| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0753/Э |
| Дугаар | 752 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 752
2019 08 09 2019/ШЦТ/752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Я.Мөнхзаяа,
шүүгдэгч: Г.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гонгорын Батдоржид холбогдох эрүүгийн “1909024730806” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, найз эмэгтэйн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7 дугаар гудамж 20в тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 3 дугаар гудамжны 23в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, .... регистерийн дугаартай, Адууч овогт Гонгорын Батдорж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын арын “НВОК” оффисын барилгын В1 давхарт хохирогч Ё.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 6, 8-10/, Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7771 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/, Г.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-56/, Ё.Одгэрэлийн хүсэлт /хх-ийн 80/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Туушин” зочид буудлын арын “НВОК” оффисын барилгын В1 давхарт Ё.Одгэрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ё.Одгэрэлийн /хх-ийн 6/: “... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим би салсан нөхөр Батдоржийн ажил болох “Туушин” зочид буудлын арын оффисын барилгын гадаа очсон. Охин маань манайд нэг эмэгтэй байгаад байгаа гэхээр нь миний уур хүрээд ажил руу нь орох гээд лифт дарсан чинь Батдорж өөдөөс гараад ирсэн. ...Намайг гараа зангидаж байгаад зүүн шанаа руу 2 удаа цохисон. Дахиад 1 удаа их хүчтэй цохиход нь баруун чихээрээ хана мөргөсөн. Би зугтах гэсэн чинь хоёр гарнаас бариад тавихгүй байсан. Намайг түлхсэн чинь би газар унасан. Миний цүнхнээс татаад цүнхний оосор тасалсан. Манай 5 настай охин хажууд байсан. Гарнаас тавихгүй болохоор нь би тавиулах гэж гарыг нь цохиж маажсан. Ер нь бол биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлсэн...” гэх мэдүүлгээр,
Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 62-63/: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15-17 цагийн үед ажлын лифтэнд Одгэрэлтэй таарсан чинь орж ирээд миний толгой руу цүнхээрээ гараараа олон удаа цохисон. В1 давхарт би Одгэрэлийн зүүн хацарт нь 2 удаа алгадсан. Бид зууралдсан. Олон нийтийн газар тайван байхыг би Одгэрэлээс шаардсан. ...Одгэрэл өөрөө эхэлж ийм нөхцлийг гаргасан. Бүтэн жилийн турш намайг хэл амаар доромжилсон. Энэ гэмтэлтэй холбоотойгоор 2.000.000 төгрөг нэхэмжилсэн...” гэх мэдүүлгээр,
Ё.Одгэрэлийн биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн шанаа хацар, эрүүнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн бугуй, хүзүү, зүүн гуяанд цус хуралт бүхий шинэ гэмтлүүд, баруун зүүн бугалга, цээж, зүүн шуу, баруун тохой, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хуучин цус хуралт” мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7771 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Батдожийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Бийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ё.Одгэрэл нь “... би Г.Бтой эвлэрсэн, 1.000.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адууч овогт Гонгорын Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ