Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1792

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00632 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

56 303 329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “ХХХХ” ХХК-тай захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж, 99.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 800 ам.доллараар тооцож, нийт 179 460 ам.доллар төлж бариулсан. Бариулсан орон сууцны талбай 99.7 м.кв хүрэхгүй юм шиг санагдсан тул барилгын мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “ХХХ” ХХК-иар 2016 оны 4 дүгээр сард хэмжилт хийлгэсэн.

Хэмжилтээр орон сууцны талбайг 83.92 м.кв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан. 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартыг 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Барилга барьж буй хувийн хэвшлийн компаниуд дээрх стандартыг мөрдөх ёстой тул би “ХХХХ” ХХК-ийг бүх норм стандартын дагуу ажилласан гэж итгэж 99.7 м.кв талбайн үнийг бүрэн төлсөн. Гэтэл 15.78 м.кв дутаж, “ХХХХ” ХХК-д 28 404 ам.долларыг илүү төлж хохирсон байна. Иймд 15 78 м.кв талбайн төлбөрт төлсөн 28 404 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулах үед орон сууцны барилга бүрэн гүйцэд баригдаагүй, гүйцэтгэл дутуу байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ бүхий орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 5 дугаар сараас барьж эхлэн 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Иргэний хууль болон Барилгын тухай хууль, бусад хуулийг мөрдлөгө болгон тухайн үеийн айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журмын дагуу ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч ХХХ нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан, 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлж байгаа орон сууцны барилгын доторхи талбайг тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартын дагуу 28 404 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч ХХХ-ны гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.3, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 56 303 829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХХ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 439 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн бодит үнэнд нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болж “ХХХХХХ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироож байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндэслэлгүй нотолгоогүй, хоорондоо шалтгаант холбоогүй дүгнэлт хийсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.  

            Нэхэмжлэгч ХХХ орон сууцны талбайн зөрүүнд 56 303 329 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ 15.78 м.кв дутуу болох нь тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс MNS 6058:2009 стандартын дагуу хийсэн хэмжилтээр тогтоогдсон тул зөрүү үнийг гаргуулна гэснийг хариуцагч “ХХХХХХ” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, захиалгын дагуу барьсан орон сууцны талбайн хэмжээг тухайн үеийн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоосон, улмаар Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан, мөн энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

            Нэхэмжлэгч ХХХаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “ХХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын зураг төслийн ажлын тусгай зөвшөөрлийн хуулбарыг  гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг гаргах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх тул нотлох чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иймд эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нэхэмжлэлийн үндэслэл нотлогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцээгүй байна. /хх12-13/

            Түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл маргаан бүхий 3 өрөө орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан, мөн уг байрны өмчлөх эрх анх ХХХХХХ-д 2010 оны 1 дүгээр сарын 10-нд үүссэн, орон сууцыг захиалгаар бариулах гэрээг 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан талаар дурджээ. Хэргийн дээрх үйл баримт, нөхцөл байдлыг эрх зүйн ямар үр дагавар үүсгэхийг цаг хугацааны дарааллаар нь харьцуулан үнэлж, зохигчдын хооронд чухам ямар төрлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай, хэрэгт  авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх нотлох баримтыг цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нотлох баримт гаргахтай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 439 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ