Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.М нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Х.Н, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 684 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.М нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.М 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” Б/368 дугаар тушаалын Ч.М холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласанаар тооцон” гаргуулах, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 684 дүгээр шийдвэрээр:

“Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” Б/368 дугаар тушаалын Ч.М холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.М Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласаны зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М гаргасан “төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Ч.М Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “Албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” тул албан тушаалыг нь бууруулан томилсон гэж тайлбарласан боловч дээр дурдсан үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад тусгаагүйгээс уг захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь ажлын байр өөрчлөн томилсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын “Үндэслэх” хэсэгт “Дотоодын цэргийн тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг тус тус нэмэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/200 дугаар тушаалаар мөн даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын “Үндэслэх” хэсэгт дээрх заалтыг тус тус нэмсэн.

2. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Дотоодын цэргийн тухайд хуулиар Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тухайн хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 32.1-т дотоодын цэргийн алба хаагч Цэргийн албаны тухай хуульд заасан нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангасан байхаар хуульчилжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 11.1-т “офицерын алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байх”-аар заасан.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албаны үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг явуулсан шалгалтаар нэхэмжлэгч нь ангийн захирагчаас 2018 онд бичгээр хүргүүлсэн удаа дараагийн үүргийг биелүүлэх талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, шинээр томилогдсон алба хаагчдыг сурган дадлагажуулах төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 67 дугаар зүйлд заасан “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын үүрэг”-ийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус ангийн алба хаагчдын дунд сахилга, дэг журам алдагдах эрсдэл үүсч, алба хаагчдын дундаас албан үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх, сахилгын зөрчил гаргах, эрүүгийн хэрэгт холбогдох тохиолдлууд гарсан.

Мөн шалгалтын хүрээнд тэрээр ажлын цаг ашиглалтын талаар 2018 оны 3 дугаар сараас хойш өглөө, оройны нэгдсэн арга хэмжээг 13 удаа тасалсан, ажлын 2 хоног тасалсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдож, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлага, зорилго, зорилтыг хангахгүй байгаа нь тогтоогдсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад эрх зүйн ямар нэг үнэлэлт өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчлөх үндэслэлийн нэг болох 2 хоног ажил тасалсан гэх асуудлыг “санхүүгийн албан ёсны баримтаар тогтоогдоогүй, цалин бүтэн олгосноос үзэхэд дээрх зөрчил хангалттай тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчийн зүгээс шалгалтын хүрээнд тогтоогдсон ажлын цаг ашиглалтын талаарх бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлж, уг баримтыг үгүйсгэж буй ажил тасалсан гэх өдрүүдийн цалин хөлс яагаад бүрэн олгогдсон талаарх тайлбарыг шүүх хуралдааны үеэр холбогдох албан тушаалтнаас гаргуулсан.

Түүнчлэн шүүх хариуцагчийг “анхнаасаа хариуцагч захиргааны байгууллага уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгчийг албан үүрэг гүйцэтгүүлж байсан тул “цэргийн команд” мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 1-нд Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжиж, дотоодын цэрэг байгуулагдахаас өмнө дээрх анги нь “Хамгаалалтын 3 дугаар газар” гэх нэршилтэй байсан бөгөөд албаны үйл ажиллагаа, алба хаагчийн эрх зүйн байдал нь цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байснаас гадна нэхэмжлэгчийн эрхэлж байсан дэд бөгөөд харуул хамгаалалтын хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагад “цэргийн команд” гэх мэргэжилтэй байхыг тусгайлан заагаагүй байсан. Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулагдах болсонтой холбогдуулан ангийн штабын дарга албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод эрх зүйчээс гадна цэргийн командын мэргэжилтэй байх шаардлага тавигдсан.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилсөн шийдвэрийг “хууль бус” гэж шүүх үзэж буй нь үндэслэлгүй гэж байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын тушаалын “Үндэслэх” хэсэгт нэмэлт оруулахаар шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/200 дугаар тушаалаа мөн даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын “Үндэслэх” хэсэгт Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг тус тус нэмж, холбогдох шийдвэрийг Ч.М 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр өөрт нь гардуулан өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд “54.1.8.энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн байхад гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд хариуцагчийн тайлбарт энэ талаар дурдсан боловч анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ч.М гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын маргаан бүхий тушаалыг хянаж хэвээр үлдээн шийдвэрлэхдээ уг шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан, түүнчлэн тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй”, 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд одоогийн дагаж мөрдөгдөж байгаа уг хуулийн 75 дугаар зүйлд ч үүнтэй агуулгын хувьд адил зохицуулалт үйлчилдэг.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлийн дээрх тогтоолд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хянаж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1513 дугаар тогтоолоор түүнийг өмнө ажиллаж байсан албан тушаалаас бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах, өргөдлийн дагуу хуульд заасан арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг хүссэн;

-Цагдаагийн ерөнхий газраас үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдох асуудлыг дахин хянан шийдвэрлүүлэхээр хариу тайлбарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн болохоо тус газрын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 50/635 дугаар албан бичгээр Ч.М мэдэгдсэн;

-энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 371 дүгээр албан бичгээр тушаал үндэслэлгүй болохыг дүгнэж, нөхцөл байдлыг судалж үзэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргаас дахин хүссэн, Ч.М шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Төрийн албаны зөвлөлийн гомдлыг хянасан “шийдвэр”-үүдэд нэхэмжлэгчийг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь тогтоогдохгүй, Ч.Мөнхчулууныг албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон талаар тус тус дүгнэсэн байдаг.

Төрийн албаны тухай өмнөх болон одоогийн хуулиар эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцээгүй бол өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ч, Төрийн албаны зөвлөлөөс тушаалыг хүчингүй болголгүйгээр дээрх байдлаар асуудалд хандсан нь хариуцагчийн зүгээс эс биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан гэх “зөрчил”-д оногдуулсан хариуцлага давхардсан шинжтэй байгаагаас гадна түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэмжээний зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Учир нь маргаан бүхий тушаал гарахаас 5 хоногийн өмнө буюу Дотоодын цэргийн штабын даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар “Хүлээсэн үүрэг, хариуцлагадаа хайнга хандаж, захирагчаас өгсөн үүргийг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг 1 сарын 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан, энэ нь “…2018 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ангийн хариуцлагатай эргүүлээр томилогдсон боловч харуул, хоногийн манааг удирдан, үүрэг чиглэлээр хангаж ажиллаагүйн улмаас тус ангиас Нийслэлийн цагдаагийн хүрээний ёс журмын рапорт, ангийн хоногийн нөхцөл байдлын мэдээгээр удаа дараа зөрчил заагдсан…” тул сахилгын шийтгэл оногдуулах тухай Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн саналыг үндэслэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс үүнийг тусдаа зөрчил гэж тайлбарлах боловч ажлын цаг ашиглалтын талаар нэхэмжлэгчийг буруутгасан ангийн захирагчийн саналд энэ нь цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр хамаарахаар байна.

Өгсөн үүрэг, даалгаврын биелэлт хангалтгүй, ангийн албан хаагчдын дунд зохион байгуулсан удирдах албан хаагчдын манлайлан сэдэвт санал асуулгын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ч, мөн хэрэгт буй үр дүнгийн гэрээний биелэлтээр 2017 онд “А” үнэлэгдэж, ажлын үр дүнгээр удаа дараа цалингийн нэмэгдэл авсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 87, 2018 оны 24 дүгээр зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шалгагдсан байгаагаас үзэхэд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Дотоодын цэргийн 805 дугаар ангид 2018 оны 4 дүгээр сарын 18-26-ны хооронд явуулсан шалгалтын ажлын дүнд “…7 хоног, сар, жилийн төлөвлөгөөний биелэлт гаргаагүй байсныг нөхөн гаргаж үзүүлсэн, сахилга хариуцлага дээшлүүлэх чиглэлээр 16 үүрэг, ажлын чиглэл өгч, тухай бүрт биелэлт тооцсон, шинээр 3 албан хаагч томилогдож сургаж дадлагажуулах төлөвлөгөө гаргасан боловч энэ дагуу ажил зохион байгуулаагүй, 2018 оны 2 сарын 18-наас 3 сарын 5 хүртэл төлөвлөгөө тэмдэглэл байхгүй бөгөөд энэ хугацаанд 2017 оны ээлжийн амралтын дутууг нөхөн авсан гэж тайлбарласан гэж дүгнээд “…2018 оны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллагаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан цэргийн команд гэсэн мэргэшлийн шаардлага хангахгүй, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтээр илүүдэл жинтэй байх тул ажлын байрыг өөрчлөх санал гаргажээ.

Түүнчлэн Ч.М ажлын байрыг өөрчлүүлэх талаарх ангийн захирагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн саналд тусгагдсан “...албан хаагчдын дундаас албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх, сахилга ёс зүйн зөрчил гарган, гэмт хэрэгт холбогдон шалгагдах зөрчил гарсан…” талаарх ямар ч нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй, тодруулах ажиллагаа явуулаагүйгээс гадна биеийн илүүдэл жин нь тушаал гарах үндэслэл болоогүй гэдгийг давж заалдах шатны шүүх хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан 2018 оны 1 сард батлагдсан ажлын байрны тодорхойлолтод “эрх зүйч, цэргийн команд” гэсэн шаардлага тавигдсан ч, үүнээс өмнө “эрх зүйч” шаардлага байсан, үүнийг нэхэмжлэгч хангаж байгаа төдийгүй ажлын байрны энэхүү “зэрэгцээ” шаардлагыг аль алиныг нь хангасан байхыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй, энэ утгаар ч ойлгогдох учиргүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН