| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 201526012084 |
| Дугаар | 131 |
| Огноо | 2016-05-13 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131
О.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 224 дүгээр магадлалтай, 201526012084 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Г-, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт О-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.А-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хохирогч Н.Г- нь нэхэмжлэх зүйлгүй, О.А- нь хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.А-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Ш.Эрдэнэцэцэг, хохирогч Н.Г- нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Н.Г- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний буруу мэдүүлгээс болж хууль буруу хэрэглэсэн байна. О.А- нь намайг санаатай, болгоомжгүй хутгалсан, эсвэл хутга алдсан юм уу гэдгийг би нарийн сайн санахгүй байна. Би буруу мэдүүлэг өгсөндөө хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, О.А-г санаатай ийм хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч О.А- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Хохирогч Г- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд маш олон удаа худал, үнэн мэдүүлэг өгсөн нь энэ хэргийн үнэн, мөнийг алдагдуулж байна. Дуудлагаар ирсэн цагдаа хэргийн газрын бодит зургийг авч баталгаажуулсан хэдий ч компьютероос нь устсан гэж хэсэг хугацааны дараа манай гэрт очоод баахан зураг аваад хэрэгт хийсэн. Цагдаагийн ажилтан хүн өөрөө нотлох баримтаа арилгаж, ажилдаа хайхрамжгүй хандсанд гомдолтой байна. Миний хувьд санаатайгаар энэ хэргийг хийгээгүй. Миний бие хутганаас нь салгах гэж оролдоод хохирогч миний толгой руу цохиод авахаар нь зууралдаад буйдан руу түлхэхэд замд байсан сандалд тээглээд давхралдаж унахдаа Г- ах өөрийгөө хутгалсан. Хутга булаацалдах үед миний гарт үүссэн шархаар нотлогдоно. Хэрэг гарах үед нотлох баримтаар авагдсан хутга нь өөр хутга байсныг хэргийн материалтай танилцаж байхдаа мэдсэн. “Би барьж байсан хутгандаа өөрөө өөрийгөө гэмтээчихсэн” гэж үнэнээ хэлж чадахгүй байгаа ийм л хэргийн талаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... А- нь анхнаасаа Г-т хүнд гэмтэл учруулах санаа, зорилго байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй. Шүүгдэгч, хохирогч хоёрын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргаагүй. Хохирогчийн гомдлоор тухайн хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэдэг нь харагдаж байна. Иймд тухайн хэргийн эргэлзээтэй байдлуудыг тогтоохын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хохирогчийн биед учирсан гэмтэл, шарх, гэмтлийн зэрэгт дүгнэлт хийхэд хохирогчид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр биш, хоёр удаагийн хутгалалтаар үүссэн байх тул болгоомжгүй үйлдсэн гэж үзэх боломжгүй. Иймд шүүх бусдын биед санаатай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч О.А- нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын зам 3-05/а тоот өөрийн гэртээ Н.Г-тай маргалдаж, түүний цээж, зүүн мөр рүү нь хутгалж “цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч өрц, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол гэмтээсэн аюулхай өвчүү хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, хурц цус багадалт, зүүн бугалганд шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүх дээрх тогтоосон үйл баримтыг “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь О.А-гийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
О.А- нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хохирогч Н.Г-ийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгч О.А-гийн “Г- ах өөрийгөө хутгалсан”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 224 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Н.Г-, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ