| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2025/00060/И |
| Дугаар | 210/МА2025/01140 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/01140
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03229 дугаар шийдвэртэй,
*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
*******, *******, ******* нарт холбогдох
******* ХХК-ийн *******т ногдох хувьцааны хэсгийн 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь, тамга, тэмдгийг Монголын Нотариатчидын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******тай 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас том хүү ******* 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, бага хүү ******* 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн.
1.2. Талийгаач ******* нь ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, компанийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж, 4 хувьцаа эзэмшигчтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.3. Тус компанийн энгийн хувьцааны 25 хувийг *******, 25 хувийг , 25 хувийг *******, 25 хувийг ******* нар эзэмшдэг. ******* нь компанийн төлөө нойр хоолгүй зүтгэсний дүнд нэлээдгүй амжилтад хүрч чадсан. Гэвч ******* 2023 оны 02 сарын 28-ны өдөр нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй, гарз тохиосон.
1.4. Түүнийг нас барснаас хойш нэг жил өнгөрсний дараа ХХК-ийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх гэрчилгээ авахаар удаа дараа хандахад баримт бичгийн эх хувийг шаардаж, эх баримтгүй тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй талаар хэлсэн. ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай удаа дараа биечлэн уулзах, утсаар болон мессежээр харьцаж, компанийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж, өвийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулж авахыг хүссэн боловч, тэд ямар нэгэн шалтаг, шалтгаанаар компанийн бичиг баримтыг эх хувиар өгөхөөс татгалзаж байсан төдийгүй хувьцаа эзэмшигчээс татгалзах, хувьцааны эрхээ 30 сая төгрөгөөр худалдах санал тавих зэргээр цаг хугацаа алдуулж, өнөөдрийг хүрч байна.
1.5. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч болох талийгаач *******ын эхнэр ******* болон түүний төрсөн хүүхдүүд болох *******, ******* нарыг ******* ХХК-ийн хувьцааны *******т ногдох хувьцааны хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоож, ХХК-ийн хувьцааны *******т ногдох хэсгийг өвлөх өвийн эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтууд болох ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн эх хувь, тамга тэмдэг зэргийг Монголын Нотариатчидын Танхимд гаргаж өгөхийг, ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч *******, *******, нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2023 оны 02 сарын 28-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, 528.2 дахь хэсэгт өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч нар нь хуулийг зөрчиж, 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
2.2. Бидний хувьд үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс тамга, гэрчилгээг эхээр нь өгөх боломжгүй байсан. Учир нь өвлөх эрхийн гэрчилгээг авахад заавал гэрчилгээ, тамгыг эхээр нь авч явах хуулийн шаардлага байхгүй байсан тул өгч явуулаагүй. Харин эх хувь адил нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгч явуулсан. Харин нэхэмжлэгч нар нь 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг авахаар нотариатад хандах болсон нь хариуцагч нараас шалтгаалсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Нотариатчид хэдэн оны, хэдэн сард, хэрхэн хандсан талаар баримт байхгүй байна. Нэгэнт өвлөх эрхээ алдсан нэхэмжлэгч нарт компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг өгч явуулах боломжгүй. Энэ нь компанийн өмч юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгийн эх хувийг хариуцагч *******, *******, ******* нараас гаргуулж өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх ХХК-ийн хувьцааны *******т ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2023 оны 02 сарын 27-ны өдөр нас барснаар өв нээгдсэн гэж үзнэ. Харин түүний өвлөгч нар нь Иргэний хуульд заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргах үүрэгтэй ба гаргаагүй тохиолдолд өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж зохицуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг дээрх хуульд заасан хугацаанд хүсэлт, өргөдлөө гаргаагүй тул өвлөх эрхээсээ татгалзсан, эрхээ алдсан хэмээн маргадаг. Харин нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргахад хариуцагч нар саад учруулсан гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгч нар нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ нэг жил өнгөрсний дараа гаргасан болох нь Нотариатчдын танхимд гаргасан хүсэлтийн огноогоор тогтоогддог. Нэгэнт эрхээ алдсан өвлөгч нарт компанийн тамга, дүрэм, гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй. Энэ шаардлагууд нь хоорондоо хамааралтай атал шүүх буруу дүгнэсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгийн эх хувийг даалгуулах нэхэмжлэлийн төрөл нь дангаар хэрэгждэггүй.
4.2. Компанийн тамга, гэрчилгээ, дүрэм зэрэг нь компанийн үндсэн баримт бичиг бөгөөд өмч юм. Хэн нэгэнд эх хувиар нь өгч явуулах боломж байхгүй тул нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Гэтэл тус баримт болон тамга зэргийг нотариатчдын танхимаас эх хувиар нь авч ирэхийг шаардсан байна. Нотариатын тухай хууль болон үйлдэл хийх журамд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахад баримт бичгийг эх хувиар нь авч ирэх шаардлага огт тавигдаагүй. Нотариатч шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас тодруулга авахаар хүсэлт гаргах эрхийг олгосон. Энэ хүрээнд Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх асуудлаар тодруулга авч, өмчийн байдлыг тодорхойлох эрхтэй юм. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлж, баримт гаргуулаагүй атлаа хуульд тусгагдаагүй шаардлага тавьж, өвлөгчийг эрхийг зөрчсөн. Энэ зөрчилд нь хариуцагч хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч нь хуульд заасны дагуу эх хувьтай адилд тооцогдох нотариатаар баталгаажуулсан хувийг нэхэмжлэгчид өгсөн. Иймээс эх хувиар нь тамга, дүрэм, гэрчилгээг өгөх эрх зүйн үндэслэл байхгүй.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаар компанийн 3 хувьцаа эзэмшигчийг татсан. Гэтэл энэхүү 3 хувьцаа эзэмшигч нь компанийн хурлыг хуралдуулахгүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, тогтоол гараагүй тохиолдолд энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийг биелүүлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талийгаач ******* нь тухайн компанийг анх үүсгэн байгуулсан бөгөөд өвчний улмаас нас барсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2, 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа холбогдох байгууллагад мэдэгдээгүй тохиолдолд өвийг хүлээж авсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нар талийгаач *******ын эзэмшдэг ******* ХХК-ийн 25 хувийн хувьцааны эрхийг 100 хувийн өвлөгчөөр эхнэр болон хүүхдүүдэд нь олгож өгөхийг хүссэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК-ийн *******т ногдох хувьцааны 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь тамга тэмдгийг Монголын Нотариатчидын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ******* ХХК-ийн *******т ногдох хувьцааны 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хийсэн дүгнэлт алдаатай болсныг залруулах боломжтой байна.
******* 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. болон ******* нар нь 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байсан, тэдний дундаас хүү *******, ******* нар төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо өвлөгчөөр тогтоолгох гэсэн байхад анхан шатны шүүх өмчлөгч гэж буруу тодорхойлж, шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт бичсэн нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй.
3.2. Хариуцагч *******, *******, ******* нар нь *******ын өвлөгчид биш тул тэд өвийн маргааны хариуцагчид биш юм. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох учиртай.
Үүнээс гадна хариуцагч нарт *******ын өвийн маргаан хамааралгүй тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасан өв нээгдэх, 528 дугаар зүйлд заасан өв хүлээн авах, татгалзах журам, 531 дүгээр зүйлд заасан өвийн гэрчилгээ олгох хугацаа алдсан эсэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нар энэ шийдвэр гарах хүртэл хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигчид биш болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймд нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан компанийн ээлжит бус хуралд худалдуулах санал гаргах эрхгүй байна.
******* ХХК-ийн *******т ногдох хувьцааг өвийн журмаар шилжүүлэн авч компанийн хувьцаа эзэмшигч болсны дараа холбогдох шаардлагыг гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
5. Анхан шатны шүүх *******ын өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичгийг өв нээгдсэн газрын нотариатчид ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу хариуцагч *******, *******, ******* нар гаргаж өгөхийг даалгахаар хийсэн дүгнэлт нь зөв боловч энэ баримт бичигт тамга, тэмдэг орж буй талаар шийдвэрлэхдээ огт дүгнэлт өгөөгүй байна.
5.1. Монголын нотариатчдын танхимын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 тоот албан бичигт ...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн боловч уг шаардлага нь хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, аливаа байгууллагын албан бичигт дурдсан үйл баримт болгон зөв байх боломжгүй.
5.2. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 43.2 дахь хэсэгт зааснаар өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, ... өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтыг үндэслэх учиртай.
Нэхэмжлэгч нар нь нас барагч *******ын өв болох ******* ХХК-ийн хувьцааг өвлөж авахтай холбоотойгоор өвийг нотлохоор тус компанийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотариатчийн шаардсанаар гаргаж өгөх үүрэг хүлээх юм.
Иймд нэхэмжлэлээс компанийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар нь гаргуулж өв нээгдэх газрын нотариатчид өгөхийг хариуцагч талд даалгаснаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах нь зүйтэй. Харин өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх үйлдлийг хийсний дараа нотариатч нь уг баримтуудыг эх хувиар нь хариуцагч нарт хүлээлгэж өгөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх арга, журам заахтай нийцэх юм.
Харин ******* ХХК-ийн тамга, тэмдэгт тухайн компанийн хувьцааны талаар мэдээлэл агуулахгүй тул Нотариатын тухай хуульд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой үйлдэл хийхэд өвийн зүйл болсон хөрөнгийг нотлох баримтад хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт тамга, тэмдэг эд мөрийн баримт байхад түүний эх хувийг гаргуулахаар тодорхойлсон нь алдаатай болсныг тэмдэглэх нь зүйтэй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг тус тус эх хувиар нь гаргуулж өв нээгдэх газрын нотариатчид хүлээлгэн өгөхийг *******, *******, ******* нарт даалгаж, *******, *******, ******* нарт холбогдох ******* ХХК-ийн хувьцааны *******т ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах тухай *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлэж дууссаны дараа ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг тус тус эх хувиар нь *******, *******, ******* нарт буцаан өгөхийг өв нээгдэх газрын нотариатчид даалгасугай гэж оруулж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан нэхэмжлэгчээс гэснийг нэхэмжлэгч нараас гэж, хариуцагчаас гэснийг хариуцагч нараас гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА