Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 389

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                 

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Алтансүхэд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Соёмбо,

Ялтан Г.Алтансүхийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,  

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Алтансүхийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн 201626020945 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Гансүхийн Алтансүх, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Усны 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг,

         

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: АЕ88092372/,   

          Г.Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан “дуугарах юм бол ална” гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж, шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн гар утас, хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн,

          Мөн урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан “дуугарах юм бол ална” гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж, шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

          Урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, төгсөөгүй завдалтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн мянга” худалдааны төвийн зүүн талд замын үерийн далангийн орчим М.Будхандад хүч хэрэглэн үснээс чирч жалганд оруулан амыг нь таглан “ална, хүчиндэнэ” гэж заналхийлэн шанаан тус газарт нь алгадах зэргээр өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Алтансүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Г.Алтансүхийг хохирогчид хүч хэрэглэж хурьцал үйлдсэн, хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Алтансүхэд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхийн цагдан хоригдсон 120 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Г.Алтансүхийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Алтансүхийг давтан үйлдлээр хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Г.Алтансүхэд хохирогч М.Будхандыг хүчиндэх санаа, зорилго байгаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 18-аас 19 цагийн орчим уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед нар жаргаагүй, гэгээтэй байсан бөгөөд эргэн тойронд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байсан. Ийм нөхцөлд шууд барьж авч хүчиндэх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрч Доржсэмбэ ”Гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудалцаад замын хажуугийн жалга руу орж байна гэж харсан” гэж мэдүүлсэн байдаг. Түүний энэ үйлдэл танхайрах гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.  

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн 1000” орчим уг хэрэг үйлдэгдсэн бөгөөд хөндлөнгийн гэрч “гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр муудалцаж байгаа юм шиг харагдсан” гэж байна. Хохирогч М.Будханд болон гэрч нарын мэдүүлгээр Г.Алтансүх нь хохирогчийг “дуугүй байхгүй бол чулуугаар цохиж ална шүү” гэж хэлж хүчиндэхийг завдсан нь нотлогдож байх тул давтан үйлдлээр хүчиндэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Учир нь, Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг:

          “Г.Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан “дуугарах юм бол ална” гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж, шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн гар утас, хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн,

          Мөн урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан “дуугарах юм бол ална” гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж, шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

          Урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа төгсөөгүй завдалтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн мянга” худалдааны төвийн зүүн талд замын үерийн далангийн орчим М.Будхандад хүч хэрэглэн үснээс чирч жалганд оруулан амыг нь таглан “ална, хүчиндэнэ” гэж заналхийлэн шанаан тус газарт нь алгадах зэргээр өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Г.Алтансүхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “давтан үйлдлээр” гэсэн шинжийг орхигдуулсан байна.

Мөн прокуророос Г.Алтансүхэд холбогдох “бусдыг хүчиндсэн болон хүчиндэхийг завдсан” гэх хоёр үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн байхад нэг зүйлд зааснаар ял оногдуулж алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Г.Алтансүхийг “бусдыг хүчиндэхийг завдсан” эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд давхар тооцсон атлаа ял шийтгэл оногдуулаагүй орхисон байна.   

Түүнчлэн Г.Алтансүх нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн ба уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байх ба шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг тогтоохдоо тэнсэгдсэн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан хэмээн дүгнэсэн нь уг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.       

Иймд анхан шатны шүүхээс Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон бусад хуулийг зөв ойлгон хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу баримтжуулсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ