртикнаас нь зуурсан. У хохирогч О.Төгөлдөрийг цохичихоод ямар нэгэн зүйл яриагүй, би Эыг уг хохирогч залуугийн утсыг яаж авсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх.32/,

“Дамно” ХХК-й 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б32-19-328 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх.40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Эын яллагдагчаар өгсөн: “... нөгөө залуу босоод явчихсан ба уг залуугийн унасан газарт нь нэг хар юм байхаар нь очоод хартал гар утас нь байж байсан. Би Б.Ут тэр залуугийн утас нь уначихсан байна шүү дээ гэтэл Б.У зүгээр аваад явчихаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.93-94/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч О.Төгөлдөрийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасан маань үнэн. Хохирогч О.Төгөлдөрийн гар утсыг З.Э газарт байхад нь очиж авсан. З.Э бид хоёр хохирогч О.Төгөлдөрөөс авсан утсаа фэйсбүүк дээр зарна гэж зар тавиад үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан юм...”  гэх мэдүүлэг /хх.97-98/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У, З.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У, З.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.У, З.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч О.Төгөлдөр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгдэгч Б.У, З.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Б.У, З.Э нар нь хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Төгөлдөр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.У, З.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.У, З.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Б.У, З.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.У, З.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Б.У, З.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Эд буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ш овогтой Бын У, Зэлмэ овогт Зы Э нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.У, З.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.У, З.Э нарт оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          5. Б.У, З.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Б.У, З.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц З.Эд буцаан олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.У, З.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР