| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0744/Э |
| Дугаар | 742 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч: Ц.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэцэгмаагийн Анхбаярт холбогдох эрүүгийн “1909022720769” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа “Солонгос хувцасны дэлгүүр“ ажиллуулдаг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ........... регистерийн дугаартай, Бэсүд овогт Цэцэгмаагийн Анхбаяр,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар
дүүргийн 3 дугаар хорооны нутаг Сөүлийн гудамжинд хохирогч Д.Ганбаатартай үл
ялих зүйлээр шалтаглан маргалдаж, газар унагаан нүүрэн тус газар нь нэг удаа
өшиглөж, биед хамрын хянга ясны хугарал, хамрын хянганд шарх буюу хөнгөн
хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 5, 9/, Ц.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6693 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/, Ц.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг Сөүлийн гудамжинд иргэн Д.Ганбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Ганбаатарын /хх-ийн 5, 9/: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө “Чоко” бааранд үйлчлүүлж байгаад үл таних залуутай маргалдаад баарнаас цуг гарсан. Тэгээд урд талын байранд очиход Анхбаяр гэх залуу миний хүзүүнээс зуурч намайг газар унагааж, миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Ц.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-21/: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө “Хүүхдийн 100”-ийн “Чоко” бааранд бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу над руу ирээд “чи яагаад дунд хуруу гаргаад байгаа юм бэ?” гэсэн. Би Ганбаатар гэх тэр үл таних залууд “би бүжиглэж байна, намайг тайван орхи” гэж хэлэхэд “тэнэг бацаан амжихгүй шүү!” гээд баарнаас гарсан...Гадаа гартал “эр хүн шиг үзье, цагдаа сэргийлэхэд хандахгүй биз дээ” гээд миний шилэн хүзүүнээс гараараа барьж түлхэхээр нь...би суган доогуур нь ороод шидэж газар унагаагаад нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Д.Ганбаатарын биед “хамрын хянга ясны хугарал, хамрын хянганд шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6693 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Аын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Ганбаатар нь “...Ц.А бид 2 эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, мөн түүний “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Цэцэгмаагийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Ц.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ