Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4741

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2068419 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьяан гүний гудамж, 3-т байрлах “Баттрейд Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХА76030711 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, шархад 1-22 тоотод  оршин суух Боржигон овогт Бороожийн Түмэнтулгад холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.532.494 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Баттрейд Си” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Түмэнтулга нь манай компанид 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр борлуулагч албан тушаалд ажилд орсон. Тэр тус компанитай 8 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ, 9 тоот барьцааны гэрээг ажилд орсон өдрөө буюу 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Гэрээгээр эхний ээлжинд 15.000.000 төгрөгөөс хэтрэхгүйгээр бараа зээлээр авч худалдах талаар талууд тохирсон. Б.Түмэнтулга барьцааны гэрээнд өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархад 1 гудамж, 22 тоот хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2204021283 бүртгэлийн дугаартай 291 мкв талбайтай газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү2204017811 дугаартай 72 мкв хувийн байшинг барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү төлбөрийг эцсийн байдлаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоогоо дуусгахаар тохирсон. Тохирсон хугацаа өнгөрснөөс хойш манай компаний зүгээс Б.Түмэнтулгатай удаа дараа уулзахаар дуудсан ч Б.Түмэнтулга энэхүү хугацаанд төлбөр мөнгөө төлөх арга хэмжээ аваагүй бөгөөд ямар нэгэн тайлбар өгөөгүй.

Иймд Б.Түмэнтулгаас 2014 оны 6 дугаар сарын 06ны өдөр байгуулсан 8 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 16.354.996 төгрөг, үндсэн өр төлбөрийн 50 хувиар хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход 8.177.498 төгрөг, нийт 24.532.494 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Баттрейд Си” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 24.532.494 төгрөгийн 8.177.498 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 16.354.996 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, шүүхийн шийдвэр бичгээр гаргахад төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.  

                                                                                         

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Баттрейд Си” ХХК нь хариуцагч Б.Түмэнтулгад холбогдуулан гэрээний үүрэгт 24.532.494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Баттрейд Си” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага бололх 24.532.494 төгрөгийн 8.177.498 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 16.354.996 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч “Баттрейд Си” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 24.532.494 төгрөгийн 8.177.498 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 16.354.996 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Түмэнтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.613 төгрөгийн 50 хувь буюу 140.306 төгрөгийг улсын орлогоос, 140.306 төгрөгийг, хариуцагч Б.Түмэнтулгаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Баттрейд Си” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ