Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01142

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2025/03806 дугаар шийдвэртэй

 

*******ы нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

125,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг 2006- 2009 оны 04 дүгээр сар хүртэл эзэмшиж байсан. Тус компаниас гарах үед Ашигт малтмалын ашиглалтын *******, ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн эх гэрчилгээ, геологийн баримт материал, тайлан зэрэг мэдээ, мэдээллүүд, зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг компаниас надад шилжүүлж өгөхөөр тохиролцож, үүнээс хойш 2015 оныг хүртэл эзэмшсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ээлжит жилийн төлбөр төлөх зорилгоор Ашигт малтмалын газарт очиж уулзахад *******, ******* тоот тусгай зөвшөөрлүүд байхгүй, тусгай зөвшөөрлийн эх гэрчилгээг оффис нүүлгэхдээ алга болгосон гэх үндэслэлээр хүчингүй болгож, компанид , дугаараар тусгай зөвшөөрлүүдийг дахин олгосон тухай мэдсэн.

1.2. Би Ашигт малтмалын ашиглалтын *******, ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн 2009-2010 онд 6,061,314+7,746,228 төгрөг, нийт 13,807,542 төгрөг, 2010-2011 онд 5,100,400+6,503,300 төгрөг, нийт 11,603,700 төгрөг, 2011-2012 онд 7,239,900+5,678,000 төгрөг, нийт 12,917,900 төгрөг, 2012-2013 онд 4,158 ам.доллар+5,302 ам.доллар буюу 9,460 ам.доллар, 2013-2014 онд 4,950 ам.доллар+4,102 ам.доллар буюу 9,052 ам.доллар, 2014-2015 онд 7,692,700+9,284,350 төгрөг буюу нийт 16,977,050 төгрөг, 2015 онд 5,947,000 төгрөг, нийт 18,512 ам.доллар ба 47,445,650 төгрөг нийт 125,405,450 төгрөгийг ******* ХХК-ийн нэрийн өмнөөс өөрийн тусгай зөвшөөрлийн төлбөр гэж үзэж Ашигт малтмалын газарт тус тус тушаасан.

1.3. ******* ХХК-иас 2 тусгай зөвшөөрлийг буцаан авах боломжгүй болж байгаа учир уг тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс Ашигт малтмалын газарт төлсөн 2 тусгай зөвшөөрлийн 2009-2015 онуудын ээлжит жилийн төлбөр болох 125,405,450 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчээс 2009 оноос 2015 оны хооронд тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн мөнгөө шаардаж байгаа. Гэтэл одоогийн компанийн төлөөлөгч 2019 онд хуульд заасан үндэслэлээр компанийг худалдаж авч, эрхийг шилжүүлж авсан.

2.2. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас нэхэмжлэгч ******* хэдэн төгрөг төлсөн, өөрөө тухайн төлбөрийг төлсөн эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс эдгээр мөнгөн хөрөнгүүдийг байгууллагын зүгээс төлөгдсөн гэж тайлбарладаг.

Иймд хариуцагч компани 125,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 125,405,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 784,978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт *******" ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу тусгай зөвшөөрлүүдийг *******д шилжүүлснээр тухайн 2 тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлсөн гэх агуулгаар дүгнэлт хийжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар хуульчилсан ба анхан шатны шүүхээс үнэлсэн нотлох баримт болох 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хэлцлээр тухайн тусгай зөвшөөрлүүд *******ы нэр дээр шилжсэн гэж үзэхгүй. Тодруулбал, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь иргэн хүнд шилжих боломжгүй байтал хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчид шилжсэний улмаас маргаан бүхий төлбөрүүдийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

4.2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй", "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж тус тус заасан.

******* нь хариуцагчид шилжүүлсэн ямар хөрөнгийг буцаан шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд "*******" ХХК-ийг хөрөнгө олж авсан этгээд гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд хариуцагч нь ямар нэгэн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан уг хөрөнгө нь хариуцагч байгаа эсвэл захиран зарцуулсан байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч "*******" ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй харин Ашигт малтмалын газарт холбогдох төлбөр, хураамжийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс "хөрөнгө олж авсан этгээд" буюу хариуцагчийг "*******" ХХК гэж тодорхойлсон ба тус этгээд нь хууль зүйн утгаараа маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд байгаа этгээдийг ойлгох бол "үүрэг гүйцэтгэгч этгээд" гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг ойлгоно.

Түүнчлэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг 3 нөхцөл байдал бий болсноор шаардах эрх үүссэн байхыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д буюу хуулиараа шаардаж байна. Гэтэл талуудын хооронд үүссэн ямар үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн, тухайн үүрэг нь хожим дуусгавар болсон эсвэл хүчин төгөлдөр бус болсон, үүнтэй холбоотой ямар ч үүргийн харилцаа үүсээгүй байх гэсэн 3 урьдчилсан нөхцөлийн аль нь талуудын хооронд бий болсныг нэхэмжлэгч тодорхойлж чадаагүйгээс гадна, анхан шатны шүүх дээрх 3 урьдчилсан нөхцөлийн аль нь талуудын хооронд бий болсон талаар, гэрээний бус үүргийн зохицуулалтын урьдчилсан нехцөлийг нарийвчлан шүүхийн шийдвэрт дүгнэлгүй, тодорхой бус байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг хангалттай бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хуулийн үндэслэлийн аль хэсэг нь маргааны үйл баримтад нийцсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Тодруулбал, шүүх гэрээний бус үүрэгтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй, энэ талаар мэтгэлцсэн хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт дүгнэж, тухайн тайлбарыг хүлээн авах боломжгүй нөхцөлд энэ талаар няцаалт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүхээс шаардах эрхийн үндэслэл нь 01 тоот хэлцлийн үндсэн дээр ******* нь маргаан бүхий төлбөрүүдийг төлж байсан талаар дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй" гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлжээ. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон 01 тоот хэлцэлд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангахтай холбоотой төлбөр тооцоог "*******" ХХК-ийн өмнөөс ******* төлөх талаар үүрэг хүлээсэн нэг ч тохиролцоо байхгүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зохицуулсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03609 дугаартай шүүхийн шийдвэрт ...харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдэх боловч уг хэлцлээр шилжүүлсэн зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй..." гэснийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

4.4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан ба энэхүү гомдолд ******* тухайн хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж буй нөхцөлд *******" ХХК нь ямар нэгэн хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан байхыг шаардах талаар, гомдлын 4.1-д нэхэмжлэлийг хангах болсон хуулийн үндэслэл нь хожим үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон талаар тус тус дурдсан.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах болсон хууль зүйн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хуулийн урьдчилсан нөхцөл болох *******ы хөрөнгийг "*******" ХХК авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно" гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх үндэслэлд хамаарах боломжтой талаар анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн болно. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй" гэх үндэслэлд хамаарч байна. Бусдын хөрөнгийг өөрийн хөрөнгөөр хэмнэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлсэн этгээд энэ тухайгаа ердийн боломжит хугацаанд тухайн шаардлагыг хариуцах этгээдэд мэдэгдээгүй тохиолдолд шаардах эрхээ алдаж, нөгөө этгээд нь хохирол, зардал төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд ийнхүү мэдэгдээгүй нь шаардлага гаргачийн өөрийнх нь буруутай байдлаар буюу эс үйлдэхүйгээр илэрхийлэгддэг.

Хуулиар тогтоож буй "ердийн боломжит хугацаа" гэдэг нь шаардлага гаргагчийн зүгээс өөрийн гаргасан зардал, түүний тооцоог нотолсон баримтыг бүрдүүлэн шаардлагаа хариуцагчид амаар болон бичгээр мэдэгдэх, хүргүүлэхэд зарцуулагдах боломжит хугацаа юм. Уг хугацаа нь тухайн байдлаас шалтгаалах хэдий ч, илэрхий урт удаан хугацаанд мэдэгдээгүй нь шаардлага гаргагчийн буруутай холбоотой бол тэрээр шаардах эрхээ алдах учиртай.

Хариуцагч талаас дээрх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, гэрээний бус үүргийн нарийвчилсан зохицуулалтыг анхаарч, түүнийг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ. Анхан шатны шүүхүүд гэрээний бус үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхдээ түүнийг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг анхаарахгүй нийтлэг алдаа гаргаж буйг дурдах нь зүйтэй байна.

4.5. Нэхэмжлэгч ашигт малтмалын газарт төлсөн 2 тусгай зөвшөөрлийн 2009-2015 оны ээлжит жилийн төлбөр болох 125,405,450 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас шаардах эрхтэй болохоо эргэлзээгүйгээр нотлож чадаагүй, анхан шатны шүүх нотолгооны үүргийн хуваарилатыг буруу тодорхойлсон.

Нэхэмжлэгч *******ы 2009-2015 онуудад 2 тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гээд Ашигт малтмалын газраас ирүүлсэн нотлох баримтыг үндэслэлээ болгосон. Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газраас ирүүлсэн банкны орлогын мэдүүлэг, хүснэгтэн мэдээлэл зэргийг нэг бүрчлэн тулгаж үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 лицензний төлбөрийг Баяртөгс" төлсөн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 лицензний төлбөрийг "Бат-Эрдэнэ гэх хүн төлсөн боловч санхүүгийн баримтгүй, бусад 2011 оны 12 дугаар сарын 08, 2012 оны 12 дугаар сарын 08, 2014 оны 12 дугаар сарын 08, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрүүдийг хэн төлсөн талаарх баримтад гарын үсгийн тайлал байхгүй, хэн төлсөн болох нь тодорхой бус байтал шүүх тухайн төлбөрүүдийг ******* төлсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газраас ирүүлсэн баримтуудаар нотлогдоно гэснийг анхан шатны шүүх хүлээн авч, нотлогдсон гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл тухайн нотлох баримтууд нь гарын үсгийн тайлалгүй, нэхэмжлэгч гарын үсэг зурж төлбөр төлсөн болох нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байхад анхан шатны шүүх түүнийг үнэлж, шүүхийн шийдвэрийг үндэслэлээ болгосон. Улмаар хариуцагч нь уг төлбөрийг төлсөн талаараа нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Зүй нь, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүйгээр нотлож, холбогдох баримтууд нь түүний нэхэмжлэлд дурдсан, тодруулбал, тухайн төлбөрүүдийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр төлсөн гэдэг үйл баримтыг хөтөлбөргүйгээр нотолсон нөхцөлд хариуцагч түүнийг няцаах үүргийг хуулиар хүлээх учиртай. Ийнхүү учир дутагдалтай нотлох баримтуудыг үндэслээд шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* зөвшөөрөлд төлсөн гэх 7,239,900 төгрөг, ******* зөвшөөрөлд төлсөн гэх 5,678,000 төгрөг /8 дахь жилийн төлбөр/, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* зөвшөөрөлд төлсөн гэх 5,829,557 төгрөг, ******* зөвшөөрөлд төлсөн гэх 5,302 ам.доллар 19 дэх жилийн төлбөр/, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* зөвшөөрөлд төлсөн гэх 7,692,700 төгрөг /жилийн төлбөр/, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 12294A зөвшөөрөлд төлсөн гэх 5,947,000 төгрөг /жилийн төлбөр/ зэрэг баримтуудад нэхэмжлэгч ******* эсвэл түүний хамаарал бүхий этгээд болох , нарын гарын үсэг биш, гарын үсгийн тайлалд тэдгээрийн нэр байхгүй байтал анхан шатны шүүхээс эдгээр баримтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар дүгнэж, уг төлбөрүүдийг нэхэмжлэгч төлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдох хураамжийг төлөхдөө ам.доллараар төлсөн гээд нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцжээ. Гэтэл Ашигт малтмалын газраас ирүүлсэн баримтад төлбөрийг төгрөгөөр тооцож авсан болох нь тогтоогдсон. Тухайлбал, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийг 4158 ам.доллар төлсөн гэх боловч Ашигт малтмалын баримтад 5,829,557 төгрөг төлсөн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийг 4950 ам.доллар, 4102 ам.доллар төлсөн гэх боловч баримтад 8,529,939 төгрөг, 7,068,648 төгрөг гэж тус тус бичигдсэн.

Түүнчлэн, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хураамжийн төлбөр нь нэхэмжлэх дээрээ 4949,7 ам.доллар байтал 5302 ам.доллар төлөгдсөн байдаг. Илүү төлсөн төлбөрийн зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй талаар мөн л шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11184 тоот дабан бичгийн хавсралтаас үзвэл 2 тусгай зөвшөөрлийн төлбөрт нийтдээ 97,373,920 төгрөгийг төлсөн болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө ү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь 2009 онд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гарахдаа 3 тусгай зөвшөөрлийг авсан. 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд байх хэлцэлд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан.

Ашигт малтмалын тухай хуульд жил бүрийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор зохицуулсан. Өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон үйл баримт байхгүй бөгөөд ******* ХХК тусгай зөвшөөрлүүдийг одоог хүртэл өөрсдөө эзэмшиж байгаа. Мөн захиргааны шүүхийн шийдвэр болон иргэний шүүхийн шийдвэрт 2015 онд ******* ХХК тусгай зөвшөөрлийг буцааж авсан талаар дүгнэсэн. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ******* тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан ба Ашигт малтмалын газраас ирүүлсэн баримтаар мөн тогтоогддог.

Давж заалдах гомдолд ам.долларын талаар дурдсан. 2009-2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуульд жил бүрийн төлбөрийг ам.доллароор төлөх ёстой гэж заасан. Уг хуульд 2021 онд өөрчлөлт орсон. Тухайн үед ам.долларын төлбөрийг жилд хэрхэн төлөх талаар зохицуулсан болохоос Монгол банкны ханш огт яригддаггүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 125,405,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03609 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00449 дүгээр магадлалаар дараахь үйл баримтыг тогтоожээ. /1хх 102-113/ Үүнд:

3.1. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2009 онд 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 гэж дугаарласан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс ******* гарахдаа өөрт ногдох хөрөнгө болгон авсан ашигт малтмалын ашиглалтын ашиглалтын *******, , ******* дугаартай тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгүүдийн хамт *******д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Уг гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох гэснийг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул уг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа.

3.2. Уг хэлцлээр шилжүүлэгдсэн зүйл байхгүй болохыг дурдсан.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

4. Дээр дурдсан хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хэлцэл хийгч талууд хэн алиндаа шилжүүлсэн зүйл байхгүй гэж шүүх дүгнэсэн нь ашигт малтмалын ашиглалтын ашиглалтын *******, , ******* дугаартай тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээд болох ашигт малтмалын газраас иргэн *******ы нэр дээр шилжүүлээгүй, ******* нь ******* ХХК-д хэлцлээр аливаа хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүйг ойлгоно.

Өөрөөр хэлбэл ******* ХХК нь ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, ******* тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс тус тус эзэмшиж байсан, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12994А дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газраас *******, ******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй тооцож, шинээр , дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлүүд хэн нэгний эзэмшилд шилжээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь *******, ******* ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2009-2015 оны үед эзэмшиж байхдаа тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлсөн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь тусгай зөвшөөрөл олгосон албан ёсны баримт болох бөгөөд гэрчилгээг эзэмшиж буй этгээдийг тусгай зөвшөөрлийн эзэмшигч гэж тодорхойлохгүй юм. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлд нэр бичигдсэн этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшигч ******* ХХК огт өөрчлөгдөөгүй болно.

 

6. Нөгөөтэйгүүр, ******* ХХК нь 2009-2015 оны тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг өөрөө төлсөн гэх тайлбар гаргаагүй болно.

 

7. Дээрхээс дүгнэвэл ******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр 2009-2015 оны хугацаанд хүчингүй болоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т заасан "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлэх бөгөөд 2009-2015 онд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь эзэмшигч болох ******* ХХК-д байсан, 2009-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдснөөр тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

8. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар ******* ХХК-ийн төлөх тусгай зөвшөөрлийн 2009-2015 оны төлбөрийг ******* төлсөн, энэ хэмжээгээр ******* ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн байх тул ******* нь тусгай зөвшөөрөлд төлсөн мөнгөн хөрөнгийг ******* ХХК-иас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдснаас үүсэх үүрэг болох хэн алинаасаа авсан зүйлийг буцаан шилжүүлэх үүргийн хүрээгээр тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

9. Нэхэмжлэгч *******ы буцаан шаардах эрхийн хэмжээг 125,405,450 төгрөгөөр анхан шатны шүүх тодорхойлж дүгнэсэн тооцооллын хувьд алдаатай боловч нотлох баримтыг үнэлгээний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэнэ. Учир нь:

9.1. Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийн шаардлагын хэмжээг 2009-2010 онд 6,061,314+7,746,228 төгрөг, нийт 13,807,542 төгрөг, 2010-2011 онд 5,100,400+6,503,300 төгрөг, нийт 11,603,700 төгрөг, 2011-2012 онд 7,239,900+5,678,000 төгрөг, нийт 12,917,900 төгрөг, 2012-2013 онд 4,158 ам.доллар+5,302 ам.доллар буюу 9,460 ам.доллар, 2013-2014 онд 4,950 ам.доллар+4,102 ам.доллар буюу 9,052 ам.доллар, 2014-2015 онд 7,692,700+9,284,350 төгрөг буюу нийт 16,977,050 төгрөг, 2015 онд 5,947,000 төгрөг, нийт 18,512 ам.доллар ба 61,337,718 төгрөг нийт 125,405,450 төгрөг гэж тодорхойлжээ.

9.2. Харин анхан шатны шүүх дугаар тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 7 746 228 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 7 дахь жилийн төлбөр 6,503,300 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 8 дахь жилийн төлбөр 7,239,900 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 9 дахь жилийн төлбөр 7,433,457.02 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 10 дахь жилийн төлбөр 8,529,939 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 11 дэх жилийн төлбөр 9,284,350 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дахь жилийн төлбөр 7,177,100 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус,

дугаартай тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 6,061,314 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 7 дахь жилийн төлбөр 5,100,326.40 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 8 дахь жилийн төлбөр 5,678,000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 9 дахь жилийн төлбөр 5,829,557.58 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 10 дахь жилийн төлбөр 7,068,648.44 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 11 дэх жилийн төлбөр 7,692,700 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дахь жилийн төлбөр 6,029,100 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлсөн гэж дүгнэснийг залруулах боломжтой.

9.3. Уг төлбөрүүдээс ******* тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,746,228 төгрөгийг , ******* дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4101.18 ам долларыг , ******* дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7,692,700 төгрөгийг нар төлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн төрөл садангийн лавлагаагаар нь *******ы төрсөн ах, мөн газрын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн төрөл садангийн лавлагаагаар нь *******ы төрсөн хүү болохыг тус тус тодорхойлсон, уг баримтуудыг хариуцагч тал няцаагаагүй байна. Иймд хариуцагч талын холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

9.4. Нэхэмжлэгч тал төлбөрт 18,512 ам.доллараар төлсөн гэх боловч 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөх нэхэмжлэхэд 4,949.7 ам.доллар төлөх байтал 5,302 ам.доллар төлсөн байх бөгөөд зөрүү 352.3 ам.долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул хасч тооцно.

Иймд нэхэмжлэгч тал ам.доллараар шаардах хэмжээг 18,159.7 /18,512-352.3/ ам.доллараар тооцож нэхэмжлэгч тал шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан үеийн байдлаар 1 ам.доллар 3,453.44 төгрөгтэй тэнцэх үнэ цэнээр тодорхойлбол 62,713,434 төгрөгөөи тогтоох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасан нь ам.доллараар тодорхойлогдох үүрэг гүйцэтгэх үеийн үнэ цэнэ гэж тайлбарлах юм.

9.5. Хариуцагчийн төлбөр зохих төлбөрийн хэмжээ 124,051,152 /61,337,718 +62,713,434/ төгрөг болох бөгөөд энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн хүрээнд шаардах эрхийн хугацааг 10 жилээр тооцно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дахин олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан *******ы нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үеэс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасныг үндэслэвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт тооцоолол болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2025/03806 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 124,051,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 1,354,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 784,978 гэснийг 778,206 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Э.ЗОЛЗАЯА