| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 110/2024/0084/З |
| Дугаар | 001/ХТ2025/0071 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Сонгууль, Татвар, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2025/0071
Ш.А***-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн
Татварын газрын татварын улсын байцаагч
Б.А***-т холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0016 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2025/0255 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2025/0316 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б*** (№***), хариуцагч Б.А*** (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж**** нарыг оролцуулан, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Ш.А***-ээс Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А***-т холбогдуулан “... тус байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсаар “Ш.А***-ийг сонгуулийн данс нээх, бүртгүүлэх үүргээ зөрчсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.Ш.А***-ээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... сонгуулийн зардлын данс нээгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломжгүй, нэр дэвшигч тус бүр зардлын данс нээх үүрэггүй, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-т зааснаар ... сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг зохион байгуулах эрхтэй, миний элссэн нам нь Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргахдаа сонгуулийн зардлын нэг данстай байхаар шийдвэрлэсэн буюу сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар намын Төв байгууллагын 2024 оны С/05 дугаар тогтоол гарч, тус тогтоолын 4 дэх заалтаар ... нэр дэвшиг тус бүрээр аль нэг банканд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэж, сонгуулийн зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн хуульд заасан хугацаанд төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхээр Удирдах зөвлөлд даалгасан, үүний дагуу нэр дэвшигч тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, сонгуульд оролцсон, намын дотоод үйл ажиллагаанд төрөөс оролцох, буруутгах эрхгүй, тухайн үед намын нэг данстай байхыг буруутгасан, нэр дэвшигч бүр данс нээхийг шаардаагүй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт сонгуулийн зардлын данс нээгээгүй гэдэг зөрчил байхгүй, тус хуульд заагаагүй ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэх үндэслэлгүй, сонгуулийн зардлын данс бүртгүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй ...” гэж тодорхойлон маргасан.
2.1.Хариуцагчаас “... сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээх, тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх, бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан, Сонгуулийн тухай хуулиар данс нээж, бүртгүүлэх үүрэгтэй, Улс төрийн намын тухай хуулийг сонгуулийн харилцаанд холбон тайлбарласан нь үндэслэлгүй, Ш.А*** нь Э*** нам (****)-аас нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан ...” гэх агуулгаар эс зөвшөөрөн хариу тайлбар гаргасан байна.
3.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.А***-ийн Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Ш.А***-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А***-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2025/0316 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2025/0255 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Гомдол гаргагч Ш.А*** Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Э*** нам (***)-аас сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээлгээгүй үйлдлээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4-т заасныг тус тус зөрчсөн.
6.2.Анхан шатны шүүхээс дээрх зөрчлийг … Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх журмыг зөрчсөн … гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс … Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь … сонгуулийн тухай хууль зөрчсөн маргаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж сонгуулийн үйл ажиллагаанд холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэглэх, сонгуульд оролцогч уг хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй боловч давж заалдах шатны шүүхээс үүнийг намын дотоод үйл ажиллагаанд холбон тайлбарлаж, гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгахааргүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
6.3.Гомдол гаргагч Ш.А*** нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ гэснийг зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй)-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан ба энэ нь хууль зүйн практикт өмнө нь тодорхойлоогүй, шинэ асуудал, үзэл баримтлал, зарчмыг бий болгосон шийдвэр буюу хууль зүйн хэрэглээний шинэ чиг хандлага гэж үзэж байна.
6.4.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан эс зөвшөөрсөн агуулгаар бичгээр тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
9.Э**** нам (****)-ын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг Э*** нам (***)-аас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсүгэй”, 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж тус тус тогтоосныг үндэслэн гомдол гаргагч Ш.А*** нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Э*** нам (****)-аас нэр дэвшихдээ өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээлгээгүй байна.
10.Маргаан бүхий акт болох улсын байцаагчийн 2024 оны **** дугаартай шийтгэлийн хуудсаар “... сонгуульд нэр дэвшигч Ш.А*** нь сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх ... үүргээ биелүүлээгүй” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчилд хамаарна гэж үзэж Ш.А***-т 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
11.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
12.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгэх үүрэгтэй болохыг “болон” гэдэг холбоосоор хууль тогтоогч хоёрдмол утгагүй зааж, энэхүү дансыг ямар хугацаанд нээлгэж, хэнд бүртгүүлэхийг тодорхой зохицуулжээ.
13.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т “шударга ёсыг сахих” гэж тэгш шударга ёсыг сахиж, нээлттэй, ил тод сонгуульд өрсөлдөх замаар сонгогдох эрхийг хэрэгжүүлэх зарчмыг хуульчилсан бөгөөд дээр тусгасан “нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг данстай байх” зохицуулалт нь сонгуулийн хууль бус санхүүжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, улмаар тэгш шударгаар өрсөлдөх сонгуулийн үйл ажиллагааны зарчмаас үүдэлтэй.
14.Иймд, сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн зардал бодитоор гаргасан эсэх, хандив авсан эсэхээс үл хамааран сонгуулийн зардлын дансыг өөрийн нэр дээр нээлгэж, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээх бөгөөд сонгуулийн зардлын данс нээлгээгүй, бүртгүүлээгүй эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “сонгуулийн зардлын данс бүртгүүлэх, мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж, данс нээх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчилд тооцогдохоор байна.
15.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шүүх магадлалын Хянавал хэсгийн 2.11-д “… сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд Э*** нам (****)-аас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулгыг сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар хийж гүйцэтгэн зөвхөн Э*** нам (****)-ын өөрийн албан ёсны цахим хуудаснууд болон олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх, сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж” шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагч Ш.А***-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэж буруутгахааргүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
16.Харин Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “… Хууль тогтоогчоос “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” буюу “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй” тохиолдолд зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тодорхойлсон бөгөөд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар холбогдох хуульд “сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг л данс нээлгэх, тухайн зардлын дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” байхаар зохицуулсан байх тул гомдолд гаргагчийн “Зардлын данс нээгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсэхгүй. Зардлын данс нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
17.Гэсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийн тухайд, маргаан бүхий актын эрх зүйн зөрчилтэй эсэхийг тогтоох гол үндэслэлийг зөв тодорхойлж дүгнээгүй байна. Тухайлбал, Э*** нам (****)-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж тодруулга хүссэн ба хорооноос “нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлыг тухайн нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь зөвхөн намын өөрийн хөрөнгөөр зарцуулах байдлаар хариуцаж байгаа тохиолдолд нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой юм” гэх хариуг өгсөн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
18.Өөрөөр хэлбэл, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих”, 7.1.6-д “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” гэж тус тус зааснаар сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооноос “нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой” гэх байр суурийг илэрхийлсэн энэ тохиолдолд, нэр дэвшигчийн хувьд тусдаа сонгуулийн данс нээлгээгүй нь зөрчилд тооцогдохгүй гэх хууль ёсны итгэлийг бий болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д тусгасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх үндэслэл бүрдсэн байна.
19.Мөн шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, шинжид тохирсон байх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
20.Харин аливаа нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхтэй хэдий ч уг эрх нь гагцхүү тухайн намын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудалд хамаарна. Тодруулбал, аливаа нам нь нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо тухайн харилцааг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүргийг хүлээх тул сонгуулийн эрх зүйн харилцааг журамласан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-т тусгасан нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгэх, бүртгүүлэх үүргийг тогтоосон нийтийн эрх зүйн хэм хэмжээг улс төрийн намын дотоод үйл ажиллагаа, эрх хэмжээний хүрээнд хамааруулж, намын дотоод шийдвэрээр дагаж мөрдөхгүй байх хууль зүйн боломжгүй юм.
21.Иймд дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2025/0255 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Ш.А***-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А***-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, ТОГТООХ хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ