Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1353

 

 

 

 

 

  2019         08         30                                         2019/ШЦТ/1353

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жөд холбогдох 1906 03834 1585 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харьяаллын дагуу 2019  оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, эгч, эгчийн 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 9 дүгээр гудамжны 821 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын Ж /РД:......../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндий аманд үйл ажиллагаа явуулах “Dream adventure” жуулчны баазын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаарын Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, Америк Нэгдсэн Улсын иргэн Памела Чен/Pamela Спеn/-ий 1.950 ам.доллар, 265.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5.444.298 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жийн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Памела Чен /Pamela Спеn/-ний өгсөн: “Ерөнхийдөө албан ёсны орчуулагч байхгүй, тэнд англи хэл мэддэг Пүрэв-Очир гэдэг хүнээр орчуулга хийлгэсэ,н тэгэхээр миний ярьсан зүйлийг хир их тусгасан гэдгийг мэдэхгүй байна... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дүү Brenda Chen-ий хамт Монгол улсад аяллаар ирээд Dream adventure жуулчны баазыг сонгон хүрч ирсэн. Ингээд намайг жуулчны баазын менежер Пүрэв-Очир гэж хүн 13 цагийн зочид буудлаас аваад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага дээндий гэх газар буюу Dream adventure жуулчны бааздаа хүргэсэн. Ингээд тэр өдрөө амрах гэртээ орж цүнхээ үлдээгээд бусад жуулчдын хамт морь унахаар гэрээс гарсан. Гэрээс гарахдаа гэрийн хаалгыг хаагаад гэрээ цоожлоогүй орхисон. Тэгээд тэр өдрөө морь унаад буцаж гэртээ ирэхэд гэрт байсан цүнх хэвэндээ байсан. Цүнх доторх эд зүйлээ гаргахад дүү Brenda Chen-ий цүнхэн доторх зургийн хэрэгслүүд, цаас нь үрчлээтсэн байсан. Тэр үед Brenda Chen-ий цүнхнээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй миний цүнх хөдөлсөн шинжгүй байхаар нь юу ч анзаараагүй. Би тухайн үед өөрийнхөө мөнгийг гурван газар нуусан, 2 нь дугтуйтай мөнгө байсан. Би өөртөө фасктай мөнгийг аваад явж байсан болохоор мөнгөний хэрэг гарахгүй байсан. Тэгээд дүү Brenda Chen 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буцахаар болоод төлбөр мөнгө тушаах болоод мөнгөө хайсан чинь алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний цүнхнээс 1 дугтуйнд 600 доллар байсан, тэр нь дан 100 долларын дэвсгэртүүд байсан. 2 дахь дугтуйнд нь 13 ширхэг 100 долларын дэвсгэрт 1 ширхэг 50 долларын дэвсгэрт байсан. Энэ мөнгөнүүдийг би төлбөртөө тааруулаад хийсэн байсан болохоор нийтдээ яг 1950 доллар байсан. Мөн би нисэхийн онгоцны буудлын АТМ-д 100 доллар хийгээд монгол мөнгө болгож авсан. Тэр 265.000 төгрөг нь дугтуйнаас гадна түрийвчэнд байсан... Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буцна. Би 21 хоногийн аялал хийж байгаа... Би Dream adventure жуулчны баазад уг 1950 доллараас 1350 долларыг өөрийнхөө төлбөрт өгөх ёстой байсан. Үлдсэн 600 долларыг дүү Brenda Chen-ий төлбөрт төлөх ёстой байсан. Үүнээс би дүүгээ явуулахын тулд хот руу орж ирээд картаасаа 600 доллар аваад жуулчны баазын Пүрэв-Очирт төлчихсөн. Энэ хохирлын мөнгийг буцааж төлөхөөр бол Пүрэв-Очирт 1350 долларыг өгөөд үлдсэн 600 долларыг надад өгөх ёстой байх. Гэхдээ намайг явахаас өмнө хохирол барагдуулахгүй бол энэ мөнгийг Пүрэв-Очироор дамжуулаад авах, эсвэл би ирэх жил дахин аяллаар ирэхээр бол төлбөртөө төлнө гэж бодож байна. Мөн монгол мөнгөөр 265,000 төгрөг алдагдсан нь миний мөнгө байгаа юм... Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх. 20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэв-Очирын өгсөн: “Pamela chen нь манай жуулчны баазыг сонгож аяллаар ирсэн. Ингээд манайд төлөх ёстой байсан төлбөрөө хулгайд алдсан учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон. Хэрэв хохирол барагдуулах юм бол манай жуулчны баазын төлбөр мөнгийг өгөх байсан. Одоогоор 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдсэн хохирлыг барагдуулах юм бол би өөрийн жуулчны баазын төлбөр мөнгөө аваад үлдсэнийг нь араас нь Pamela chen-рүү явуулах юм... 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буцаж Америкийн Нэгдсэн Улс руу явсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Намууны өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн дүүтэйгээ хамт манай жуулчны баазад амрахаар ирсэн. Ирээд хоолондоо орчихоод жаахан амарч байгаад морь унахаар дүү болон миний найз залуу буюу Dream adventure Mongolia жуулчны баазын захирал болох Пүрэв-Очирын хамтаар явсан. Мөн тухайн үед байсан 3 жуулчин хамт явсан. Тухайн үед амрахаар ирсэн эгч, дүү хоёр жуулчин 2 номерын гэрт орж эд зүйл ачаа бараагаа үлдээгээд морь унахаар явсан. Ингээд явахдаа өөрсдийн байрлаж байсан 2 номерын гэрийн хаалгыг цоожгүй онгорхой үлдээгээд явсан байсан. Морь унаж байгаад буцаад 18 цагийн орчим жуулчны бааздаа ирсэн. Хоёр жуулчин байрлаж байгаа гэртээ ороход эд зүйл нь байсан газраас нь хөдөлчихсөн байсан гэсэн. Тухайн үед нөгөө хоёр жуулчин тоогоогүй. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2 номерын гэрт байрласан Америкийн Нэгдсэн Улсын жуулчид болох Pamela, Brenda нар нь манайхтай тооцоо хийх гэж байгаад мөнгөө алга болсныг мэдсэн. Тухайн үед 2 жуулчин нийт 1950 доллар болон 265.000 төгрөг орчим мөнгө хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жийн гэрчээр өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойшоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага Дэнди гэдэг газрын өөрийн гэрийн хойд уулын орой дээр гараад жалгаараа доошоо уруудаад жуулчдын байрлаж байсан гэр лүү нь орсон. Тэгээд хар цүнхийг нь уудлаад дугтуйтай байсан 19 ширхэг 100 доллар авсан, дугтуйнаас гадна 20.000 төгрөг байсан тэрийг нь бас аваад тэр оройноо шууд Налайх дүүрэг рүү яваад нөгөөдөр нь буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн ХААН банк дээр солиулж  5.038.000 орчим төгрөг болсон. Тэгээд би солиулсан мөнгөөрөө 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот орж мотор, тасдагч, дрил, гагнуурын аппарат, өөртөө хувцас, нөүт-5, самсунг эс-7 плас маркын гар утас, идэж уух зүйл аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх. 28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бын өгсөн: “Манай хүү Ж Налайхад 2019 оны 05 дугаар сард цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байгаа, мөн хүн дагаж гадуур гагнуурын ажил хийж байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэртээ ирэхдээ ахынхаа машинтай гагнуурын аппарат, зүсэгч, дрилл, мотор зэрэг эд зүйл болон ах, дүү нартаа хувцас, хунар аваад хүрч ирсэн. Тэгэхээр нь би барилга дээр ажиллаж байгаад олсон мөнгөөрөө авсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх.30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Золзаяагийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3467 дугаартай:

1. Шинжлэгдэж буй 1,2,3 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Б.Жийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Б.Жийн зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1,4 дугаартай гарын мөрүүд харьцуулах загварт ирүүлсэн Б.Жийн гарын дардас болон гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй” гэх дүгнэлт /хх.33/,

“... Монгол банкны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар АНУ-ын доллар 2.656.05 төгрөг байна. Үүнийг 1950 доллараар үржүүлэхэд 5.179.298 төгрөг болж байна. Нийт хохирол 5.179.298+265.000=5.444.298 төгрөг...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх. 40/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх. 3-11/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага дээндийн аманд байрлах гэрээсээ гараад уулын амаар жалгаар доошоо уруудаад явж байгаад жуулчны баазын 6-7 гэрийн хажуугаар явж байгаад эхний гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэр дотор орсон. Тэгээд баруун талын орон дээр байсан хар өнгийн үүрдэг цүнхийг онгойлгоход дотор нь дугтуйтай 1800 билүү 1900 доллар байхаар нь авсан. Тэгсэн дугтуйны хажууд нь 20000 төгрөг байхаар нь бас авсан. Тэгээд тэндээс гараад тэр орой нь Налайхад байдаг гэртээ очиж хоносон. Маргааш өдөр нь Налайхын Хаан банк ороод долларыг бэлэн мөнгөөр солиулахад 5.038.000 төгрөг болсон. Тэгээд тэр мөнгөөр идэж уух юм, хувцас хунар, мотор, гагнуурын аппарат, тасдагч, дрилл, тасдагчийн ир, электрод, өөртөө хувцас хунар аваад бүх мөнгөө дуусгасан..., Урд нь хулгай хийж байгаагүй, Үхэр малаа хариулаад тэр жуулчны баазын хажуугаар нь явж байсан..., Би бэлнээр 20.000 төгрөг авсан. Доллар нь 1800 билүү 1900 доллар байсан..., Дандаа 100 долларын дэвсгэртүүд байсан. Нэг зуут нь 10, 20 долларын дэвсгэртүүд байсан..., 3.650.000 төгрөгийг ХААН банкаар дамжуулан Пүрэв-Очирын дансанд хийлгэсэн гэсэн. Одоо үлдэгдэл хохирол төлбөрийг нь барагдуулна..." гэх мэдүүлэг /хх. 50-51/,

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, эмчийн бичиг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэх мэт шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндий аманд үйл ажиллагаа явуулах “Dream adventure” жуулчны баазын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаарын Монгол гэрт хууль  бусаар нэвтрэн орж, Америкийн Нгэдсэн Улсын иргэн Памела Чен/Pamela Спеn/-ий 1.950 ам.доллар, 265.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 5.444.298 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Америк улсын иргэн Памела Чен /Pamela Спеn/-ний өгсөн: “... Ингээд тэр өдрөө амрах гэртээ орж цүнхээ үлдээгээд бусад жуулчдын хамт морь унахаар гэрээс гарсан. Гэрээс гарахдаа гэрийн хаалгыг хаагаад гэрээ цоожлоогүй орхисон. Тэгээд тэр өдрөө морь унаад буцаж гэртээ ирэхэд гэрт нь байсан цүнх нь хэвэндээ байсан. Цүнх доторх эд зүйлээ гаргахад дүү Brenda Chen-ий цүнхэн доторх зургийн хэрэгслүүд нь цаас нь үрчлээтсэн байсан. Тэр үед Brenda Chen-ий цүнхнээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй миний цүнх хөдөлсөн шинжгүй байхаар нь юу ч анзаараагүй. Би тухайн үед өөрийнхөө мөнгийг гурван газар нуусан 2 нь дугтуйтай мөнгө байсан... Тэгээд дүү Brenda Chen 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буцахаар болоод төлбөр мөнгө тушаах болоод мөнгөө хайсан чинь алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний цүнхнээс 1 дугтуйнд 600 доллар байсан тэр нь дан 100 долларын дэвсгэртүүд байсан. 2 дахь дугтуйнд нь 13 ширхэг 100 долларын дэвсгэрт 1 ширхэг 50 долларын дэвсгэрт байсан. Энэ мөнгөнүүдийг би төлбөртөө тааруулаад хийсэн байсан болохоор нийтдээ яг 1950 доллар байсан. Мөн би нисэхийн онгоцны буудлын АТМ-д 100 доллар хийгээд монгол мөнгө болгож авсан. Тэр 265.000 төгрөг нь дугтуйнаас гадна түрийвчэнд байсан...” гэх мэдүүлэг /хх. 20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Намууны өгсөн: “... Хоёр жуулчин байрлаж байгаа гэртээ ороход эд зүйл нь байсан газраас нь хөдөлчихсөн байсан гэсэн. Тухайн үед нөгөө хоёр жуулчин тоогоогүй. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2 номерын гэрт байрласан Америкийн Нэгдсэн улсын жуулчид болох Pamela, Brenda нар нь манайхтай тооцоо хийх гэж байгаад мөнгөө алга болсныг мэдсэн. Тухайн үед 2 жуулчин нийт 1950 доллар болон 265.000 төгрөг орчим мөнгө хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойшоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага Дэнди гэдэг газрын өөрийн гэрийн хойд уулын орой дээр гараад жалгаараа доошоо уруудаад жуулчдын байрлаж байсан гэр лүү нь орсон. Тэгээд хар цүнхийг нь уудлаад дугтуйтай байсан 19 ширхэг 100 доллар авсан, дугтуйнаас гадна 20.000 төгрөг байсан, тэрийг нь бас аваад тэр оройноо шууд Налайх дүүрэг рүү яваад нөгөөдөр нь буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн Хаанбанк дээр солиулж  5.038.000 орчим төгрөг болсон. Тэгээд би солиулсан мөнгөөрөө 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот орж мотор, тасдагч, дрил, гагнуурын аппарат, өөртөө хувцас, нөөт-5, самсунг эс-7 плас маркын гар утас, идэж уух зүйл аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх. 28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бын өгсөн: “... Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэртээ ирэхдээ ахынхаа машинтай гагнуурын аппарат, зүсэгч, дрилл, мотор зэрэг эд зүйл болон ах, дүү нартаа хувцас хунар аваад хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Золзаяагийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3467 дугаартай:

1. Шинжлэгдэж буй 1,2,3 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Б.Жийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Б.Жийн зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх.33/,

“... Монгол банкны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар АНУ-ын доллар 2.656.05 төгрөг байна. Үүнийг 1950 доллараар үржүүлэхэд 5.179.298 төгрөг болж байна. Нийт хохирол 5.179.298+265.000=5.444.298 төгрөг...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх.40/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-11/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Жийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага дээндийн аманд байрлах гэрээсээ гараад уулын амаар жалгаар доошоо уруудаад явж байгаад жуулчны баазын 6-7 гэрийн хажуугаар явж байгаад эхний гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэр дотор орсон. Тэгээд баруун талын орон дээр байсан хар өнгийн үүрдэг цүнхийг онгойлгоход дотор нь дугтуйтай 1800 билүү, 1900 доллар байхаар нь авсан. Тэгсэн дугтуйны хажууд нь 20.000 төгрөг байхаар нь бас авсан. Тэгээд тэндээс гараад тэр орой нь Налайхад байдаг гэртээ очиж хоносон. Маргааш өдөр нь Налайхын ХААН банк ороод долларыг бэлэн мөнгөөр солиулахад 5.038.000 төгрөг болсон. Тэгээд тэр мөнгөөр идэж уух юм, хувцас хунар, мотор, гагнуурын аппарат, тасдагч, дрилл, тасдагчийн ир, электрод, өөртөө хувцас хунар аваад бүх мөнгөө дуусгасан...” гэх мэдүүлэг /хх. 50-51/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүчхэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Б.Жийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Б.Ж нийт 5.444.298 төгрөг нөхөн төлж хохирлыг барагдуулсан учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Жийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Жөд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Жөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Ж урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Бын Жыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Жөд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Жөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Б.Ж урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын нийт 5.444.298 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Жөд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР